Орхон аймгийн цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээг зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Говил, Баянцагаан багууд болон Вокзал, Жаргалант сумын тухайн бүсэд 10-аас дээш жил амьдарч буй өрх бүрээс нэг иргэнийг сонгож үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг ирэх сарын 1-нээс 45 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шинжилгээ, тандалт судалгааны үр дүнг нэг удаагийн үзлэг шинжилгээгээр тогтоох боломжгүй, урт хугацааны тандалт судалгааны үр дүнд дүгнэлт гарна гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна. Тиймээс иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн эрүүл мэндийн үзлэгт "Эрдэнэт медикал" эмнэлэг өдөрт 50 иргэнийг хамруулахаар зохион байгуулалтыг хийхээр бэлтгэл хангаж байна. Дээрх бүсэд амьдардаг иргэд багийн ажлын албатайгаа холбогдож мэдээлэл авах боломжтой. Жаргалант сумаас 872 өрхийн 872 иргэнийг хамруулах бөгөөд иргэдийг нэгдсэн унаагаар тээвэрлэх юм.