Зохион байгуулалтгүй цахим бүртгэлийн үйл ажиллагаанд хэн хариуцлага хүлээх вэ?
Зохион байгуулалтгүй, бэлтгэлгүй үйл ажиллагаатай холбоотойгоор “Орлогод нийцсэн орон сууц” бүртгэл дахин хойшлов. Тодруулбал энэ сарын 22-нд Smart Erdenet платформыг ашиглан бүртгэл эхлэх ёстой байсан ч “хөгжүүлэлт хийж байгаа” гэсэн тайлбараар бүртгэлийн хугацааг 23 хүртэл сунгасан. Жилд хэдэн зуун саяар нь төсөв баталж ашиглалтад оруулсан энэхүү апп Эрдэнэтчүүд тэр бүр ашиглах боломжгүй. Хөгжүүлэлт, сайжруулалт хийсэн ч иргэдийн хэрэглээнд өдөр тутамдаа ашиглах боломжгүй. Шинэ оны өмнө улсын комисс Орлогод нийцсэн орон сууцын 4-р блокийг хүлээн авсан байдаг. Энэ хугацаанд серверийн доголдол, учирч болзошгүй эрсдэлийг аймгийн удирдлагууд тооцоолоогүй, ажлын хэсэг уялдаа холбоогүй ажилласны үр дүн нь олон иргэдэд хүндрэл учруулж байна.
Аймгийн тухайд залуу гэр бүл, шилжин ирсэн иргэд, ахмадууд энэхүү орон сууцад хамрагдах гэж урьдчилгаа төлбөрөө цуглуулж, хүлээлт, эрэлт хэрэгцээ их байв. Зах зээлийн үнээс хямд учраас иргэдийн хүсэл сонирхол их байгаа нь мэдээж. Төрийн зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас улбаалан олон иргэдэд хүндрэл учруулсан цахим бүртгэлийн асуудалд хэн хариуцлага хүлээж, энэ асуудлыг шийдвэрлэх вэ??? Иргэд гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
Бүртгэл эхлээд 10 хүрэхгүй минутын хугацаанд доголдсон серверийн талаар ажлын хэсэг хурал зарлаж иргэдэд тайлбар өгсөн вм. Орлогод нийцсэн орон сууц хүсэлт хүлээн авах линк өглөөний 09:10 минутад тавигдсан. Ачаалал их байсан учраас серверт доголдол гарч, ажиллахгүй болсон. Иймд цахим бүртгэлийг долоон хоногоор хойшлууллаа гэв. Erdenet.mn веб сайт хэзээ хэвийн үйл ажиллагаатай болох талаар одоохондоо мэдээлэлгүй байна. Сервер унагах зорилготой асуудал байж магадгүй гэж бодож байгаа талаар ажлын хэсгээс тайлбар хийв. Олон бүртгэлийг цахимаар зохион байгуулж ч ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй гэлээ.