Бизнесээ амжилттай авч яваа хүн бүрийн ард уналт, бүтэлгүйтэл, сургамж, шантарсан өдрүүд бий. Бид заавал өөрсдөө алдаж, бүдрэхээс илүү бусдын алдаанаас суралцаж, тэдний гашуун туршлагаас нь судалж яагаад болохгүй гэж? Унаж бүдэрч явсан ч өөр өөрсдийн хэмжээнд амжилтыг бий болгож чадсан бизнес эрхлэгчдийн “7 хэмжиж 1 огтол” – сон түүхийг Эрдэнэт инфо сайт онцолж байна. Энэ удаагийн зочноор “Sunrise Сafeteria” үүсгэн байгуулагч Эрдэнэбатын Бат-Амгалантай ярилцлаа.
Хамгийн анх “Sunrise Сafeteria” 1-р микрээс нүүлгээд Чандмань төвд нүүж орох үед ханан дээрх зургуудаа өөрийн гараар зурж байсан юм. Тухайн үед түрээслэгч маань танайхыг гарсны дараагаар засвар хийх болох нь дээ гээд жаахан дурамчхан байсан л даа. Харин одоо бол намайг дуртай ханан дээрээ, хүссэн зургаа зураарай гэж хэлдэг. Энүүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр энэ кафег эхлүүлэх үед хүмүүсийн надад итгэсэн итгэлийг нь алдахгүй юм шүү гэсэн бодлоор бизнесээ эхлүүлсэн юм. Манай кафены хамгийн том давуу тал нь гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ ирээд тухтай суух тэр орчныг бүрдүүлж, дулаахан мэдрэмж төрүүлэх. Энэ бүхнийг бүрдүүлэхийн тулд би болоод миний гэр бүл, хамтран ажилладаг бүх хүмүүс бие, сэтгэл бүхнээ өнцөг булан бүрт нь шингээж засварлаж, тохижуулсан. Хэрвээ би мөнгө л олохын төлөө байсан бол архи, пиво зарах байсан. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Өөр орчинд, шинэлэг мэдрэмжийг аваасай гэсэндээ хуучны пянз тоглуулагч, дээр үеийн телевизор, бичгийн машин зэргээр кафегаа тохижуулсан. Өөрийн хүслээр, хоббигоороо эхлүүлсэн энэ ажлаа өдрөөс өдөрт өргөжүүлж, хичээж явна.
Шинэ зүйлийг хүн хаана ч, хэзээ ч ашиглаж, мэдэрч болно. Дараагийн шинэ зүйлс гарч ирэхэд трендээ дагна. Харин бүр хуучны эд зүйлсийг одоо буцаад шинэлэг болж байна. Одоо манай кафены буланд хуучны нэг телевизор бий. Би тэрийг л ажиллуулж, жирэлзүүлмээр санагдаад байгаа юм. Хуучны юм бүхэн сайхан ш дээ.
Яагаад ч юм миний төлөвлөж, бодож байсан ажлууд цаанаасаа бүтээд байдаг. Цалингаас цалингийн хооронд ажилладаг байхад гар дээрээ мөнгөгүй, гэрийн хөргөгч хоосон үе олон байдаг байлаа. За ер нь өөрөө мөнгө олдог больё гэж бодож хувийн студио нээсэн. Надад итгэж байсан хүмүүсийн ачаар би чадах юм байна гэдэг бодол төрсөн. Даанч надад сайн хамтрагч байгаагүй болохоор өөр зүйл хийж үзье гэж бодогдсон. Би чинь өөрөө олон хүүхэдтэй тэдэндээ хоол хийж өгөх үнэхээр дуртай. Youtube үзэж, зөндөө судлаад сэгсэрдэг салад хийж үзсэн. Тухайн саладыг шилэн саванд 3-4 хоног хадгалах боломжтой тийм технологи ашигласан. Санаандгүй өөрийн цахим хаягт байршуулсан чинь зөндөө хүмүүс холбогдсон. Тэгээд л ер нь за болох юм байна гээд гэрийнхээ гал тогооноос хийж эхлээд өнөөдрийн “Sunrise Сafeteria” бий болсон. За өөрийн гэсэн кафе нээе гэж зориглоод л эхлүүлсэн. Тэр үед надад юу ч байгаагүй.
Би нэг ийм л зүйл хиймээр байна гэх үед хөгшинд нь тоног төхөөрөмж байгаа хэрэглээч, хөргөгч байгаа ашиглаарай гэж туслах хүн зөндөө байсан. Тэр бүхний хог дээр хаяад, шантраад хаалгаа хаагаад явах боломжгүй. Дараа нь юу гэж хэлэх юм, тийм биз дээ. Бас ажлаа эхлүүлэх гээд явж байхад мөнгө зээлж байсан тэр хүмүүст би байнга талархаж явдаг. Тийм болохоор надад болъё, бүтэхгүй юм байна гэсэн бодол төрсөн ч гэсэн хичээх л ёстой гэдэг бодлоор ажиллаж байна. Одоогоор бол олсон ашиг гэх зүйл бол байхгүй, айдастай, өртэй хэвээрээ л байна. Харин хүүхдүүд минь хоолоор тасрахгүй байгаа нь яг одоо миний хийж байгаа ажлын амжилтын эхлэл байна даа гэж боддог.
Хамгийн анх гэрээрээ салад хийж зарж эхэлсэн үе одоо кафе нээгээд тог, цахилгаан, түрээс, цалин, урсгал зардал бүхнээ тооцоолж байгаа үе өөр байна. Анх наадмын талбайд өглөөний цай, халуун боорцог, өрөмтэй зарж эхлэх үед маргаашаа л бодож ажилладаг байсан. За өдөрт 50-60 мянган төгрөг олчих юм бол маргаашийн өрөм сүү, боорцгийн материалаа авахад л болоо гэж боддог байлаа. Одоо бол илүү алсыг харж төлөвлөгөөтэй ажилладаг болжээ. Өөрийн жижиг бизнесээ эхлүүлээд яг өмнө байсан Амгаа хэвээрээ л байгаа. Мөнгө зээлээч гэдэг хүмүүс олон болсон. Яг үнэндээ би баяжаад, мөнгө их олоод энэ бүхнийг хийгээд байгаа биш. Өмнө нь байсан өрнүүд хэвээрээ, цаашид яах бол гэсэн айдас байнга бодогдсон хэвээр байгаа. Амжилтад хүрсэн хүн бүр ямар нэгэн зөвлөгөөг өгч ингэж болохгүй, тэгж болохгүй гэж зөвлөдөг ч хүн яг өөрөө биеэрээ туулаад ирэх үед бүх зүйлс өөр байдаг. Тиймээс би ийм зүйл олж сурлаа, мэдлээ гэж бусдад зөвлөхийг хүсэхгүй байна. Өөрийн хэмжээндээ айл гэрийн ноён нуруу, хүүхдүүдийнхээ сайн аав байхыг боддог. Надад тусалж байсан тэр хүмүүсийг итгэл надад урам зориг өгч өнөөдрийг хүртэл хичээж л явна даа.
Бодсон юм их байна. Даанч бүхнийг хийж чадахгүй байгаадаа гутрах үе олон. Амьдралд бүтэлгүйтэл, уналт босолт их. Тэгэх бүрт тоосоо гөвөөд л за Амгаа чадна даа гэж бодох сэтгэлийн тэнхээтэй байгаа минт намайг гэсэн хүмүүсийн ач, тус. Бороотой, салхитай, шуургатай байсан ч Амгаагийн кафе өглөөний 7 цагт нээдэг хэвээрээ байна. Зундаа өглөөний монгол цайгаа гаргана. Зориод ирсэн хүмүүстэй хамгийн сайнаараа үйлчлээд алдаанаасаа суралцаж, амжилтаа бататган хөдөлмөрлөнө дөө.