Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан UTGAMN сайтын сэтгүүлч Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Бид хүүхэд байхдаа томчуудын хүүхдүүдэд зориулсан үлгэрийн номыг уншиж өссөн. Харин хүүхэд хүүхдэдээ зориулан үлгэр зохиож, түүнийг нь ном болгон гаргаж байгаа нь ихээхэн сонирхолтой санагдлаа. Эндээс яриагаа эхлэх үү?
-Бидний хүүхэд нас, аав ээж, эмээ өвөө гээд хайртай бүхий л хүмүүсийн дурсамжтай үлгэр холбогддог нь нууц биш юм. Миний хувьд ч мөн адил. Тэгэхээр бидний бүтээж буй ном нь хүүхдээс хүүхдэд зориулсан онцгой бүтээл яах аргагүй мөн. Ер нь хүүхдийн номыг ихэнхдээ насанд хүрсэн хүн бичиж, дараа нь хүүхдүүд уншдаг шүү дээ. Харин манайхаас эрхлэн гаргаж байгаа уг номд танай, манай хүүхэд өөрийн бодол, дурсамж, сургамжийг шингээн, өөрсдөө туурвиж байгаагаараа онцлогтой. Хүүхдүүд өөрсдийн амьдрал, туршлага, ухаарал, сургамжаас сэдэвлэсэн үлгэрийг энэ номд багтаасан тул уншигч хүүхдүүдэд илүү ойр санагддаг гэх үү дээ. Зарим хүүхэд хийж байгаа зүйлээсээ ухаарал авч, “Ингэж болохгүй юм байна” гэж ойлгосноо бусадтай хуваалцдаг. Хэдий богинохон ч, тэдний хэлсэн нэг өгүүлбэр хүртэл үнэ цэнтэй санаа болж, мартагдашгүй дурсамж болон үлддэг дээ.
- Хүүхдүүд үлгэрээ өөрсдөө зохиож бичихээс гадна зургаа зурдаг юм байна. Тэд оюун бодолдоо байгаа дүрслэлээр дотоод санаагаа илэрхийлж, урлагаар дамжуулан олон түмэнд түгээж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Анх энэ санааг хэрхэн олсон бэ?
-Хүүхдийн ертөнц маш гэгээлэг. Тэдний мөрөөдөж сэтгэх зүйлс ч хязгааргүй. Миний хувьд тэдгээр онцгой ертөнц дэх бодол мэдрэмж, дүр дүрслэл, санааг ном болгож хэвлэн гаргах нь хариуцлагатай ажил болохын зэрэгцээ санаанд багтамгүй мэдрэмжийг төрүүлдэг юм. Хүний амьдралд, сэтгэлд мөнхөд оршдог нөмөр нөөлөг бол аав хүн байдаг. Хэдийгээр би нас биед хүрч, айлын гэрийн эзэгтэй болсон ч дотор минь нэг жижигхэн охин бий. Үргэлж нялхаараа аавдаа эрхэлдэг Батцэцэг. Тэр бяцхан охин л үеийн хүүхдүүдтэйгээ найзалж нөхөрлөн, тэдний санааг бүтээл болгон гаргаж байгаа хэрэг л дээ. Мэдээж ном болох хүртэл олон шат дамжлагтай. Ном бүтэх бүхий л хугацаанд би дотроо аавыгаа бодож, өөрийн нэрний өмнө дуудуулдаг тэр хайртай хүндээ зориулан тухайн номоо хийдэг. 2019 оноос энэ ажлаа эхлүүлж, 2024 он хүртэлх хугацаанд бүтээлээ бэлтгэн, хэвлээд байсан юм. Улмаар ивээн тэтгэгчийн дэмжлэгтэйгээр, сайн дурын үндсэн дээр 6800 орчим номыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй бэлэг болгон түгээсэн.
Сургуулийн захиргаатай урьдчилан уулзаж, бага болон дунд ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулсны дүнд номонд орсон бүтээлүүдээ тэднээс авсан. Энэ уулзалтаар ном бүтээх үйл явц, сургамжит үлгэрийн онцлог, хэрхэн оролцох талаар хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар танилцуулдаг. Улмаар хүүхдүүдэд 7-10 хоногийн хугацаа өгч, өөрийн зохиосон үлгэрээ бичиж ирүүлэх боломжоор хангадаг. Хүүхдүүд бүтээлээ идэвхтэй илгээж, заримыг нь зузаан ном хэлбэрээр хавтаслаж явуулсан тохиолдол ч бий. Эдгээр бүтээлээс шилдэг, сонирхолтой, сургамжтай, өгүүлэмжтэй зохиолуудыг сонгон авч номондоо багтаадаг.
Номын бас нэг онцлог нь байгууллагуудтай хамтарсан бүтээл гаргах боломж олгодог явдал юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрээс санал тавьж, тус үйлдвэрийн ажилтнуудын хүүхдүүдийн бүтээлээр ном бүтээж байсан. Үйлдвэрийн аль нэг цехийн ажилтны хүүхэд номонд орж, өөрийн болоод аав, ээжийнхээ нэртэй үлгэрээ байршуулснаар өөрөөрөө төдийгүй эцэг эх нь үр хүүхдээрээ бахархах боломжийг олгосон гэж боддог. Мөн дийлэнх байгууллага ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан нийгмийн хариуцлагын хүрээний үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хүүхдүүд ч өөрийн нь гэр бүл, аав ээжийнхээ ажил, байгууллагын онцлогийг тусгасан үлгэр бүтээж, ном болон үлдэж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа маш үнэ цэнтэй ажил болдог.
-Та олон жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан сэтгүүлч хүн шүү дээ. Чухам хэзээнээс хүүхдийн номын зохиолч болчихов оо гэж гайхах хүн байж магад?
-2019 онд хан тэнгэр шиг аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэр үеэс л энэ ажил минь эхэлсэн. “Аавынхаа нэрийг гаргасан, дурсгалыг нь мөнхөлсөн нэг зүйл хийх юмсан” гэж их бодсон. Би чинь сэтгүүлч хүн болохоор анхандаа хэвлэлийн чиглэлээр ямар нэг юм хийх үү гэж нэлээд бодсон. Тэгээд дүү нартайгаа ярилцаж байгаад “Ном байвал зүгээр юм байна” гэж шийдсэн. Миний хоёр дүү боловсролын байгууллагад ажилладаг болохоор хүүхдийн ном байвал илүү оновчтой гэсэн санал гаргасан. Ингээд тухайн үеийн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ахтай уулзаж, санхүүгийн дэмжлэг хүссэн дээ. С.Батжаргал ах “Энэ чинь гоё санаа байна, гэхдээ дүртэй байвал илүү утга төгс болох юм” гэж хэлсэн. Ингээд эхний санхүүжилтийг С.Батжаргал ах гаргаж, энэ ажил маань амжилттай эхэлсэн түүхтэй. Бид “Чимкагийн хүүхдүүд” төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэсийн хүүхдүүд” сургамжит үлгэрүүдийг гаргадаг болсон доо.
-“Чимкагийн хүүхдүүд” төрийн бус байгууллага гэхээр номын багт ажилладаг бүх хүн танай гэр бүлийнхэн байдаг уу?
-Манай хамгийн анхны ном болох “Утасны мангас” бол миний хамгийн хайртай бүтээлүүдийн нэг. Учир нь тэр номын санаа манай дүүгийн хоёр настай охиноос төрсөн юм. Тухайн үед охин утсанд их автчихсан байсан тул дүү маань эхнэртэйгээ ярилцаад охиныхоо нүдний эргэн тойронд хараар зураад “Утас оролдвол нүд чинь ийм болно шүү” гэж хэлсэн юм билээ. Тэгтэл охин нь үнэхээр итгээд, утаснаас холдсон. Дүүгийн маань охины санаа ч гэлээ дүү маань өөрөө зураг зурж, би үлгэрийн текстийг редакторлан засварлаж, ном болгож байсан. Ингэж л бидний анхны бүтээл бий болсон. Одоо харин янз бүрийн зураачтай болсон. Найз нөхөд, дүү нар, танил уран бүтээлчид гээд олон хүн хамтран ажиллаж байна.
-Таны эхлүүлсэн төсөл одоонооос бизнесийн хэлбэрт шилжиж байгаа гэж ойлголоо?
-Тийм ээ. “Эрдэнэсийн хүүхдүүд” сургамжит үлгэрүүд маань анх сайн дурын ажил байсан бол одоо бизнесийн чиглэл рүү орж байна. Мэдээж анхны зорилго маань сайн дурын ажил дээр тогтож байсан тул үүнийгээ үнэтэй болгоно гэхээр сэтгэл дотор нэг тийм сонин мэдрэмж төрдөг л дөө. Гэхдээ найз нөхөд, ойр дотны хүмүүс “Энэ чинь хий дэмий зүйл биш, үнэхээр үнэ цэнтэй бүтээл шүү дээ, бизнес болгосон нь зөв” гэж хэлж, урам өгсөн. Үнэндээ зураач, зохиолч, хүүхдүүд гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулан байж оролцдог бүтээл шүү дээ. Хүүхдүүд маань өөрсдийн ухаарал, сэтгэлээ шингээн, зураач нар маань сэтгэлээсээ зурж, бид ч маш их цагаа зарцуулж байна. Ингээд бодохоор энэ бүхэн зүгээр нэг үнэ төлбөргүй зүйл байж таарахгүй юм билээ. Шинэ жилийн баяраас өмнө 3000 ширхэг ном хэвлэн, борлуулалт хийж үзсэн, бүгд зарагдчихсан. Тэгэхээр хэрэгцээ сонирхол байгаа нь тодорхой болсон. Одоо бид гурван номыг багцлаад ердөө 6000 төгрөгөөр зарж байна. Нэг аяга кофены ч үнэ хүрэхгүй шүү дээ. Гэтэл тэр дотор маш олон хүний хөдөлмөр, уран бүтээл бий. Зураачдаа урамшуулахын зэрэгцээ бүтээлээ өгсөн хүүхдүүддээ 6 дугаар сарын 01-нд бэлэг өгдөг уламжлалаа хадгалахыг хүсдэг. Гэвч бодит зардлаа тооцоод үзэхээр үнэ нь хаана ч хүрэхгүй байгаа нь үнэн.
-Таны зорилго, мөрөөдөл юу вэ?
-Би өнгөрсөн 11 дүгээр сард BNI Олон Улсын байгууллагад элссэн. Сургалтанд сууж байхдаа “Танай бизнес дэлхийд гарах боломжтой” гэж хэлэхийг сонсоод, эхэндээ тэр үг их хол санагдсан. Би чинь ер нь бизнес гэж юу болохыг ч сайн ойлгоогүй зүгээр л хийж ирсэн сайн дурын ажлаа нэг хэлбэрт оруулаад л явж байсан хүн шүү дээ. “Дэлхийд гарна” гэхээр нь “Би энэ ажлаа Эрдэнэтэдээ ч бүрэн таниулж амжаагүй байхад яаж дээ” л гэж бодсон. Сүүлд нь ойлгосон зүйл бол хэлний асуудлаа шийдэх хэрэгтэй юм байна гэдгийг л бодитоор ухамсарласан. Зөвхөн Монгол хэл дээр үлгэрээ гаргаад зогсох биш, олон улсын түвшинд хүргэхийн тулд англи хэлтэй байх шаардлагатай. Зөвхөн Монгол хүүхэд гэлтгүй дэлхийн олон орны хүүхдүүд үлгэр уншиж байна шүү дээ. Ингээд бид үлгэрүүдээ англи-монгол хэлээр зэрэг гаргаж эхэлсэн. Нэгдүгээрт, хүүхдүүд англи хэлний мэдлэгээ сайжруулахад тус болж байна. Хоёрдугаарт, сургалтын төвүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ингэснээр “Дэлхий” гэдэг ойлголт өмнөх шигээ хол биш бүр ойрхон юм шиг санагдаж эхэлсэн. Гэхдээ мэдээж цаашдаа илүү гарц, гаргалгаа хэрэгтэй.
Хоёрдугаарт байгууллагуудтай хамтран ажиллах зорилго мөрөөдөлтэй. Учир нь бид хүүхдүүдэд зөвхөн үлгэр ярьж өгөөд зогсохгүй, тэдний ирээдүйн мэргэжил сонголтод нөлөөлөхүйц ойлголтыг өгмөөр байна. Хүүхдүүдээс “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?” гэж асуудаг ч, бид тэдэнд мэргэжлийн талаарх ойлголтыг багаас нь өгдөггүй. Харин үлгэрээр дамжуулан тухайн мэргэжлийг ойлгуулах, сонирхлыг нь төрүүлэх маш чухал. Жишээ нь, эмч, багш, уурхайчин, инженер, зураачийн тухай үлгэрээр дамжуулан хүүхдийг ирээдүйнх нь зүг чигт, сонирхол, урам зоригийг нь зөв тийш чиглүүлэх зорилготой. Ингэхийн тулд байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
-Цаг зав гаргасан танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.