Аймгийн 2025 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын 80 гаруй хувийг инженерийн шугам сүлжээ, авто замын шинэчлэл эзэлж буй.
40-өөс дээш жилийн насжилттай дулааны шугамаа эхнээс нь шинэчилж, солих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын ажил эхэлж байна. Ингэхдээ хотын төвийн авто замын уулзварууд доорх шугамыг хонгилын системд оруулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь Чандмань төв орчим юм.
Уг хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор энэ сарын 16-ны 20:00 цагаас 40 хоногийн хугацаанд Баянгийн уулзвараас Чандмань төвийн уулзвар, IV.27-ийн уулзвараас Чандмань төвийн уулзвар руу нэвтрэх авто машины хөдөлгөөнийг хязгаарлана.
Тус байршилд улс, орон нутгийн төсөв гаднын төслийн санхүүжилтээр хийгдэх дөрвөн хөрөнгө оруулалтын ажил давхцаж буй. Зам хаах 40 хоногийн хугацаанд хийгдэх хамгийн том ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 152м дулааны шугамыг өргөтгөж, шинэчлэн, хонгилын системд оруулна. Бетон хийцлэлээр хийх бөгөөд хаталт, бэхжилтэд барилгын норм дүрмийн дагуу 28 хоног шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хонгилын системд оруулснаар ирээдүйд зам ухаж хөндөхгүйгээр шугамд засвар, үйлчилгээ хийх боломж бүрдэх юм.
Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж буй Эрдэнэт хотын дулааны найдвартай байдлыг бий болгохын тулд одоо байгаа 400-ын шугамыг 500мм болгон өргөтггөж хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Уг ажлыг “Талст билэг” ХХК гүйцэтгэх бөгөөд ажлын чанар гүйцэтгэлд анхаарч, товлосон хугацаанаас өмнө ажлаа дуусгахаа илэрхийлэв.
Эрдэнэт хотын төв дулааны шугамууд 1976 оноос тавигдсан. Хамгийн сүүлийнх нь 1989 онд V микрээс хойш VII микр хүртэлх шугам тавигджээ. Өдгөө 50 жилийн насжилттай шугамд шинэчлэлт хийгдээгүй. Нэг удаа шинэчилсэн шугам нь Уурхайчин III хороолол баригдахтай холбоотойгоор нэгдүгээр цэгээс Холбооны уулзвар хүртэлх 640м шугамыг сольж байжээ.