Орхон аймгийн 16 дахь удаагийн засаг даргаар Жаргалант сумын засаг дарга Б.Зоригтбаяр сонгогдож, өнөөдрөөс үүрэгт ажлаа хүлээн авлаа. Түүнтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Орхон аймгийн 16 дахь удаагийн Засаг даргаар сонгогдож, өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа. Хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай ажил юу байна вэ?
-Юуны өмнө нийт Эрдэнэтчүүд, Жаргалант сумын ард иргэдэд надад болон МАН-д итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Цаашид хот хэрхэн хөгжих вэ гэдэг нь хамгийн чухал учраас хамгийн нэн тэргүүнд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах нь чухал. Өнөөг хүртэл Орхон аймгийн ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь замбараагүй байдал үүсгэх гол шалтгаан нь болж байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлын нэг нь яах аргагүй замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилга байгууламж. Тиймээс цаашид хот өргөжин тэлэх, эмх замбараатай байхад энэхүү төлөвлөгөө маш чухал. Үүнийг эхлүүлчихсэн учраас цаашид үргэлжлүүлж хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх ажлууддаа анхаарна гэсэн үг. Энэ онд наадмын талбай, 1А хороолол орчим хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдсэн ч бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй байгаа.
-Иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал байна. Зам засварын ажлууд удаашралтай, ундуй сундуй орчинд өвлийг давах шаардлага үүслээ. Өвөлжилтийн бэлэн байдал, ус дулаантай холбоотой асуудлууд байсаар байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа энэ асуудлуудыг эрэмбэлж тооцоо, судалгаатайгаар ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна. УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцүүлж дууслаа. Ирэх жилийн төсөвт нэн шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрлэнэ. Орон сууцны айл өрхүүдэд дулаан, авто замын зогсоол, хүүхдийн аюулгүй орчинд тоглох асуудал тулгамдаж байна. Иймд “Эрдэнэт ус” ДТС, “Эрдэнэт Булганы” ЦТС компаниудтай ярилцаж төлөвлөгөөг дахин гаргана. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн түлээ, нүүрс, гэрэлтүүлгийн асуудлууд байна. Мөн хогны менежментийн асуудлыг авч үзэх шаардлагатай. МАН-аас “Хөгжлийн төлөвлөгөө 2050” хөтөлбөрийг баталсан. Үүнд нийт 12 төсөл арга хэмжээ тусгагдсан байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх төслийн зургааг нь санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр тусгасан. Үлдсэнийг нь Орхон аймаг өөрөө санхүүжүүлэх юм. Ирэх жилийн төсөвт гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний уналтыг буруулах, хүчдэлийн алдагдалд оруулахгүй байх зорилгоор 35 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг байгуулах төсөв тусгагдана. Мөн он дамжин хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд дээр тодорхой төсвийг суулгаж өгнө.
- Өмнөх Засаг дарга нарын тухайд бүрэн эрхийнхээ хугацаанд Хүний хөгжил, Ухаалаг хот, Инженерийн шугам сүлжээний асуудлыг анхаарч томоохон ажлуудыг эхлүүлсэн байна. Таны хувьд аль чиглэлд түлхүү анхаарах нь зөв гэж бодож байна вэ?
- Хүн нь хөгжиж байж хотын бүтээн байгуулалт, цаашдын хөгжил яригдах ёстой. Аймгийн хэмжээнд дутагдалтай байгаа боловсон хүчний асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж бодож байна. Жишээ нь, БНСУ-тай хамтран зохион байгуулж байсан оюутан солилцох, суралцах гэрээг байгуулж байсан. Үүнийг үргэлжлүүлж орон нутагт дутагдалтай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Ирэх оны төсөвт сургалтын төлбөрийн зардлыг тусгах юм. Эхний ээлжид 30 оюутан суралцах боломж бүрдэж байна. Цаашдаа ч үе шаттайгаар хүний нөөцөө хэрхэн бэлтгэх тал дээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
- Аймгийн хэмжээнд 50 тэрбум төгрөгийн зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн. Хүйтний улирал ирж байгаа учраас ажлууд ерөнхийдөө зогссон байна. Энэ ажлууд цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Эрдэнэтэд 450 км зам бий. Үүний 130 км нь хатуу хучилттай бол 320 км нь шороон зам байна. Ирэх дөрвөн жил замд эрс шинэчлэл хийхийн тулд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ ажлуудыг үргэлжлүүлнэ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Орхон аймгийн хот доторх замыг шинэчлэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.Үүнээс гадна Орхон аймаг өөрийн стандарттай байх ёстой. Жишээ нь, явган хүний зам, гэрэлтүүлэг янз бүр байна. Тиймээс нийслэлд мөрдөгдөж буй стандартыг судалж орон нутагтаа нутагшуулахаар төлөвлөж байна. Эдийн засаг тэлснээр бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдсэн. Яагаад удаашраад байна вэ гэхээр Барилгын хөгжлийн төв дээр зураг төсвүүд магадлангаар орохоор нэлээд саатсан. Үүнтэй холбоотой тендерийн асуудлууд хойшилж байгаа юм. Ирэх жилүүдэд Хэмнэлтийн тухай хууль үргэлжлэх учраас энэ жилдээ зам болон бусад хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсвийг яаравчлан хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн. Удаашралтай байгаа ч гэсэн ирэх жилүүдэд авто зам, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.