Эрдэнэт хотын өдрийн тэмдэглэл
Хүн бүр амьдралынхаа өдөр бүрт тохиолдсон сонин содон, сургамж, дурсамжтай мөчүүдээ тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээдэг. Тухайн үедээ энгийн мэт санагдсан үйл явдлууд он цаг өнгөрөх тусам амьдралын үнэт дурсамж, эргэн сөхөхөд сэтгэлд дулаахан, нандин түүх болон үлддэг билээ. Магадгүй, өдрийн тэмдэглэлийн үнэ цэн нь өнгөрсөн цаг хугацааг зураглан, хүмүүсийн амьдрал, тухайн цаг үеийн өнгө төрхийг хойч үедээ өвлүүлэн үлдээдэгт оршдог биз ээ.
Үүний нэгэн адил бидний амар амгалан амьдралүргэлжилж буй Эрдэнэт хотын хаа нэгтээ энгийн атлаа үнэ цэнтэй түүхүүд бичигдсээр байгаа нь лавтай. Чухамдаа хотынхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн хүмүүс болоод жижигхэн хэрнээ утга учиртай мөчүүд, хамтдаа бүтээсэн амжилт бүхэн Эрдэнэтийн түүхийг бичилцсээр байдаг нь маргаангүй юм. Тиймээс бид Эрдэнэт хотынхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох нандин дурсамж, хөдөлмөр бүтээл, хүмүүний түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор “Эрдэнэт хотын өдрийн тэмдэглэл” буланг нээж байна. Энэ хуудас Эрдэнэтийг бүтээлцэж, хайрлаж ирсэн хүн бүрийн өдрийн тэмдэглэл байх болно.
Эрдэнэтийн 50 дахь зун…
Эрдэнэтийн энэ зун өмнөх жилүүдээс нэг л өөр. Угтаа хагас зууны түүхээ бүтээсэн Эрдэнэт хот ирээдүйгээ бичиж байна...
Өглөөний нар хотын дээгүүр мандахад барилгын кранууд аль хэдийнэ ажилдаа оржээ. Зам засварын техникүүдийн чимээ, цэцгийн мандал услах ажилчдын хөдөлгөөн, гудамж талбай цэвэрлэж буй хүмүүсийн дотноинээмсэглэл гээд хот бүхэлдээ нэгэн хэмнэлээр амьсгалж байна. Тэр хэмнэлийн нэр нь Эрдэнэтийн 50 жилийн ой. Хагас зуун жилийн өмнө ажилчин залуусын мөрөөдөл, инженерүүдийн зураг төсөл, уурхайчдын хүч хөдөлмөрөөр эхэлсэн энэ хот өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болжээ.

Тавин жилийн ой гэдэг үе үеийн Эрдэнэтчүүдийн хөдөлмөр бүтээл, бахархлыг эргэн дурсаж, ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээж буй түүхэн мөч юм. Энэхүү түүхт ойгоо угтан Орхон аймаг 59 бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, баяр наадмын өмнө болон дараа гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Баярын өмнө ашиглалтад оруулах ажлуудын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа чихэнд чимэгтэй мэдээг дууллаа. Хотын өнгө төрхийг тодорхойлох томоохон ажлуудын нэг нь автозамын шинэчлэл бөгөөд 14 байршилд зам засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнүүлжээ. Мөн наадмын талбай, Урт цагааны гудамж, Эрдэнэт угтах хаалга,хөшөө дурсгалуудын сэргээн засварлалт, ногоон байгууламж, гэрэл гэрэлтүүлэг гээд хотын өнгө төрхийг илтгэсэн олон зүйлсийг шинэчилж байна.

Энэ зуны тухайд тод томруунаар онцлох нэг зүйл нь иргэдийн оролцоотой хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд юм. “Их цэвэрлэгээ”-нд иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож хотдоо өнгө нэмлээ. Өглөөний нартай уралдан, үдэш оройн цагаар ч тэр гартаа будаг, багс барин хийж буй ажилдаа ханцуй шамлан орсон иргэдээ хараад “Хүн бүрийн хүсэл сэтгэлд хотоо гэсэн халуун дулаан сэтгэл буцалж байхад бусад нь аяндаа болно доо” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Ийм л болохоор Эрдэнэт хөгжилд түүчээлэгч хот болсон биз ээ.


Уурхай даган байгуулагдсан Эрдэнэт хот эдүгээ улс орны эдийн засгийн тулгуур болж, өрсөлдөх чадварын индексээр улсдаа тэргүүлсээр байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь ч өөр өөрийн салбарт өнгөлж явааг харахад бахтай сан. Салбартаа тэргүүлэгч эдгээр үйлдвэрийн нэг болох “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэсэн зэс уртасгагч залгуурыг түүхт ойн хүрээндээ 30 гаруй мянган айл өрхөдбэлэг болгон хүргүүлжээ. Энэ нь нэг талаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, нөгөө талдаа өрх бүрийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг бодолцон хөрөнгө оруулалт хийсэн бодит алхам яах аргагүй мөн. Би хувьдаа олон мянган өрхийн өмнөөс баярлаад л сууж байна.

Эрдэнэтийн 50 дахь зуныг бүтээн байгуулалтын төдийгүй итгэл, эв нэгдэл, бахархлын зун гэж би хэлнэ. Хотыг барилга бус хүн бүтээдэг. Тиймээс ч Эрдэнэт хотын хамгийн үнэ цэнтэй баялаг нь Эрдэнэтчүүд өөрсдөө юм...
