Ханиад, томуугийн дэгдэлт их байгаа энэ үед яаралтай эмчид хандан шаардлагатай эмчилгээг хийлгэх ёстой. Ханиад хүндэрснээс шалтгаалан хүүхдийн чих өвдөх өвчлөл нэмэгдэж байна.
Хамрын хөндий дотор чихний хөндийтэй холбосон сонсголын суваг буюу гуурс байдаг. Тиймээс ямар нэгэн халдвар авах, хамрын хөндий үрэвсэх, хоолой өвдсөн тохиолдолд энэ гуурсаар чих рүү халдвар дамжиж үрэвсэл үүсгэдэг. Чих өвдөлт хүүхэд, насанд хүрэгчдэд харилцан адилгүй.
Хүүхдийн чих өвдөлтийн шалтгаан: Хүүхдийн сонсголын суваг өргөн, богино байдаг бөгөөд гаднаас орсон халдвар дамжих магадлал том хүнээс их тохиолддог. Хүүхдийн хэнгэргийн хөндий рүү халдвар маш хурдан тархдаг учраас чихний хурц үрэвслээр амархан өвддөг.
Шинж тэмдэг: Бага насны, нярай хүүхэд өвдөлтөө хэлж илэрхийлж чадахгүй учраас чих нь өвдөхөөр маш их уйлдаг. Ялангуяа чихээ маажих, толгойгоо шөргөөж уйлах нь чих өвдсөн байгаагийн илрэл юм. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Чих маш мэдрэг эрхтэн учрааас нярай хүүхдэд чихний өвдөлт хурц илэрдэг.
Тиймээс хүүхэд ханиад хүрсний дараа ямар шинж тэмдэг илэрч байна, хөхөө хөхөж байгаад гэнэт уйлж байна уу, шалтгаангүйгээр чанга уйлж байгаа эсэхийг нь ялгаж анзаарах хэрэгтэй.
Чихний өвдөлтийн хүндрэл, анхаарах зүйлс: Хүүхдийн чих өвдсөн тохиолдолд гэрээр эм тариа хэрэглэж яасан ч болохгүй. Гэрийн нөхцөлд дур мэдэн тос, хөхний сүү дусаах нь өвчнийг хүндрүүлдэг. Чих нь өвдсөн л бол яаралтай мэргэжлийн эмчид хандаж зөв эмчилгээ хийлгэснээр хүүхдийн чих, хэнгэрэг цоорохгүй, булаг гарахгүй, түргэнэ эдгэрнэ. Харин буруу эмчилгээ хийсэн тохиолдолд дунд чихний үрэвсэл үүсэх, хэнгэрэг цоорох, сонсгол буурах өвчлөл үүсэх эрсдэлтэй.