© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Туслах багшийн “чадамжийн гэрчилгээг худалдаж” авч байжээ
Туслах багшийн “чадамжийн гэрчилгээг худалдаж” авч байжээ

ЦЭЦЭРЛЭГТ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭСНЭЭС ШАЛГУУР БОСГЫГ ТУЛТАЛ НЬ НАМСГААД БАЙНА. 

Хууль журмаар бол, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18  кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өдгөө ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс шалгуур босгыг тултал нь намсгаад байна. Шинэчлэн баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд ч үүнтэй холбоотой зарим зүйл, заалтад төгсөх дамжааны оюутнуудыг дадлагажуулах байдлаар ажиллуулахыг тусгасан. Мөн туслах багшийг чадавхжуулах сургалт чанаргүй, шалгуур байхгүй хүссэн нь мөнгөө төлөөд худалдаж авдаг бараа болсон байгаа юм. Энэ хэрээр сургуулийн өмнөх боловсролын чанар, үр өгөөж, багшийн ёс зүй, мэдлэг, ур чадварын асуудалд анхаарах шаардлага үүслээ. Цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдийг бие махбодийн хүчирхийлсэн, зүй бусаар харьцсан тухай бараа мэдээ сүүлийн үед цөөнгүй сонсогдох болсны цаад шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Мэргэжлийнхээ онцлог, бэрхшээлүүдийг ойлгож ухамсарлаагүй, боловсорч, бэлтгэгдээгүй хүмүүст хэдий чинээ сул орон зай, боломж олгон тэр хэрээр ийм асуудал үүсэх нь тодорхой. Юуны тулд цэцэрлэгийн үндсэн багшийг дөрвөн жилийн хугацаанд сургаж, туслах багшийг яагаад заавал нэг сарын хугацаатай чадавхжуулах сургалтад хамрагдахыг шаарддаг вэ? Учиртай шүү дээ гэтэл худалдааны шугамаар боловсрол эзэмшигчид нэмэгдсээр...

Тэдний үр нөлөө

 Цахим орчинд цэцэрлэгийн туслах багш хүүхэд зоджээ, тухайн багшийг ажлаас нь халжээ гэх гарчигтай мэдээнүүд цахим орчинд хайлт хийхэд цөөнгүй таарна. Бага насандаа бие махбодын хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн хүүхдэд учирсан сэтгэл зүйн хохирол урт богино хугацаагаар, эсвэл насанд туршид ч  үргэлжлэх эрсдэлтэй байдгийг судалгаанд дурдсан байдаг.

 Улаанбаатар болон хөдөө орон нутагт цэцэрлэгийн орчинд туслах багш хүүхэд зодсоныг эцэг эх, хүүхдээсээ эсвэл камерын тусламжтай илрүүлсэн тохиолдлууд бий.

Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдүүдийг зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болсон. Тодруулбал, тус цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн туслах багш О нь хоёр настай хүүхдүүдийг зодож, заримыг нь хүлж, алгадаж, чимхэж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Тус бичлэгээр 309 дүгээр цэцэрлэгийн багш Э, туслах багш О нар 14 хоногийн турш хоёр настай хүүхдүүдийг зодож, цохидог байсан нь ил болсон. Туслах багш О нь 14 жил барилгачин хийсэн хүн байв.

Орхон аймагт бүртгэгдсэн тохиолдлын талаар тус аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт болон СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг нараас тодруулав. Тус аймагт сүүлийн хоёр  жилийн хугацаанд цэцэрлэгийн орчинд хүүхдийн биед халдсан  зөрчил дөрвөн удаа  бүртгэгдэж, нэг зөрчлийг тус аймгийн цагдаагийн газар шалган зөрчлийн тухайн хуулиар арга хэмжээ авчээ. Харин үлдсэн зөрчлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч шалгасан байна.  Боловсрол шинжлэх ухааны газраас зөрчил гаргасан дөрвөн багшийг ажлаас нь чөлөөлжээ. Дээрх зөрчлүүдийн гурван тохиолдлыг туслах багш үйлджээ. Тэдний нэг нь гурван сарын дараа тэтгэвэртээ гарах гэж байсан бол бусад нь дөнгөж сургуулиа төгсөж ирсэн ажлын дадлага туршлага багатай багш нар байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар туслах багшийг сургах сургалт системгүй, гэрчилгээг хууль бусаар олгодог, цэцэрлэг дээр дадлага хийлгэдэггүй, хүүхэдтэй ажиллах арга барил, онолын сургалт явуулахгүйгээр ГЭРЧИЛГЭЭ олгодог нь асуудлын гол шалтгаан болж байна гэв. Сургалтад хамрагдаагүй цэцэрлэгийн туслах багш нарын тухайд 2-5 настай хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэддэггүйгээс бухимдаж хүүхдийн биед гар хүрдэг ажээ.

ТУСЛАХ БАГШ БЭЛТГЭХ НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЯВЖ ИРЖЭЭ.

Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийг 2020 он хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний төвөөс эрх олгосон түр сургалтын байгууллага богино хугацаагаар бэлтгэж байсан нь цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхүйц ур чадварыг эзэмшүүлэх сургалт нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналтгүй явагдаж ирснийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас туслах багш бэлтгэх түр сургалтын байгууллагад хийгдсэн хяналт шалгалтын дүн ч бас батална. 2020 онд  Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэгийн А/278 тоот тушаалаар Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөрийг баталжээ.

Мөн 2021 онд Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх зарим арга хэмжээний тухай А/132 тоот тушаал гарсан байна. Тус тушаалаар Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх зөвшөөрлийг МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, Дорнод их сургууль, МУБИС-ийн Архангайн багшийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дах Хүмүүнлэгийн дээд сургууль, Ховд их сургуульд тус тус олгожээ.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2024 оны  4 сард news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрхэнд халдсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарлаа. Үүнийг тогтолцооны шинэчлэл талаас нь харахгүй бол нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ авч болохгүй. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхээр 800 туслах багшийг 45 хоногийн түргэвчилсэн хөтөлбөрөөр бэлдсэн. Цаашдаа хөтөлбөрийг эргэн харж засаж залруулах зүйлсийг хийх хэрэгтэй гэдгээ харлаа хэмээжээ.

Боловсролын салбарын сайд солигдох бүрд туслах багшийн сургалт үйл ажиллагааг сайжруулах ХӨТӨЛБӨР, ТУШААЛ гаргасаар иржээ. Гэхдээ энэ нь цаасан дээр л үлдсэн хэвээр. Гэтэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байсаар, Чадамжийн гэрчилгээ худалдаж авдаг тохиолдлууд ч байсаар.

        2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагчдын 32.3 хувь үндсэн багш, 28.5 хувь багшийн туслах ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 60.8 хувийг эзэлдэг. Гэвч улсын хэмжээнд ажиллаж буй 8500 гаруй  туслах багш нар хаана, хэзээ яаж туслах багш болсон тухай нэгдсэн мэдээлэл байдаггүй аж. 2020 оноос өмнө туслах багш бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын төвүүд сургалтад хамруулалгүйгээр мөнгийг нь аваад гэрчилгээ олгож  байжээ. Энэ байдлыг халахын тулд шинээр суралцах туслах багш нь дээр нэр бүхий 7 их дээд сургуульд суралцах зохицуулалттай. Өмнөх сургалтын төвийн гэрчилгээтэй, ажлын байран дээр ажиллаж байгаа багш нарыг дахин сургалтад хамруулахыг аймаг, орон нутгийн боловсролын газарт чиглэлийг өгсөн ч тушаал гараад гурван жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад туслах багш нар дахин сургалтад хамрагдаагүй байна.  

 ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ “ХУДАЛДАЖ” АВСАН БАГШ НАР ШҮГЭЛ ҮЛЭЭЛЭЭ

  Туслах багшийн гэрчилгээ худалдаж авсан иргэнтэй бид ярилцсан ба өөрийнхөө нэрийг  нууцлахыг хүсэв. Түүнийг Туслах багш О гэж нэрлэе. Тэрээр орон нутгийн цэцэрлэгт  хоёр жил орчим туслах багшаар ажилласан. Мэргэжлийн чадамжийн гэрчилгээгээ танилаар дамжуулан сургалтад суулгүй төлбөрөө төлөөд худалдаж авсан талаар бидэнд ярив. Тэрээр ямар ч ажлын туршлагагүй ч танил талаараа  дамжуулан цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байжээ.

Цэцэрлэгийн туслах багш нь ажлын байран дээр бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах, хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь  туслалцаа үзүүлэх, хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах, үндсэн ажлын чиг үүрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч  бодит байдал дээр үндсэн багштай адил ажил үүрэгтэй ажилладаг байна.  Туслах багш О нь ажиллах хугацаандаа дээрх үүргийг өдөрт тутамдаа хийдэг, зарим тохиолдолд үндсэн багшийг орлож үлддэг байна. Үндсэн багш нар хүүхдүүдтэй  ангидаа ажиллахаас илүү хичээлээс гадуурх сургалт, арга зүйн үйл ажиллагаа их байдаг тухай ярив. Үндсэн багшийг эзгүй хойгуур  өөрийн хуваарьт ажлаа хийхийн хажуугаар түүний өдөр тутмын үйл ажиллагааг нөхөх гэх мэт олон ажлыг зэрэг хийхэд хүрдэг байна. Үндсэн багш, туслах багш нар адилхан хүүхдүүдтэй харьцаж байхад  багш нарыг сургалтад адил тэгш хамруулаасай гэлээ. Туслах багш зохих ёсны мэдлэг олж аваагүйгээс 2-5 насны хүүхдийн насны онцлог, хүүхэдтэй ажиллах арга барилаа мэддэггүй бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсээр байгаа юм. 

Дараагийн эх сурвалж туслах багш Б нь цэцэрлэгийн туслах багш болох сонирхолтой ба сургалтын төвүүдийг судалж байгаад нэгэн сургалтын төвийг олж хамрагдахаар бүртгүүлжээ. Тус сургалт нь нэг сарын хугацаатай онол-36 цаг, дадлага-144 цаг нийт 180 цагийн хөтөлбөртэй байжээ. Гэтэл дээр заагдсан хөтөлбөрөө бус өдөрт 1:30 минутаар онолын хичээл нь орж 14 хоног хичээллээд ажлын байран дээр дадлага хийлгэхгүй төгсгөж гэрчилгээ олгосон байна. Чадамжийн гэрчилгээ дээр нь 180 цагийн зургаан модуль хичээл судалсан ерөнхий дүн 97 хувь гэж бичсэн байв. Тус эх сурвалж нь дээрх эх сурвалжтай адил зургаан сар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж, туслах багшийн хийх ёстой ажил үүргээс их ажлыг хийж байсан учир ачааллаас болж ажлаасаа өөрийн хүсэлтээрээ гарчээ. Энэ мэтчилэн суралцсан нэр зүүж ажилласан, одоо ажиллаж байгаа хичнээн туслах багш байгаа бол...

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ САЙЖРУУЛЪЯ

Цэцэрлэгийн багшийн чадвар, үнэлэмжийг сайжруулахад дорвитой анхаарахгүй бол манай улсын сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд асар их доголдол үүсэж, чадварлаг боловсон хүчингүй болж хэн дуртай хийдэг болж хувирхав дээ. Нөгөө талаасаа сургуулийн өмнөх боловсролын байгуулагад ажиллах мэргэжлийн багшийн хомсдолд ороод буй энэ оны байдлаар 500 гаруй багшийн сул орон тоо гэж БШУЯ-наас мэдээлэв. Цэцэрлэгт үндсэн болон туслах багшийн орон тоонд мэргэжлийн бус хүмүүс, их дээд сургуульд энэ чиглэлээр суралцдаг оюутнуудыг ажиллуулж байгаа тохиолдол ч олон. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орсон нь цэцэрлэгүүд хэнийг ч хамаагүй ажиллуулах бодлого баримталж эхэлсэн нь эцсийн дүндээ төрийн алдаатай бодлогын буруу. Боловсролын асуудал хариуцсан дээд төр захиргааны байгууллага нь оновчтой бодлого хэрэгжүүлж, зөв менежмент хийж чадаагүйн үр дүн нь энэ юм. Манай улсад цэцэрлэгийн хүртээмж байхгүйгээс нэг ангид дунджаар 35-40 хүүхэд, зарим ангид 50 гаруй хүүхэд суралцдаг. Ийм олон хүүхдийг хоёрхон багшид даатгана гэдэг ахадсан ачаа, гэтэд авч байгаа цалин нь нэмэгдээд 1,1 сая төгрөг ийм цалинтай, ачаалал, дарамтаас хаширлан ажлаасаа гарах багшийн тоо их гэх мэт шалтгаанаас мэргэжлийн багшийн хомсдолд орсон. Мөн богино хугацаанд сурах хүсэлтэй, эсвэл суралцахгүйгээр төлбөрийг нь төлөөд мэргэжлийн үнэмлэх авдаг ямар ч үнэ цэнгүй, шалгуур, шаардлагад нийцэхгүй боловсон хүчин бэлтгэж буй бодлогоо эргэн харах шаардлага тулгарч буй бололтой.

 

"ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ" СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН

“LINE PEN” БАГИЙН БҮТЭЭЛ

 

/ 2024-09-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц