Орхон аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Өдөр бүр авто болон явган эргүүлийг зохион байгуулж, хоёр чиглэлд дөрвөн албан хаагч авто эргүүл, мөн дөрвөн албан хаагч 10:00-14:00 цагийн хооронд томоохон зах, худалдааны төвүүдийн ойролцоо явган эргүүл хийж байна. Харин шөнийн эргүүлд нийт 14 албан хаагч 23:00-03:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байна.
Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил гаргуулахгүй байх зорилгоор бар, цэнгээний газруудад цагдаагийн газрын бусад тасаг, албад 02:00 цаг хүртэл хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа юм.
Мөн замын цагдаагийн газраас “Бүдүүн яндан” нэртэй арга хэмжээг зохион байгуулж, шөнийн цагаар дуу чимээ гарган иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан стандарт бус яндан бүхий таван тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулсан байна.
Цаашид эдгээр ажлуудыг тогтмол зохион байгуулж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа албаныхан онцолж байна.