© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Ц.Наран-Эрдэнэ:Хөрөнгө оруулалт нэмэгдэж эмнэлгийн стандартад нийцэхүйц хөгжлийн шинэ үеийг бид эхлүүлж байна
Ц.Наран-Эрдэнэ:Хөрөнгө оруулалт нэмэгдэж эмнэлгийн стандартад нийцэхүйц хөгжлийн шинэ үеийг бид эхлүүлж байна

БОЭТ-ийн дарга Ц.Наран-Эрдэнэтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй 50 жил зогссон танай хамт олны сонин сайхнаас хуваалцъя?

-Эрдэнэт хот сүндэрлэн босохтой зэрэгцэн хүний анхдагч хэрэгцээг хангах бусад байгууллага шангаа татаж, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид өнөөдөр 50 жилийн түүхээ нэхэн санахын зэрэгцээ энэ салбарт хүчин зүтгэсэн үе үеийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчдынхаа хамтаар баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрүүл мэндийн салбар өнгөрсөн 45 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжиж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа шийдвэрлүүлж ирсэн. Энэ хугацаанд эмч хүн чагнуур, ажилладаг эсэх нь үл мэдэгдэх рентген аппараттай л явж ирсэн бол сүүлийн 5 жилд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт нэмэгдэж эмнэлгийн стандартад нийцэхүйц хөгжлийн шинэ үеийг бид эхлүүлж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөгжлийн шинэ үе гэдэг ойлголтод юуг хамааруулах вэ, та дэлгэрүүлж ярихгүй юу?

Хөгжлийн шинэ үе гэдгийг зөвхөн тоног төхөөрөмж гэж ойлгож болохгүй л дээ. Барилга байгууламжийн өнгө үзэмж, ая тухтай байдал нь өвчтөн болоод ажилтан, албан хаагчдын сэтгэл санаанд ихээхэн нөлөөлдөг. Иймд орчны сайжруулалт хийх тал дээр анхаарч ажилласны үр дүнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд эмнэлгийн нийт барилгажсан талбайн 97 хувьд урсгал болон их засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Мөн 2026 онд эмэгтэйчүүд болон хүүхдийн чиглэлийн 4 давхар барилгыг засварлах ажлыг эхлүүлж, 50 жилийн түүхэндээ хийгээгүй хөрөнгө оруулалтыг хийгээд явж байна.

Хотын зовлон гэдэг газар доорх хот буюу инженерийн шугам сүлжээний эвдрэл гэмтэл, цоорол, усны алдагдалтай шууд хамааралтай яригддаг. Үүний нэгэн адил 50 нас хүрсэн манай төвийн шугам сүлжээ зэвэрч муудсан нь асуудал болоод байсан юм. Бид зөвхөн хана будах бус үзүүлэхээр зорьж буй эмчилгээ, үйлчилгээнийхээ стандартад нийцүүлэн засварын ажлаа хийж гүйцэтгэхийн зэрэгцээ сангийн засвараа хамтад нь шийдвэрлэж чадсан. Ингэснээр “Хүн төвтэй, стандарт төвтэй, мэргэжлийн байх” чиглэлээ хангасан гэж хэлж болно.  

-Боловсон хүчний хүртээмж хэр байгаа вэ, мөн тоног төхөөрөмжийн шинэчлэл тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийг 2009 онд Бүсийн оношилгоо эмчилгээний төв болгон өөрчилсөн байдаг. Нэршил нь солигдсон ч тухайн эмнэлэгт хичнээн хүн ажиллах, ямар багаж, тоног төхөөрөмж хэрэглэх, ямар өвчнийг эмчлэх зэргийг тусгаж өгсөн Монгол Улсын стандарт бий. Энэ стандартаар манай байгууллага 750 хүний орон тоотой ажиллах ёстой ч өнөөдрийн байдлаар 518 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн жижиг, том нийлсэн 7500 орчим тоног төхөөрөмжтэй байхаас өнгөрсөн 5 жилийн хугацаанд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2000 орчим тоног төхөөрөмж худалдан авсан. Мөн 50 жилийн хугацаанд шинэчлэл хийж чадаагүй байсан мэс заслын хагалгаанд шаардагдах тоног төхөөрөмжөө 2026 оны хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Ингэснээр нэг хагалгаанд оролцдог 3-4 эмчийн ажиллагаа, ажилбарыг хөнгөвчилж чадсан.

-Эмч мэргэжилтнүүд маань осол гэмтлийн үед яаралтай тусламжийн багаж хэрэгсэл сайтай байх нь чухал шүү дээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай аймаг зуны улиралд аялал жуулчлал дагасан баруун аймгийн зорчигч ихтэй байдаг тул осол, гэмтлийн тоо ч тэр хэрээр өсдөг. Осол аваарт орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэхэд дээд болон доод мөчдийн гэмтлийн хагалгааны суурь багажтай болсон. Тухайлбал, зориулалтын багаж хэрэгсэлтэй болсноор тархины хагалгаа хийсний дараах эдгэрэл, эд эсийн нөхөн төлжилт явагдахад эерэгээр нөлөөлж чадах юм. Цаанадаж, тухайн өвчтөний эрүүл мэндийн байдал, өөртөө итгэх итгэл, гоо сайхны байдал болоод эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага дээшилнэ гэж харж байна.

Нөгөө талдаа, олон тоног төхөөрөмжтэй болохын хэрээр аль нь үзүүлэлтээ үнэн зөв зааж байна вэ гэдгийг хянах нь чухал шүү дээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд олон цаг ажилласнаар буруу заахыг үгүйсгэхгүй. Иймд бид тоног төхөөрөмжийн хяналтаа сайжруулан ажиллана. Мөн энэ онд хийгдэж байгаа нэг хөрөнгө оруулалтаа онцлоё гэж бодож байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг эмч бус хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар оношлох лабораторийн аппарат ирж байгаа. Энэ нь тухайн үзүүлж байгаа хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг хянаж, рентген, зүрхний бичлэг, уушиг, нүд, чих нь ямар байна вэ гэдэгт дүгнэлт өгөх аппарат юм. Орчин үеийн шаардлагаар эмнэлгийн тасаг бүр эхо аппараттай байх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа тул манай төв 5 эхо аппарат авсан. Үүний хоёр нь өндөр хүчин чадалтай буюу эхийн хэвлий дэх ургийн гажигийг тээлтийн хугацаанд оношлох 5D эхо болон бага хэмжээтэй хавдрын эсийг эрт оношлох эхо аппаратууд бий.

-Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

/ 18 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц