© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эрдэнэтийг ухаалаг удирдлагын нэгдсэн системд шилжүүлэх дата төв ашиглалтад орлоо
Эрдэнэтийг ухаалаг удирдлагын нэгдсэн системд шилжүүлэх дата төв ашиглалтад орлоо

Орхон аймаг Эрдэнэт хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд “Ухаалаг хот” төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн эхний чухал ажил болох хотын мэдээллийг нэгтгэх, боловсруулах, удирдах үндсэн дэд бүтэц Дата төв бүрэн ашиглалтад орж, улсын комисс ажиллажээ. “Ухаалаг хот” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн системийг ашиглан хотын удирдлага, дэд бүтэц, төрийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай болгохыг зорьж байна.

Төслийн хүрээнд эхний ээлжид DIGITAL TWIN буюу Эрдэнэт хотын цахим хувилбарыг бий болгох ажил эхэлсэн бөгөөд одоогоор хотын төвийн хоёр километр радиустай талбайн цахим загварыг боловсруулжээ. Цаашид хотын хэмжээнд өргөжүүлж, барилга байгууламж, авто зам болон газар доорх инженерийн шугам сүлжээний мэдээллийг нэгдсэн санд бүртгэх юм. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бодит мэдээлэлд тулгуурлан төлөвлөх боломж бүрдэнэ. Тухайлбал, авто зам шинээр барих, засварлахаас өмнө тухайн хэсгийн инженерийн шугам сүлжээний нөхцөл байдлыг нэгдсэн системээс шалгаж, ажлын давхардал, төсвийн үр ашиггүй зарцуулалтаас сэргийлэх ач холбогдолтой.

Мөн Дата төв болон Камерын хяналтын дэд төвд хиймэл оюун ухаанд суурилсан хяналт, мониторингийн системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хотод ашиглагдаж буй 1600 орчим камерыг нэгдсэн системд холбосноор ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, замын хөдөлгөөн, гэмт хэрэг, зөрчлийг бодит цагт хянах боломж бүрдэх юм. Тухайлбал, ногоон бүсэд мал, амьтан нэвтэрсэн тохиолдолд систем автоматаар илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэл хүргэх шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын сервер, мэдээллийн санг нэгтгэж, хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан цаашдын хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох боломж бүрдэнэ. Үүний нэг жишээ нь хүн амын насны бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг харьцуулан аль байршилд, хэдий хугацаанд ямар багтаамжтай сургууль, цэцэрлэг шаардлагатайг урьдчилан тооцоолох юм.

Харин иргэдэд чиглэсэн үйлчилгээг “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлж, SMART ERDENET аппликейшний хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр иргэд өргөн хэрэглээний барааны үнийн мэдээлэл авах, ус, дулаан, цахилгааны хэрэглээгээ хянах, нийтийн тээврийн мэдээлэл авах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг харах, зөрчил мэдээлэх, бүтээн байгуулалтын ажилд санал өгөх боломжтой болох юм. Төслийн хүрээнд 2026 онд Дата төвийг байгуулах ажлыг төлөвлөсөн бөгөөд ийнхүү үндсэн дэд бүтэц бүрэн ашиглалтад оржээ. Мөн Хүүхэлдэйн театрын зүүн урд уулзварт замын хөдөлгөөний дүрмийн зөрчил илрүүлэх стандартын шаардлага хангасан камер суурилуулсан байна. Цаашид хотын бусад уулзварт энэ шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

“Ухаалаг хот” төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардагдах бөгөөд ойрын 3-4 жилийн хугацаанд үе шаттай үргэлжлүүлэх шаардлагатай аж. Төслийн үр дүнд төрийн шийдвэр гаргалт өгөгдөлд суурилах, бүтээн байгуулалтын ажлын уялдаа сайжрах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг бодит өөрчлөлт бий болно гэж үзэж байна.

/ 16 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц