“Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумаар Эрдэнэт хотын 2036 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалыг зарлана
Одоогоос 50 жилийн өмнө уул уурхай түшиглэн байгуулагдсан Эрдэнэт хот нэг салбараас хамааралт эдийн засгийн хөгжилтэй билээ. Энэхүү хамаарал нь байгалийн шавхагдах баялаг дуусах үед хөгжлийн өндөр эрсдэл үүсгэж байгаа юм.
Иймээс “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум нь Эрдэнэт хотын ирээдүйг тодорхойлох, нэгэн үеийн хөгжлийг түүчээлэх боломжтой нийт 60 төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, Эрдэнэт хотын 2036 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалыг зарлах, Олон улсын донор байгууллагууд болон гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн өргөн хүрээний зорилгоор зохион байгуулагдаж байна.
Эрдэнэт хэмээх үнэт хөрөнгийг үнэт цаас болгон арилжаалах эрхийг МУ-ын Засгийн газар шийдвэрлэнэ. Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу сүүлийн 3 жил улсаас татаас аваагүй аймаг бонд гаргах эрхтэй. Иймээс Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг сайжруулах, татварын баазыг солонгоруулах үүднээс ЭРДЭНЭТ БОНД-ыг гаргахаар төлөвлөж, эхний ээлжинд Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн, дэмжигдсэн юм.
Энэхүү үнэт цаас гарснаар Эрдэнэт хотын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг сайжруулах, ААН-үүдийг дэмжих, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна.
Одоогоор 400-аас 450 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн бөгөөд шат шатны хуулийн дагуу цааш Сангийн яамнаас эдийн засгийн тооцооллыг гаргаж, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байна.