Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар Монгол улсын төсвийн тухай хуулийн тодотголоор аймгийн төсөвт орсон өөрчлөлтүүдийг тусгаж, улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг 40 тэрбум 306,3 бууруулан баталлаа.
2024 оны төсөвт улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох зардлыг 7,9 тэрбум төгрөгөөр баталсан байсан бөгөөд үүнийг 361,3 сая төгрөгөөр нэмэгдүүлж 8,2 тэрбум төгрөг болгож тодотголоо. Үүнд төсвийн боломжоос шалтгаалан орон нутгийн нэмэгдэл олгогдоогүй байсан эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн 61 байгууллагын 2683 албан хаагч багтаж байгаа бөгөөд 2024 оны 10 сарын 1-ээс эхлэн үндсэн цалингийн 20 хувиар орон нутгийн нэмэгдлийг олгоно.
Мөн төсвийн тодотголд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардлыг 15,1 тэрбум төгрөгөөр, болзошгүй аваарын зардлыг 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Худалдан авалт, тендер зарлах хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор инженерийн шугам сүлжээний төвөгшил ихтэй засварын ажлуудыг болзошгүй аваарын зардлаар гүйцэтгэхээр ийнхүү нэмэгдүүлэн баталж байна.