© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж
Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

Энэ жилийн сонгууль шударга болоосой, үр хүүхдэд минь сайхан ирээдүйг үлдээгээч....

Эрх баригчид сонгуулийн тогтолцоог өөрсдөдөө тохируулан өөрчилсөн үү?

Гэр дүүрэн үнэртэх цайны дээжээ бор авдар дээрх бурхны өмнө тавиад амандаа маань унших энэ хүнийг Р.Батчулуун гэнэ. 80 насыг шүргэж яваа түүний амьдралыг хамт өтөлсөн бор авдар нь өгүүлэх аж. Монгол Улсын иргэн Р.Батчулуун энэ онд ес дэх удаагийн сонгуульд саналаа өгнө. “Бор авдартаа нандигнан хийсэн шинэ дээлээ гаргаж өмсөөд сонгууль өгөхөөр явдаг байлаа. 1990-ээд оны монголчуудын хувьд төр засаг гэдэг зүйл халдашгүй хийгээд уулын оргилтой зүйрлэмээр тийм л эрхэм хүндлэл нь байсан. Одоо бол хэн дуртай нь төр засгийг шүүмжилж, доромжилж байгаа нь өнөөгийн эрх баригчдын бодит үнэлгээ шүү дээ. Хэвлэл мэдээллээр гарч байгаа авлигал хээл хахууль, мөнгө угаалт зэрэг асуудал сүүлийн 10 жил л яригдаж байна. Одоо ч төрдөө итгэхэд хэцүү болж, хэн ч сонгогдсон мөнгө завших юм байна гэж ойлгох болсон. Зөв хүн ховор болжээ. Олон хүн нэр дэвшиж байгаатай санал нийлэхгүй байна. Улс орон ядуу тарчиг, нийгмийн давхарга баян, ядуу гэж ангилагдах болж. Мөнгөтэй нь ханаж цадахгүй их идэж, ажиллаж байгаа нь бор хоногоо яая гэж байна шүү дээ...” хэмээн тэр бидэнд хуучлав. Р.Батчулуун гуатай адил сонгуульдаа хүндэтгэн оролцдог олон ахмадууд төрдөө итгэх итгэлгүй болж, сонгуулийн хуулийн өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Тэрээр үргэлжлүүлэн “Сэтгэл амар, эмх замбараатай байсан үе дахин ирэхгүй гэж бодохоор харамсмаар. Одоо би ач зээ нараа харж сууна. Ямар их эм ууж байна даа гэж санаа зовних юм. Саяхан болсон эмийн сонсголыг сонсоод уйлж суулаа. Авсан тэтгэврээ би эмэнд л зарцуулж байна. Өвөл нь утаатай, зун нь үер устай.  Бид яг ямар нийгмийг бүтээчхэв ээ гэж харамсдаг. Бид ямар шуналтай, муу хүмүүст итгэж, төрийн өндөр сэнтийд залаа вэ?  Энэ жилийн сонгуульд үнэн зөв ажиллах сайн хүн сонгогдоосой. Тэр олон нэр дэвшигчдийг бид танихгүй шүү дээ. Сөрөг хүчин хүчтэй байсан цагт улс оронд өөрчлөлт ирнэ” хэмээн бидэнд ярилаа. Шинэ сонгуулийн тогтолцоо үнэхээр оновчтой шийдвэр байж, Р.Батчулуун гуай шиг ахмадуудын сайн цагийг үзэх хүсэл биелэх болов уу.

Шинэ сонгуулийн тогтолцоонд сонгогчид бэлэн үү?

Бид 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байсан туршлагатай, сонгогчид саналын хуудастай хэрхэн ажиллахаа тодорхой хэмжээнд мэдэх боловч өмнөх сонгуулиас ялгаатай нь гишүүдийн тоо эрс нэмэгдэж, тойргийн хэмжээ энэ хэрээр өргөжсөн явдал юм. Аль нэр дэвшигч ямар сум дүүргийг төлөөлөн дэвшиж буй талаар будилах, саналын хуудсаа алдаатай бөглөх, мэдээлэл дутуу хүрэх зэрэг олон эрсдэл үүсэж болно.

 “Бүсчиллээ” гэж байгаа нь сонгогчийн сонгох эрхийг гээгдүүлэх сул талтай

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох Монгол Улсын Их Хурлын ээлжит  сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, бүсчилсэн 13 том тойргоос 126 гишүүнийг сонгох болсон. Жишээлбэл, хойд бүс буюу УИХ-ын сонгуулийн IV тойрог нийт найман мандаттай.  Горилогчид Эрдэнэт – Булган – Хөвсгөл аймгийн чиглэлд хэдийн давхицгааж эхэлжээ. Тооноос эхлээд УИХ-г бүрдүүлж байгаа аргачлал, сонгуулийн тогтолцоо, тойргийн бүсчлэл гээд олон зүйл энэ сонгуулиар өөрчлөгдөж байна. УИХ-ыг бүрдүүлэх аргачлалын хувьд 78 гишүүн тойргоос сонгогчийн саналаар шууд сонгогдох бол үлдсэн 48 гишүүн жагсаалтаар орсноор УИХ бүрдэх нь байна. Тогтолцооны хувьд мажоритар болон хувь тэнцүүлэх тогтолцоог хослуулан ашиглахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд мөн өөрчлөлт оруулсан.

Эрх баригчид энэ тогтолцоог “бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулсан, олонхын төлөөллийг хангаж чадна” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.  Гэвч Монгол Улсын хувьд “бүсчилсэн хөгжлийн бодлого” гэгчийг хэзээ баталж, хэзээнээс мөрдөж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь одоо ч тодорхой бус. Тодруулбал 2018 онд Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэх баримт бичгийг Засгийн газраас баталж, 2020 онд Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогын баримт бичиг болгон өөрчлөн баталсан. Гэтэл энэ хугацаанд шилжилт хийхдээ өмнөх баримт бичиг болох “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг дүгнээгүй, үр дүнг үнэлэлгүйгээр дараагийн бодлогын баримт бичгийг бүсчлэн хөгжүүлэх болгож, “Алсын хараа 2050”-тай хамтатган баталсан нь энэ бүсчлэлд эргэлзэхэд хүргэж буй. Улмаар энэ нь сонгогчийн сонгох эрхийг гээгдүүлэх сул талтай юм. Энэ талаар Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболор “Бүсчилж тойрогт хувааж байгаа тохиолдолд ойролцоо аймгуудыг бүсчлэх бус хүн ам зүй, нэгж хүн амыг төлөөлөх эрхийн коэффицентыг шилжүүлэх байдлаар тооцоолох нь оновчтой. Ямар тооцоолол хийсэн эсэх нь тодорхой бус  байна” хэмээсэн юм.

Харин Орхон аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол Улсын Их хурал, Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчлэн гаргаж байна. Анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор бүсчилсэн хөгжлийн бодлогын санамж бичгийг боловсруулж олон загвар гаргаж байсан. Бүс нутгийг зохион байгуулахдаа газар зүйн байршил, нийгэмд үзүүлэх олон үйлчлэлд нөлөөллийг тооцон үзэж долоон бүс нутагт хуваасан. Орхон аймгийн тухайд хойд бүст орж байна. Ингэснээр эдийн засгийн томоохон өгөөж хотын бүс нутаг боллоо гэж харж байна.” Хэмээсэн юм.

            Тойрог томрох тусам төлөөлөл хумигдана

Сонгуулийн сурталчилгаа хийх хуулийн 21 хоногт нэр дэвшигч өөрийн биеэр сурталчилгаа хийх буюу сонгогчидтой уулзалт хийх  боломж өмнөх сонгуулиудаас хэд дахин хязгаарлагдаж байна. Тойрог томсох тусам улс төрд оролцох эрмэлзэлтэй шинэ залуу нам, эвсэл, улс төрийн хүчнүүд, залуусын боломж хумигдаж, өндөр зардалд дарлуулах эрсдэлтэй. Энэ талаар Орхон аймаг дахь АН-ын дарга Ц.Батхуяг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. “Эрх баригчид өөрсдөдөө тааруулж энэ сонгуулийг хийнэ гэж үзэж байна. МАН судалгаа хийж үзээж рейтинг муу байсан учир томсгосон тойргоор сонгуулийг хийх гэж байна. Нэг тойрогт гурван аймаг нийлсэн учраас олонд танигдсан, их мөнгөтэй хүмүүсийн л сонгууль болно. Эрх баригчдад юу л байна мөнгө л байна. Тэд мөнгөндөө найдаж байгаа. Харин бидэнд иргэд л байна.” гэв

Р.Батчулуун гуай 2024 оны сонгууль түүний сүүлчийн сонгууль байж магадгүй хэмээн бидэнд ярив. Басхүү Цагаан сараар өмсөх гэж оёулсан шар торгон дээлээ өмсөөд “үр хүүхдэд минь сайхан ирээдүйг үлдээгээч” гэж залбирна гэдгээ хэлж байлаа. Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирах болно. Энэ сонгууль шударга болоосой гэж...

Энэ жилийн сонгууль шударга болоосой, үр хүүхдэд минь сайхан ирээдүйг үлдээгээч

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-26
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц