© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Монголын хурал, захиргааны байгууллагын хувьд “Хар өдөр” болж байна
Монголын хурал, захиргааны байгууллагын хувьд “Хар өдөр” болж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаан өнөөдөр зарлагдсан хэдий ч хурлаар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүйн улмаас хурал тарлаа. Төлөөлөгчид энэ удаагийн хурлаар “Аймгийн баяр наадмын хороо байгуулах, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах, Орон нутгийн өмчийн асуудал, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх ажлын жагсаалт, Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” зэрэг асуудлыг хэлэлцэн байсан юм. Хурлын эхэнд Ардчилсан намын бүлгээс “Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатыг огцруулах тухай” санал оруулахад, хурлын дарга “Албан бичиг нь үг үсгийн алдаатай, үндэслэлгүй саналыг хэлэлцвэл хурал өөрөө хууль зөрчиж, хууль бус шийдвэр гаргахад хүрнэ” хэмээгээд хурлын хуралдааныг хаах шийдвэр гаргасан юм.

Энэ үеэр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчОргилболдын гаргасан саналыг хурал дахь Ардчилсан намын бүлгийн 20 төлөөлөгч бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан төдийгүй бүгд хуралд ирц бүрэн оролцож байгаагаа ч мэдэгдсэн. Мөн үг үсгийн алдаатай дээрх бичгийг Оргилболд төлөөлөгч бус хурлын Ажлын албаны мэргэжилтэн албан бичгийн маягт дээр хэвлэж, хурлын Ажлын албаны дарга Ш.Ганболд хуульд заасан үүргийнхээ дагуу уг албан бичиг дээрх алдаа оноог хянаж, зөвлөн туслах зарчмаар дэмжлэг үзүүлэх ёстойг Ардчилсан намын зарим төлөөлөгч хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Ганболд хэвлэлийн бага хурал зарлаж, тайлбар хийлээ. Тэрээр “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуулийн дагуу 14 хоногийн дараа дахин хуралдах боломжтой” гэсэн тайлбар өглөө.

Өнөөдрийн хурлын хуралдаантай холбогдууланхэлэлцэх асуудлыг батлах эсэх талаар санал оруулж, байр сууриа илэрхийлсэн зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг хүргэе.

 

Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ч.БОЛОР-ЭРДЭНЭ: Дуртай нь хурлын хуралдаан дээр “Төлөөлөгчийн бүрэн эрх” гээд асуудал оруулж ирээд яваад байх ёстой юу

-Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй гэж Хурлын ажлын алба, би ч чичрээд байгаа юм биш. Миний хувьд хууль журмынхаа хүрээнд явъя гэсэн саналтай байна. Юун түрүүнд огноогоо засаад, албан бичгээ сольчих. Имэйлээр ирсэн бичгийг хараад “2025 оны 12 сар болоогүй байхад юу ярьж байгаа бол” гэж бодоод л өнгөрсөн. Өөрөө  албан бичиг дээр гарын үсэг зураад Ажлын албандаа хүргүүлж байгаа бол наанадаж огноон дээрээ хянан баталгаа хийх ёстой биз дээ. Асуудлыг хэлэлцэхгүй гээд байгаа биш, эхлээд энэ албан бичгийнхээ огноог засаад хүргүүлчих л дээ. Хуулийн хүрээнд л явъя. Таны тэр албан бичиг дээр “Хурлын дарга зураг төсөвгүй энэ, энэ ажлуудыг гаргаж, хурлын төлөөлөгчдийг буруу мэдээллээр хангаад батлууллаа” гэж байсан. Тодорхой ажлын төсвийг батлаад л явсан даа. Зарчимтай байя. Бид хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй шүү. УИХ-ын тогтоолын хүрээнд ажиллаж байгааг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм байна. Дуртай нь хурлын хуралдаан дээр “Төлөөлөгчийн бүрэн эрх” гээд асуудал оруулж ирээд яваад байх ёстой юу. Ийм жишиг тогтоолгох гээд байгаа юмуу та нар. Хууль хяналтын байгууллагад очоод асуудал нь шийдэгдэх байлгүй дээ. Би оруулж ирсэн асуудлаараа хэлэлэх асуудлаа батлаад явъя гэсэн саналтай байна.

Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.ГАНБОЛД:  Хурлын дарга огцроод үр дүн гарахгүй бол 41 төлөөлөгч тарах хэрэгтэй

-Энэ асуудлыг хэлэлцээд цааш явах нь зүгээр хэмээсэн. 21-р зуунд төв замаа хааж байгаад хүүхдийн баяраа тэмдэглэж, худалдааны зах болгоод байж байгаа Эрдэнэт хотын удирдлагуудыг энэ үндэслэлээр огцор гэж байна. Иргэд Дархан явж хүүхдийн баяраа тэмдэглэлээ, та нар ичихгүй байна уу. Энэ олон хүүхэд, иргэдийн эрх ашгийг танай нам 8 жил засаглахдаа “будаа” болголоо. Ганцхан энэ үндэслэлээр Эрдэнэтийн иргэдийн өмнө бөхийгөөд, тонгойгоод “Уучлаарай” гээд огцрох хэрэгтэй. Ингэж огцроод үр дүн гарахгүй бол 41 төлөөлөгч тарах хэрэгтэй. Юу хэлж ард иргэд дээрээ очих юм бэ. Майхан барьж, замаа хааж байгаад баярлалаа гээд л байна. Хэдэн мянган хүн Дархан явж баярласан бол. Энэ агуулгаар нь асуудлыг хэлэлцэх нь зөв гэж харж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.МӨНХБАТ: Анхнаасаа бичгээ зөв оруулж ирээд явбал надад хэлэлцэхэд татгалзах зүйл алга

-Монгол Улсын Их хурлаар батлагдсан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай” хуулийг зөрчиж байна. Мөн УИХ-аар батлагдсан “Хурлын зөвлөлийн ажиллах журам”-ыг зөрчиж байна. хурал өөрөө хууль зөрчих гээд байгаа учраас “Энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн. Надад айгаад байгаа зүйл алга. хэзээ ч хэлэлцсэн бэлэн байна. Та нар өнөөдөр 20-иулаа, Монгол Ардын намаас 19 төлөөлөгч ирсэн тул олонхоороо бүх асуудлыг шийдвэрлэчихье гэж байх шиг байна. Намайг “Хууль зөрчсөн” гэж бичиг өгсөн юм билээ. Тэгчихээд энэ хэлэлцэх асуудлыг дахиад хууль, журам зөрчүүлж батлуулах гээд байна. Зөрчсөн гэж үзвэл хууль хяналтын байгууллага нь шалгах байх. Б.Оргилболд төлөөлөгчийн үндэслэл нь, намайг “Хууль зөрчсөн” гэж өгсөн. Ингэлээ гээд би хууль зөрчсөн болчихгүй л дээ. Энд хүн засагладаг бус хууль засагладаг байх тухай бид ярьж байгаа. Тиймээс бид цагаан дээр хараар бичсэн хуулиа л ярья. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэдэг хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй байгууллага. Бүх аймгийн хуралд ийм Ажлын алба ажиллаж байгаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа 840 орчим хуулийн 238 нь хурлын үйл ажиллагаатай холбоотой, нийцэлтэй байдаг тул аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, хууль эрхзүйн хэлтэс тэдгээрийг судалж байдаг. Манай хурлын албанд 7 эрх зүйч ажилладаг. Эрх зүйч бүрийг хуульч гэж үзэхгүй юм билээ. Тэд Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дээрх хуулиудыг уншиж судлаад, гурван хуулиар нь шалгалт өгсний үндсэн дээр хуульч болдог. Ийм хоёр хуульч манайд бий. Тэд “Энэ асуудлыг хэлэлцүүлээд явчихвал хуралд өгсөн бичгээр чинь нэг төлөөлөгч гомдол гаргах үед харин ч жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээсэн.

Би уншиж өгье. Уг албан бичиг дээр “Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанд 2025 оны төсөв хэлэлцэх асуудлыг Орхон аймгийн Засаг дарга Зоригтбаяр өргөн барьж, тухайн өдөр хэлэлцүүлэх асуудлаа баталж чадалгүй хойшлуулсан бөгөөд 2025 оны 12-р сарын 31-ний өдөр ИТХ-ын дарга Б.Мөнхбат хуралдаан зарлаж, хуралдуулж, уг төсвийг баталсан” гэж байна. 2025 оны 12-р сарын 31-ний өдөр нь цаг хугацааны хувьд болоогүй шүү, нөхөд өө. Яг энэ бичиг бүх төлөөлөгч нарт имэйлээр ирсэн. Оргилболд төлөөлөгч бүгдэд нь хувийн имйэл хаягаас явуулсан байна. Ийм бичигнээс болоод огцорчихвол би ч бас өөрийнхөө төлөө гомдол санал гаргаад явна биз дээ. Эрдэнэт жижигхэн. Би бусдын тогоо руу өнгийх дургүй хүн. Анхнаасаа бичгээ зөв оруулж ирээд явбал надад татгалзах зүйл алга. Тухайн үед төсвийг 22 төлөөлөгч баталсан бөгөөд бүгд батлах эрхтэй хуралд оролцсоныг санаарай. Хурлын дарга хурлыг удирдаж байгаагаас бус ганцаараа батлаад явчихдаг зүйл хаа ч байхгүй. Тиймээс 22-уулаа хууль зөрчсөн бол Шүүхийн шийдвэрээр бүгд Төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзах ёстой.

Иргэдийн Хурлын Төлөөлөгч Г.АЛТАНГЭРЭЛ: Дан ганц Орхон аймгийн ИТХ-ын асуудал бус Монголын хурал, захиргааны байгууллагын хувьд “Хар өдөр” болж байна

-Хурлын дэд даргыг батлуулах санал тавьсан. Мөн хэлэлцэх асуудлын төсвийг Ажлын албанаас оруулж ирсэн. Төлөөлөгч нарын саналаар “Дээр нь хоёр асуудал нэмжхэлэлцье” гэсэн санал гарсан. Хэлэлцэх асуудлыг батлахдаа тухайн асуудал дээр зарчмын зөрүүтэй саналаа ярилцдаг. Ингээд санал хураахдаа босоо санал буюу Ажлын албанаас оруулж ирсэн саналаар санал хураах уу, эсвэл нэмэлт төслөөр санал хураах уу гэдгийг шийдвэрлээд явдаг. Харамсалтай нь, Орхон аймгийн Монгол Ардын намаас ИТХ-д даргалж байгаа Д.Мөнхбат гэдэг хүн хууль зөрчиж, өөрийнх нь асуудлыг хэлэлцэх талаар оруулъя гэсэн төлөөлөгчийн гаргасан саналыг хууль зөрчиж, зөвхөн нэг томъёололтойгоор санал хураалтыг хуралд оруулж ирж байна. Тэр нь босоо саналыг хэлж байгаа юм шүү. Энэ бол Төлөөлөгчийн эрхийг ноцтойгоор зөрсөн үйлдэл. Улсын хэмжээнд Нутгийн удирдлагын байгууллагад ийм зохисгүй үйлдэл хэзээ ч болж байгаагүй. Энэ бол дан ганц Орхон аймгийн ИТХ-ын асуудал бус Монголын хурал, захиргааны байгууллагын хувьд “Хар өдөр” болж байна. Манай төлөөлөгч нар өнөөдрийн процесстой холбоотой саналуудаа нээлттэй явъя. Хурал үргэлжилж байгаа тул манай хурлын байгууллага бүрэн протоколдож, цаашдаа баримт бичгүүдийг хийх байх. Үнэхээр Орхон аймагт хуулийн хэрэгжилт гэдэг зүйл байхгүй болж, хөл толгойгоо алдсан. Гараад алхахад иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн орон зай ямар байгааг, хот ямар өнгө зүстэй байгааг иргэд сайн мэдэж байгаа. Авах юм байхгүй байгаа шүү, үүнийг бид ярих ёстой.

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2025-06-12
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц