© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Н.Батсүх: Өвөл цагт -50 градус хүрэхэд хөлддөггүй Жаргантын голын зургийг дарах юмсан гэж таван жил бодож байна
Н.Батсүх: Өвөл цагт -50 градус хүрэхэд хөлддөггүй Жаргантын голын зургийг дарах  юмсан гэж таван жил бодож байна

- Бидний хүүхэд насны дурсамж, аав ээжийн залуу дүр төрх гэрэл зургаар дамжуулан бидэнд сайхан дурсамжийг үлдээдэг. Үүнийг гэрэл зургийн үнэ цэн болов уу гэж боддог юм. Харин гэрэл зурагчин хүний хувьд гэрэл зургийн нандин зүйл нь юу вэ?

Зураг бол бүх зүйлийн гэрч гэдэг утгаараа цаасан дээр бууж үлддэг. Хамаг бүхэн бороо мэт арилахад гагцхүү гэрэл зураг үлдэнэ гэдэг сайхан үг байдаг. Бидний аав ээж хайртай дотнын хүмүүс бүгд мөнх бус харин түүнийг үлдээдэг зүйлсийн нэг нь гэрэл зураг. Би өөрөө дизайнер  мэргэжилтэй хүн. Дизайнер гэдэг бол хавтгай дээр хэлбэр дизайныг судалж загвар гаргаж, бүх зүйлийг дүрсэлдэг.   Амьтай, бодит харагдахаар дүрсэлж чадах юм бол гэрэл зураг өөрөө урлагийн нэг хэлбэр мөнөөсөө мөн.

Гэрэл зургийн Мэлмий бүлгэмийн үүсгэн байгуулагч Найманжингийн Батсүх гэхээр танихгүй хүн ховор болжээ. Эрдэнэ хотынхоо өнцөг булан бүрийг гэрэл зургийн хальснаа буулгаж, хүмүүс жаргалтай инээд, торгон агшин бүрийг мэдрэмжээрээ гэрэл зургийн хальснаа буулгахын тулд залуус нэгдэж Мэлмий бүлгэмийг байгуулсан. Ямар төрлөөр дагнаж байна вэ?

2011 онд цалингийнхаа зээлийг аваад анхны камераа худалдаж авч байлаа. Тэр үеэс анх гэрэл зураг сонирхож 2014 онд  Эрдэнэт хотын гэрэл зураг сонирхогчдын Мэлмий бүлгэмийн  фейсбүүк группыг 2 дугаар сарын 13 өдөр  нээж группын гишүүдээрээ гурван сард шөнийн гэрэл зургаар  анхны зураг авалтаа хийж, түүнээс хойш тасралтгүй 10 жил болж байна.  Одоо бид олуулаа болсон. Гэрэл зургийн төрлийн хувьд олон төрөл байдаг. Би шөнийн зураг, од, байгаль, бүтээгдэхүүний зураг авалт хйидэг сүүлийн үед эвентийн зураг авалт түлхүү авдаг болсон. Зураг авах болгондоо судалгаа хийнэ. Оддын зураг авах бол одон орон судална. Хотын зураг авах бол зүгээр л байшингийн дээвэр дээр гараад л шөнөөр  зураг авчихдаггүй. Агаарын даралт, сарны байрлал зэргийг харна тэргэл сартай байх тусмаа сарны гэрэл зураг авахад нөлөөлнө. Бороо орсны дараа тэнгэр цэлмэж бид нүдээр харахад хүртэл гоё байдаг шүүдээ тэр үеийг тэр чигээр нь үлдээхийн тулд сайхан агшнуудыг хүлээж байж авна. Ингээд ирэхээр л гэрэл зураг өөрөө маш олон төрлийн мэргэжлийг судлах хэрэгтэй, олон төрлийн сонирхлыг бий болгодог.

Гэрэл зурагт дурлах болсон шалтгаан юу вэ?

Би хүүхэд байхаасаа гар зураг их зурдаг байсан. Бага байхаасаа найзтайгаа нийлээд л 96 хуудастай дэвтэр дээр комикс зураг зураад өөрөө зохиож үлгэрийн баатар янз бүрийн дүрүүд зурна тэгээд комикс сэтгүүл гаргана гэж хүсдэг байлаа.  Тухайн үед  Оросын "миша" сэтгүүл гэж гардаг байсан юм. Шуудангаар захиалаад тэсэж ядан хүлээнэ.   Сэтгүүл  дээр  фото зураг гэхээсээ илүү гар зургууд их байсан түүнийг хараад дуурилгаж зурдаг хоббитой хүүхэд ЕБС төгсөөд ТИС-ийн дизайнерын ангид элсэж эдлэхүүний   дизайнераар төгссөн. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаагүй өөр ажил хийж байгаад л гэрэл зурагчин болчихсондоо.

Таныг  Эрдэнэтийн зурагчин гэдгээр нь хүмүүс мэддэг. Таны хамгийн хол явж, зорьж очиж авсан зураг ямар зураг вэ?

Би аялах дуртай болохоор аялж явахдаа  гэрэл зураг авдаг. Надтай адил сонирхолтой хүмүүсийг аялагч гэрэл зурагчин гэж нэрэлдэг. Нийт 18 аймгаар явсан байна. Нэг аймгаар явахдаа юуг үзэж судлах ёстой, тухайн аймгийн хаана нь очих ёстой вэ,. гэдгээ бодож байж очдог. Жишээ нь Завханд очвол Отгон тэнгэр хайрхан, Улаагчийн хар нуурыг үзэх ёстой гэж бодвол  түүнийг зорьж бэлдэж очно. Тэхээр аяллын километр  Завханд очиход л багадаа 3000 километр  явна. Нэг аймгаар явна гэдэг нь зөвхөн л аймгийнхаа төв орчихоод буцахгүй. Гэрэл зургийн хобби нэг орчихвол гарч болддоггүй тиймээс л хамгийн гоё агшнуудыг буулгахын тулд их урт хол замуудыг туулсан байдаг . Нэг газар нэг очоод л гоё зураг авчихдаггүй заримдаа олон удаа очно. Аз таарвал анхны удаа очоод гоё зураг авч болно. Харин хамгийн хол зорьж очиж авсан зураг бол дэлхийн хамгийн хойд талын хотод очиж Туйлын туяаны зураг авч байсан. Тэр л миний зорьж очиж авсан хамгийн хол  зураг байдаг. Тэнд маш олон зурагчид өмнө нь очоод зураг авч чадаагүй буцдаг. Тэнгэр бүрхэг байгалийн үзэгдэл харагдахгүй болдог тохиолдлууд байдаг. Тухайн үед бид Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан тэр зургаан хүн бол маш азтай зургаа аваад ирсэн.

Хүн болгонд энэ зүйлээс би үүнийг олж авсан энэ л намайг бий болгосон гэсэн мэдрэмжүүд байдаг. Таны хувьд гэрэл зураг танд юуг өгсөн бэ ?

Гэрэл зургийн хүчинд л өнөөдрийн Мэлмий бүлгэм Орон нутгийн хамгийн том төлөөлөгч клуб болсон. Төдийгөөс өдий хүртэл 10 жилийн хугацаанд би маш олон гоё найзуудтай болсон. Олон төрлийн өөр өөр мэргэжилтэй мөртөө нэг сонирхлоор нэгдсэн дүү нартай, ах нартай, найзуудтай болсон. Гэрэл зураг намайг хоёр дахь гэр бүлтэй минь учруулсан. Яг л гэр бүл шиг 10 жилийн хугацаанд маш олон сайхан дурсамжийг бүтээсэн нөхөрлөлтэй болсон байна. Хүнд амьдралын найзууд гэж бий тэр маань миний 10 жилийн найзууд байдаг. Харин гэрэл зураг руу орсноос хойш надад маш том найзуудын нөхөрлөл үүссэн нь манай Мэлмийгийнхэн.

Та 14 жилийн турш олон сайхан зураг дарж олон сайхан бүтээлүүдийг үлдээсэн. Энэ дундаас таны нандигнаж хайрлаж явдаг зураг ямар зураг вэ ?

Одоог хүртэл би өөрийгөө төгс бүтээл авсан гэж боддоггүй. Гэрэл зургаа аваад л сууж байх үнэхээр сайхан ялангуяа уулын орой дээр гараад байгалийн зураг, хотын зураг авах нэг л гоё зураг авчихвал нэг хэсэгтээ л сэтгэл сайхан байда . Өнөөдөр би уулан дээр гараад л өглөөг хүлээж байгаад  нар мандаж байгааг хотоо оруулаад л авна гээд бодчихсон бол түүнийгээ хүлээгээд шөнө унтахгүй, үүрээр гурван цагт очоод өглөө үүр цайхаас эхлүүлээд зургаа авна тэгээд л нар мандахыг хүлээж байгаад авсан зургаа хараад л маш гоё тайвшралыг авдаг. Харин нандин гоё зураг маань гэвэл бид 2015 онд модельтой зураг их авсан тухайн үед Ачмаа гэдэг охины зургийг дээл өмсүүлээд нүүрээ битгий будаарай  "эгэл Монгол охины төрх гаргах гэж байгаа шүү" гээд үсийг нь хоёр болгоод морьтой зураг авч байлаа. Тэр зураг сошиалаар маш их тарсан  "Мэс хүргэж сэглээгүй, маяг сууж эвдрээгүй, моод хөөж элдэвлээгүй, Монгол охиноор бахархана” гээд Монгол даяар тархаж байсан юм. Тэр зураг надад маш их урам өгсөн бараг л Монголын бүх пэйж дээр яг энэ тайлбартайгаа явсан одоо ч энэ хайлтаар хайвал гараад ирдэг.

Дараа нь 2016 онд Улаагчийн хар нууран дээр очиж байсан. Тэр жил би их азтай байсан. Тухайн үед улаагчийн хар нуур гэдгийг Монголчууд бараг мэддэггүй байлаа. Элсэнд суух шахам хошуун дээр очиж буудлаад өглөө нь зургаа дараад  "Гадаад дотоод далай хэсэж галуу шувууны мах идэж байхаар газрын диваажин Монголд маань байна" гээд дөрвөн мөрт шүлэг бичээд оруулж байсан юм. Бас л  Монгол даяар тарж байсан. Төвийн сайт, пэйжүүд, томчууд постлож байсан. Тэрнээс хойш над руу маш их хүмүүс хандаж энэ хаана байдаг юм яаж очдог вэ? үнэхээр Монгол мөн үү гэж асууна.  Би энэ гоё газрыг Монголын хүн болгон үзээсэй гэж бодон уйгагүй хариулж байсан .

Тухайн үед маш олон зурагчид, аялагчид шүүмжлэлтэй хандаж "чи буруу л юм хийлээдээ" одоо наана чинь Монголчууд очоод л "хог болгоно" гэж байсан. Тухайн үедээ үгүй ээ энэ гоё юмыг Монголчууд үзэх хэрэгтэй гээд өөртөө бат итгэлтэй тэр хүмүүсийн эсрэг байлаа. Үзэх ёстой юмыг нь үзүүлнэ гээд л олон хүмүүст яаж очдог, ямар замаар явдаг аль хэсэг нь гоё байсан гэдгийг зааж өгсөн. Харин дараа нь харамссан.Улаагчийн хар нуур нээрээ л "хог" болсон.  Аялагч нар гэрэл зурагчид арайчдээ нөгөө  газар чинь битүү баас шээс хогийн газар болчихсон байна гэж хэлж байлаа . Гэхдээ тэр аялагчдын буруу биш .

Аялал жуулчлалыг хөгжүүлье л гэж бодож байгаа бол Орон нутаг өөрсдөө тэнд юм бэлдэх ёстой хогийн сав , 00 гэх мэт мөн аялагчдын боловсролд юм өгөх ёстой гэнэт л  нэг  өдөр Монголчууд аялж сурна гэж байхгүй .

Таны цаашдын зорьж байгаа мөрөөдөж төлөвлөж байгаа зураг, агшин юу байна вэ ?

Таван жил бодож байгаа зураг байна. Өвөл цагт -50градус хүрэхэд хөлддөггүй Жаргантийн голын зургийг дарах  юмсан гэсэн бодол байна.

Дахиад нэг Туйлын туяаны зургийг авах юмсан гэж бодож байна. Би хүн бүрийг Туйлын туяаг заавал үзээсэй гэж хүсдэг . Цэнхэр гариг дээр хүн болж ирснийх зөвхөн Монголдоо биш аялаад явсан ч гэсэн хотын барилга хөгжил харахаасаа илүү дэлхийн хамгийн гоё үзэгдэл бол хойд,урд туйл дээр харагддаг Туйлын туяа тиймээс л тэнд очиж л гоё зураг авахыг хүсэж байна.

 

Баярлалаа танд амжилт хүсье цаашдаа олон хүмүүсийн  үзэл бодолд өнгө нэмж мэлмийг нээх агшин бүтээлүүдийг бий болгоорой.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-03-29
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц