© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
А.Уранчимэг: Бид соёлын үйлчилгээг тасралтгүй явуулснаар нийгэмдээ эерэг иргэдийг төлөвшүүлнэ
А.Уранчимэг: Бид соёлын үйлчилгээг тасралтгүй явуулснаар нийгэмдээ эерэг иргэдийг төлөвшүүлнэ

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга А.Уранчимэгтэй салбарын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар ярилцлаа. Мөн соёл, урлагийн салбарт ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй нийт ажилтан, уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэлээ.

 

-Орхон аймгийн Соёл урлагийн салбарынхан налгар намрыг ургац арвинтай угтаж байх шиг байна. Салбарын сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Орхон аймгийн Соёл урлагийн газар байгуулагдаад 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан манай байгууллага соёл урлагаас гадна аялал жуулчлал, залуучуудын асуудлыг хамаарах болсон. Үндсэндээ хоёр хэлтэс, 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн салбарын бодлогыг бид хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд номын сан, театр, музей, 6 соёлын төвд ажилладаг 150 албан хаагчтай. Энэ онд Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиосонтой холбогдуулан соёлын салбарынхан маань харьцангуй өндөр ачаалалтай ажиллалаа. Үндсэндээ энэ оны ажлын тухайд ургац арвин байна. Бид ойн хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр, тус аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран Наурызын баярыг өргөн хүрээнд зохион байгуулж, Улаанбаатар хотноо Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдааны үеэр урлаг соёлын тоглолтоор нутгийн олондоо бэлэг барьсан. Мөн ойн хүрээнд “Авъяаслаг Эрдэнэтчүүд”, хойд бүсийн “Хүүхдийн дууны уралдаан”, үндэсний хөгжмийн улсын уралдааныг Уран эгшиг сургуультай хамтран зохион байгуулсан. “Wonderlast” Дэлхийн Театрын өдрүүдийг улсын хэмжээнд анх удаа, Орхон аймагтаа амжилттай зохион байгууллаа. Эдгээр өдрүүдэд 13 орны 125 уран бүтээлч Эрдэнэт хотноо хүрэлцэн ирж, бүх сургууль, цэцэрлэг дээр театрын үзүүлбэрийг “амьд”-аар тоглож сонирхуулсан. Түүнчлэн Уламжлалт ажлуудаас цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” уралдаан, “Номын баяр”-аа амжилттай зохион байгуулсан.

Онцлох нэг зүйл нь, Эрдэнэт хотын баяр наадмын үйл ажиллагааны найруулагчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, Эрдэнэтийн унаган хүүхэд, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн баг хамт олон шалгарсан. Манай байгууллагын зүгээс удирдлага, зохион байгуулалт дээр хамтран ажиллалаа.

-Аялал жуулчлалын чиглэлээр зохиогддог нэг томоохон үйл ажиллагаа нь дэлхийн “Нүүдэлчин фестиваль” болоод байгаа. Манай аймгийн хувьд ч нэлээд ач холбогдол өгч оролцдог шүү дээ. Энэ жилийн тухайд ямар онцлогтой болж өнгөрөв?

-“Нүүдэлчин фестиваль” жилээс жилд өргөжиж байна. Энэ жилийн тухайд “COP17” дэлхийн цөлжилтийн эсрэг НҮБ-ын XVII их хурлын хүрээнд фестивалийн үйл ажиллагааг чиглүүлсэн нь онцлог байсан. Фестивалийн 7 ай сав төрлөөс манайх 3 ай сав төрөлд “Шилдэг өвлөн уламжлагч” шагналын эзэд болсон. 70-100 жилийн хөгжлийн түүхэн замналтай аймаг, орон нутагтай харьцуулахад манай аймаг харьцангуй залуу хот учраас өв соёлын тал дээр замнал багатай. Өвлөн уламжлагч нар ихэвчлэн тухайн орон нутагтаа амьдарч, өв тээгч нараа бэлтгэдэг бол манай аймгийн дийлэнх хувийг суугуул иргэд эзэлдгээрээ онцлогтой. Хэдий тийм ч бид жил бүр багагүй амжилт гаргасаар ирсэн.

-Салбарын хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид соёл урлагийн үйлчилгээ явуулах аятай таатай орчин бүрдүүлэхэд аймагтай хамтран ажиллаж, соёлын байгууллагуудын тохижилт, засвар үйлчилгээг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж ирсэн. Энэ онд Хүүхэд залуучуудын театр, “Хэмнэл” соёлын төвийн дээвэр, гадна пасадыг засварласан. Мөн улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Наран багийн “Баян-Өндөр” соёлын төвийн “царцсан” барилгыг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Сайн ажилд саар мундахгүй гэдэг дээ. Тулгамдсан бэрхшээл юу байна вэ?

-Тулгамдсан ажлууд нэлээд хэд бий. Нэгд, Манай аймагт мэргэжлийн урлагийн байгууллага байдаггүй тул дуу бүжгийн чуулгатай болох хэрэгцээ байна. Хоёрт, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа музейн үзвэрүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс шинэ барилгын зураг төсвийг гарган, улсын төсөвт оруулах саналаа хүргүүлсэн. Мөн улсын төсөв харахгүйгээр томоохон аж ахуйн нэгж, компаниуддаа санал тавих, дэмжлэг үзүүлэх боломжтой олон улсын төслүүдийн талаар судалгаа хийж байна.

-Музейн стандартын шинэ барилга барих асуудлыг олон жил ярьж байна. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь хуучнаар кино заал байсан юм. Энэ нь мэдээж зориулалтын бус орчин гэсэн үг л дээ. Мөн музейн ажиллагсдын ажлын өрөө хоёр барилгын дундын коридорт байрладаг. Үндсэндээ одоогийн барилга нь хотын эхний ээлжийн орон сууцны барилга тул сантехник нь насжилт өндөртэй, ус алдаж, цан цохиж, орчны хувьд нэлээд муудсан.  Шинэ барилгын газраа Бурхан багшийн сэрэг дүрийн урд авсан тул зориулалтын барилгыг бүтээн босгох л хэрэгтэй болоод байна. Намайг Номын төвийн дарга байх үед буюу 2009 онд музейн барилгын зураг хийгдэж байсан. Олон ч жил уг зургаар барилга барих гэж хөөцөлдөөд төсөв нь шийдэгдээгүй. Тухайн үеийн барилгын хийц, материал өөрчлөгдсөн тул орон нутгийн хөрөнгө оруулалтаар 300 гаруй сая төгрөг шийдвэрлэн, дахин зураг гаргуулсан. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд шийдвэрлэх олон ажил аймагт байдаг тул соёлын салбарын ажлууд хойшлоод байна уу даа гэж бодогддог юм.

-Дуу бүжгийн чуулгын асуудал хэрхэх вэ? Чуулгатай болохын давуу талыг онцолвол?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгыг 2002 онд Эрдэнэт үйлдвэрт шилжүүлсэн байдаг. 2002 оноос өмнө Хүүхэд залуучуудын театрт харьяалагдан үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед бие даасан Соёлын яам байгаагүйгээс гадна орон нутаг бие даан чуулгыг авч явахад төсвийн асуудал хүндрэлтэй байсан байх. Одоо соёлын тухай ойлголт, төрөөс баримтлах бодлого чиглэл өөрчлөгдөж, соёлын ажилтнуудын цалин хөлс, урамшуулал шинэчлэгдсэнтэй холбогдуулан Орхон аймаг өөрийн чуулгатай болох тал дээр холбогдох хүмүүст хүсэлтээ тавьж байгаа.

            Аймагт зохиогдож байгаа аливаа соёл урлагийн үйлчилгээ, томоохон тоглолтуудыг мэргэжлийн байгууллага нь хийх ёстой юм. Иргэдийг соён гэгээрүүлэх нь соёлын үйл ажиллагаа шүү дээ. Бид соёлын үйлчилгээг тасралтгүй явуулснаар эерэг иргэдийг төлөвшүүлж чадна. Аялал жуулчлалын салбар нь харж, хүртэж байж өгөөжөө өгдөг бол соёл урлаг, залуучуудын салбар нь нөлөөллийн үйл ажиллагаагаар хүмүүст илүүтэй хүрдэг. Хоёр өөр салбар ч гэлээ соёл урлагаар дамжуулан бид аялал жуучлалыг татах боломжтой гэж хардаг. 

-Соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хослуулан хөгжүүлснээр эдийн засагт илүү үр өгөөжтэй гэж харж болох уу?

-Тийм ээ. Мэдээж соёлыг дагасан аялал жуулчлал бий болно. Хослуулж чадвал эдийн засгийн үр өгөөж илүү. Монголын соёл урлаг маш том, агуу шүү дээ. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нөөц ихтэй. Манай аймаг харьцангуй залуу хот. Энэ ч утгаараа тасралтгүй урлагийн тоглолт явагддаг байх, оркестртой байх хэрэгтэй гэж хардаг. Тэгж байж үзэгчдэд соёлын мэдрэмж, таашаалыг илүү өгч чадна. Мөн орчин үеийн хот учраас орчин үеийн урлагийг илүүтэй хөгжүүлэх нь бусдаасаа ялгарах онцлог болох байх. Манай аймгийн үзэгчид, иргэдийн соёлын мэдрэмж бусад орон нутгаас өөр гэдэг нь мэдрэгддэг. Жишээ нь, Улсын филармонийн симпони оркестр ирж тоглолт хийхэд заал дүүрэн үзэгчтэй байсан нь үүнийг илтгэдэг. Манайд тоглохоор ирж байгаа урлагийнхан ч энэ талаас нь харж бэлтгэлтэй ирдэг.

-Театрын хөгжлийн тухайд та юу хэлэх вэ?

-Хүүхэд залуучуудын театрын хувьд драмын чиглэлийн, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулж байна. Театрын уран бүтээлчид маань өнгөрсөн онд БНХАУ-ын Эрээн хотноо “Асаж буй толгод” жүжгээ нэг сар гаруй хугацаанд тоглосон. Аймгийн 50 жилийн ойг угтан зохион байгуулсан “Wonderlast” олон улсын фестивалийг орон нутагтаа хийснээр манай театрын жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг 13 улсын жүжигчид бишрээд явсан. Зарим нь “Манай улсад ирж тоглолт хийгээрэй” хэмээн урьсан. Уран бүтээлчид маань хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон драмын, уянгын, ганцаарчилсан гээд олон сэдвээр тоглож байна.

-Урлагаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид маань өдөр шөнөгүй хүчин зүтгэсээр байна. Харин эдгээр ажилтны нийгмийн асуудал, хэрэгцээ шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь сонин байна?

-Соёлын салбар маань улсын хэмжээнд орхигдоод байсныг би өмнө дурьдсан. Цалин хөлсний хувьд ч бага байсан. Өнгөрсөн хугацаанд Соёлын яамтай болж, тодорхой ажлуудыг шат дараатай хийснээр цалинг бусад салбарын түвшинд хүргэсэн. Үндсэндээ 67,2 хувиар цалинг нэмэгдүүлж байж бусад салбартай дүйж очсон гэхээр бидний цалин ямар байсан нь тодорхой болов уу. Тиймээс ч энэ салбарынхан жинхэнэ сэтгэлээрээ ажиллаж ирсэн нь харагддаг юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар соёлын салбарын ажилтнуудын цалинг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс 50 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ, мөн 5 жилийн тэтгэмжээ авч эхэлсэн, бусад салбарынхны адил 36 сарын тэтгэмжээ авч тэтгэвэрт гардаг болсон, техник хэрэгслийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, сургаж хөгжүүлэх боломж бололцоо дээшилсэн гээд яамтай болсны үр өгөөжийг чамгүй хүртэж байна. Төгсгөлд нь соёл урлагийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүсдээ соёл урлагийн ажилтны баярын мэндийн хүргэе. 

-Ярилцсан танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

/ 5 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц