© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Төсвийн мөнгөөр туйлсан дарга нарт хариуцлага тооцох цаг иржээ
Төсвийн мөнгөөр туйлсан дарга нарт хариуцлага тооцох цаг иржээ

Дарга нарын борооны дараах мөөг шиг бэлэн өгдөг амлалт нь сургууль барих. Тэд амандаа багтсан тоогоо хэлж тэдэн хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл, цэцэрлэг, барьж ашиглалтад оруулна гэж нүд цавчилгүй иргэдэд мэдээлэл өгдөг. Шавь тавихаас эхлүүлэн ашиглалтад орох хугацаа хүртэл өнгө дүрсийг алаглуулан төрөл бүрийн видео бэлтгэж, ганган хээнцэр ишлэлтэй постерүүдийг нэг сувгаар бүгдийг нь цацдаг. “Улсын комисс хүлээн авсан” гэдэг үгэнд яагаад ч юм бүгд итгэчихдэг, сэтгүүлчид ч мөн ялгаагүй. Хэн ч эргэлзэхгүй, хэн ч маргахгүй. Ингээд бодохоор “УЛСЫН КОМИСС”- т итгэж болох ямар нэгэн зүйл байна. Хөндлөнгөөс дүгнэж, алдааг нь залруулж, шаардлага хангаагүй бол хүлээн авахгүй байх маш том эрх нь тэдэнд бий. Төсвийн мөнгөөр туйлсан дарга нарт хариуцлага тооцох цаг иржээ

Сүүлийн жилүүдэд хана нь нурсан, тааз нь цөмөрсөн, дусаал нь гоожсон, шалнаасаа мөөгөнцөртөж, хүйтэн жавартай барилгуудыг шил дараалан ашиглалтад хүлээн авах болов. Энэ бүх балгас гэх үү байшин гэх үү объектод хүүхдүүд сурдаг. Таны, бидний, тэдний хүүхдүүд даардаг, аюултай орчинд сууж, дусаалтай өрөөнд эрдэм мэдлэг олж авах гэж, сийгсэн салхитай, жавартай өрөөнд жижигхэн гараа дулаацуулан тарах цагаа хүлээнэ. Тэд юу ч мэдэхгүй шүү дээ, хүүхэд юм чинь.

Хана, шал, таазаа хараад суухаас илүүтэй ангийн найзуудтайгаа тоглож инээлдэн гүйх нь хамгийн чухал асуудал нь болохоор тэр шүү дээ. Харин үүнийг хэн мэдэх ёстой юм. Хэн хариуцаж чанар нэхэх ёстой юм. Орхон аймгийн Ерөнхий боловсролын VIII сургууль нь 1975 онд ашиглалтад орж байсан. Сурагчдын ачаалал нэмэгдэх тусам өргөтгөлийн асуудал яригдах болсон.

Сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн багтаамжтай. 2023 онд ашиглалтад орж Орхон аймгаас сонгогдсон гурван УИХ-ын гишүүн ам уралдан бахархаж байсан цаг саяхан.  Будаг нь хатаж амжаагүй тус өргөтгөлийн хана нь цуурч,  ус алдаж эхлээд зогсохгүй спорт залны шал нь овон товонтой удахгүй хуулрах эрсдэл үүсэхээр байна. Урлаг заалны акустик хавтангийн завсраар эв хавгүй наасан төмөр трубанууд цухуйж харагдана.  Одоогоор тус өргөтгөлийн хоёр анги халаалтгүй. Улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгөөр ашиглалтад орсон барилгыг хүлээж авсан улсын комисс, тендерт шалгарсан гүйцэтгэгч компанид хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг юм.

Орхон аймгийн хэмжээнд шаардлага хангахгүй байгаа ашиглалтад ороогүй байгаа сургуулийн барилгуудын асуудалтай холбоотой нээлттэй сонсгол хийж иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Улс төрчид мэдээллийн нэг суваг ашиглан иргэдэд нэг талын байр суурийг хангасан мэдээлэл өгч төөрөгдүүлэх тохиолдол их байдаг. Иймд олон нийтийн дэмжлэгтэй нээлттэй сонсгол зохион байгуулахад иргэд та бүхнийг дэмжиж оролцохыг хүсье.  

/ 2025-01-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц