Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь талууд хамтран Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл болон үүнтэй уялдуулан төлөвлөсөн бусад дэд төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. “Эрдэнэт шинэ илгээлт ” төслийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой 12 төслийг талууд хамтран хэрэгжүүлнэ. Ингэхдээ Орхон аймгийн ЗДТГ 6 төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 6 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ удаад Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийг тодорхойлох, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үр нөлөө үзүүлэх, өсөлтийг хурдасгах төслийг хамтран хэрэгжүүлж буйгаараа онцлогтой.