Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа” уриан дор “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.
Зөвлөгөөнд нийслэл, 21 аймгаас ирсэн төр, хувийн хэвшлийн 400 гаруй салбарын төлөөлөл оролцож, энэ өдөр Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого, бүсчилсэн хөгжил, Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулсын төслийн өөрчлөлт, Орхон аймгийн барилга бүтээн байгуулалт, аюулгүй орчин, цаашдын чиг хандлага, Аюулгүй барилга, аюулгүй орчин олон улсын туршлага зэрэг сэдвээр хэлэлцэж байна.
Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх, хууль эрх зүйн баримт бичгүүдээ шинэчилж, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулж үр өгөөжийг нэмэгдүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.
Зөвлөгөөнийг нээж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр, Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж 2023 оны эцсийн байдлаар 79,1 мянган ажилтан, албан хаагчидтайгаар 7,5 их наяд төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг гүйцэтгэж, 19 мянган айлын орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа. Мөн шинэ хотуудын төлөвлөлтийг хийж инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн, газрын харилцааг сайжруулсныг онцоллоо.
Үүний дараа аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал үг хэлэв. Барилгын салбарын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа цаг үед энэхүү зөвлөгөөнийг Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулж буйд тэрээр талархал илэрхийлэв.
Орхон аймагт сүүлийн жилүүдэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд Уурхайчин, Залуус, 1А, 2А, 7А зэрэг орон сууцны хороолол баригдаж, 2023 оны байдлаар 732 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон. Эндээс манай аймагт нь барилгын салбар хэрхэн хурдацтай өрнөж буйг харж болно.
Барилгын нас материалын чанараас гэдэг... Салбарын хэмжээнд барилга байгууламжид ашиглагдаж буй материалын чанар түүнд тавих хяналтыг ч мөн хөндлөө.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй итгэмжлэгдсэн цөөхөн хэдэн лабораторийн нэг нь манай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд 9 жил тасралгүй үйл ажиллагаа явуулж байна.