2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирал шувтарч буй эдгээр өдрүүдэд Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Отгонбаяртай нэг сэдвээр ярилцлаа.
-Энэ хичээлийн жилд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явц ямар байна вэ?
-Орхон аймгийн хэмжээнд төрийн өмчийн 17 сургууль, 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 6 сургууль, 8 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээрт 28 мянга гаруй суралцагч суралцаж, 3000 гаруй багш, ажилчин ажиллаж байна. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан улс, орон нутгийн төсвөөс 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 48 нэгж байгууллагын 73 барилга байгууламжийн хичээлийн байр, спорт заал, угаалгын газрыг засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар 4 сургууль, 2 цэцэрлэг, 1 дотуур байр, 3 спорт заал, гал тогооны өргөтгөлийн ажил улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж байна. Мөн Баян-Өндөр сумаас биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүн олгох, цэцэрлэгүүдийг гал тогооны угаах хэрэгслээр хангах зэрэг 61 тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээ боловсролын салбарт амжилттай хэрэгжлээ.
Түүнчлэн улсын төсвийн 16,4 тэрбум, орон нутгийн төсвийн 26,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 нэгж байгууллагад их засвар, сургууль цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, барилгын гадна пасадыг өнгөлөх, цонх солих ажлууд хийгдсэн. Цаашид бид хүний хөгжид иилүүтэй анхаарч, суралцах таатай орчин бүрдүүлэх, сургалтын чанараа дээшлүүлэх, багшлах боловсон хүчний хангалтыг сайжруулахад илүүтэй анхаарч, сургалт, үйл ажиллагаагаа чиглүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
-Багшлах боловсон хүчний тал дээр эцэг эхчүүд ихээхэн нухацтай ханддаг болсон. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа талаар мэдээлж байна. Тэгвэл манай аймагт багшийн хүрэлцээ хэр байгаа талаар бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Орхон аймгийн боловсролын салбарын хэмжээнд өгөгдөл, дата бааз үүсгэн ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 297 багш гавъяаны амралтдаа гарна гэсэн тоон судалгаа гарсан. Үүнээс урьдчилан сэргийлэх, багшлах боловсон хүчнийг нөхөх чиглэлээр МУБИС, Улан-Үд хотын Багшийн сургуультай хамтран ажиллаж байна. Мөн боловсролын салбарын хамгийн том хүний нөөц нь эцэг эх байдаг. Тиймээс сургалтын чанарыг нэмэгдүүлэх, төлөвшил, хүмүүжлийн тал дээр хамтран ажиллахаар Боловсролын газрын дэргэд орон тооны бус эцэг эхийн зөвлөл байгуулсан.
Боловсролын салбарын тэгш бус байдлыг арилгах хүрээнд гэр хорооллын захын болон төвийн сургуулиудыг бүсчилсэн каластр хэлбэрээр хөгжүүлэх менежментийн богино хугацааны стратеги боловсруулж, энэ хүрээнд багш нар маань тэргүүн туршлагаа солилцож байна. Бид ойрын өдрүүдэд нэгдүгээр улирлын ажлын үр дүнгээ хэлэлцэхээр ажиллаж байна.
-Өсвөр үеийнхний цахим орчин дахь хэрэглээ болон үе тэнгийнхний дээрэлхэлтийн тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Хүүхэд төлөвшиж, хүмүүжиж, үе тэнгийн дээрэлхэлтээс ангид байж, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хамт олонтой нийгэмшихийн тулд насанд хүрэгчдийн үлгэр дууриал, чин сэтгэлээсээ ойлголцох хэрэгцээ чухал байдаг. Дийлэнх эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж байна гээд идэж уух, өмсөж зүүх анхдагч хэрэгцээг нь хангадаг хэрнээ тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, дотоод сэтгэлийг нь ойлгох тал дээр төдий л анхаардаггүй, учир дутагдалтай. Үүний цаана хүүхэд хүүхдээсээ зөвлөгөө авах, хүүхэд хүүхүүддээ зөвлөх эрсдэл үүсч байгаа юм. Хүүхэд хүүхдэдээ зөвлөснөөр ямар шийдвэр гаргах нь тодорхой тул эцэг эхчүүд, томчууд бид хүүхдээ сонсох, тэдний сэтгэлзүйн болоод хайрлагдах хэрэгцээг нь хангах чиглэлээр хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
-“Алслагдсан сургууль муу, төвийн сургууль сайн” гэдэг өрөөсгөл ойлголт эцэг эхчүүдэд бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Шинэ хичээлийн жил эхлэх үед, ялангуяа 1 дүгээр ангийн хүүхдийг сургуульд элсүүлэхэд манай эцэг эхчүүд гэр хорооллын бүсийн хамран сургах тойргийнхон маань төвийн сургуульд оруулах эрэлт хэрэгцээ үүсдэг. Ингэх хэд хэдэн шалтгаан байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн судалгаагаар нэгд, сургуулийн соёл, хоёрт нийгэмшил, төлөвшил, хамгийн том үзүүлэлт нь эцэг эхчүүдийн ажлын байр төвд байдаг учраас хүүхдүүдээ ажилдаа ойр сургууль, цэцэрлэгт сургах гэсэн акцууд илэрсэн. Уг нь гэрт ойр сургууль хүүхдийн туулах замын хувьд хамгийн сайн сургууль байх учиртай. Оройтож хичээл тарсан тохиолдолд гэртээ ойр байх нь чухал шүү дээ. 4 сургуулийн ангиуд хоорондоо Ангийн дарга нарын болон залуу багш нарын зөвлөгөөн хийх, хүүхдүүд хоорондоо соёлын солилцоо буюу хамтран сурч байгаа сургуульдаа нэг өдрийн үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөгөө хийж, хэрэгжилтийн шатандаа байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээе? Асран хамгаалагч нарт ямар уриалга хүргэх вэ?
-Боловсрол гэр бүлээс эхэлдэг. Хүүхдийн төлөвшил хүмүүжил, аливаад хандах хандлага нь эцэг эх, асран хамгаалагчийн толин тусгал байдаг тул боловсрол хүмүүжилд хамтран ажиллахыг миний зүгээс уриалж байна. Мөн тухайн нутаг дэвсгэрт байгаа багийн ажлын алба, ИНХ, аймаг, сумын төлөөлөгчид, тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхдийн боловсролд хамтран ажиллахыг уриалъя.