© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
М.БАЯРЖАРГАЛ: Жижиг бөгөөд харанхуй газрыг өөрчилж, соёл, ухамсар, стандартын хүрээнд хөшүүрэг болгон ашиглаж чадвал түүнийг л орон нутгийн хөгжил гэнэ дээ
М.БАЯРЖАРГАЛ: Жижиг бөгөөд харанхуй газрыг өөрчилж, соёл, ухамсар, стандартын хүрээнд хөшүүрэг болгон ашиглаж чадвал түүнийг л орон нутгийн хөгжил гэнэ дээ

“Dixit boardgame caffee”-д тухлаад гарахад нэг тийм дулаахан мэдрэмж төрдөг нь нууц биш юм. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо, аялагчын багийнхан гээд үргэлж олны хөлд дараатай тус газрын захирал М.Баяржаргалтай цөөн хором ярилцлаа. 

-“Dixit boardgame caffee” олонд танигдаад багагүй хугацаа өнгөрч байна. Залуу хүн нэг зүйлдээ сэтгэл ханана гэж үгүй байх. Таны хувьд одоо юунд зорьж байна вэ?

- Манайд зочилж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд найз нөхдөөрөө пиво уунгаа тоглоом тоглож, чөлөөт цагаа хөгжилтэй, илүү сонирхолтой өнгөрүүлдэг байгаасай гэж хүссэн. Энэ маань ч биеллээ олоод явж байна. Дараагийн нэг бодол мэдээж байлгүй яахав. Монголоос маш сонирхолтой өгүүлэмжтэй хөлөгт тоглоом гарах ёстой гэж би хувьдаа боддог. Тиймээс ч дайны стратеги, монгол ахуй, түүх соёлоо шингээсэн Монгол тоглоом гаргахыг зорьж, бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээрээ явж байна. Тоглоом гэдэг зүйл нэг талаас хөгжилтэй хэлбэрээр оюуны өрсөлдөөн хийх боломж олгодог бол нөгөө талаас мэдлэг олгож, соёл түгээж байдгаараа онцлогтой. Тухайлбал манайд, АНУ-ын газрын зураг дээр тоглодог тоглоом бий. Хүүхдүүд тоглох явцдаа Америкийн мужуудын нэршил болон байршлыг цээжилчихдэг. Тэгэхээр энэ тоглоомын жишгээр Алтан Улс, 13 дугаар зууны үеийн Монголыг харуулсан тоглоом бүтээчихвэл хүүхдүүд гэлтгүй томчууд маань газарзүй, геополитикийн өргөн мэдлэгтэй, түүхээ сонирхон судлах сэдэл тэмүүлэлтэй болох юм. Үүний төлөө л зорьж явна даа.

-“Дэлгэцийн донтолт, дэлгэцийн хамаарал” гэдэг зүйл нийгэмд яригдаж байгаа ч бид тоглоомоор дамжуулан хүүхдүүддээ өв соёлоо түгээж, танин мэдэхүйн мэдлэг олгоно гэхээр ач холбогдолтой сонсдож байна?

-Тийм шүү. Олон тоглоомноос орон орны онцлог, хэв маягийг шингээсэн жишээ харж болно. Тухайлбал, “Azul” гээд тоглоом нь Португал улсын тухай илүүтэй өгүүлдэг. Уг тоглоомд хааны ордны плитан соёлыг харуулдаг бол, араб тоглоом нь хивснүүдээ дэвсэж байгаад тоглох жишээтэй. Энэ мэтээр улс орон бүр өөрийн онцлогоо шингээж өгдөг. Японы “Токайда” тоглоом дээр тоглогчид аялахдаа хоол идэж, хувцас худалдан авч, уламжлалт сувинерүүдээс сонголтоо хийх гэх мэтээр соёлын элементүүдээс суралцдаг. 10 настай хүүхэд нэг тоглохдоо л Японы соёлын тухай ойлголттой болж, мужуудын болон хоолны нэр төрөл, улсынх нь бүтцийг ойлгоод авдаг нь ном уншсанаас илүү мэдлэг болж үлддэг давуу талтай.

            Америкт “Mongols”, “Чингис хаан” нэртэй тоглоомууд гарч байсан хэдий ч хөгжүүлж чадаагүй. Нэрнээс нь үүдээд дайн тулаантай, улс орныг эзэлдэг байх гэх зэргээр өндөр хүлээлт хүмүүсийн дунд байсан ч тийм байж чадаагүй. Монголчууд өөрсдөө хийгээгүй зүйлийг гадны хүн хийж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. 

-Залуу хүн бүр улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг байгаасай гэж би хувьдаа боддог. Таны бодож санаж яваа зүйл ч үүнтэй уялдаж байх шиг санагдлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутагт бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулахдаа юуг олж харсан бол?

-Анх “Dixit boardgame 11 coffee shop”-ыг Улаанбаатарт нээхээр төлөвлөж байсан юм. Ингээд бизнесийн алсын хараагаа бодсон ч, залуу хүний хүсэл тэмүүллээ сонссон ч “Нутагтаа очих нь зөв” гэдэг шийдэлд хүрээд Эрдэнэтдээ ирж, ажлаа эхлүүлсэн. Ер нь залуучууд бид байгаа газартаа хувь нэмрээ оруулж байж л хөгжлийн тухай ярих юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч Эрдэнэтийн залуус Эрдэнэтдээ хийж бүтээгээсэй гэж хүсдэг. Би Улаанбаатар хотод эрчим хүч, газ-ийн компанид ажиллаж байсны хувьд агаар, хөрсний бохирдол хаашаа явж байгааг сайн мэдэж байсан. Мөн нөгөө талаас өөрөө үлгэр дурайл болох үүднээс нутагтаа нүүж ирсэн. Ид хийж бүтээх насан дээрээ яваа залуучууд маань хотынхоо төлөвлөлт, стандартын тухай ярьж, эрх баригчдын хараагүй өнцгөөс дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй санагддаг. Бид хотоо хаячихвал хуучны систем үргэлжлээд, Улаанбаатар шиг л ирээдүй биднийг угтана. Тиймээс оройтоогүй дээр нь дуу хоолойгоо хүргэж, залуучуудаа уриалж, санал бодлоо хуваалцахыг зорьж явна. Харин эхлүүлсэн бизнесийн тухайд, вагонтой аялал, автобустай аялал хийж байгаа, Хөвсгөл рүү дайран өнгөрч байгаа жуулчид Харри Поттерын орчинд орж үзэх, “Эрдэнэтэд заавал ороод гарах газрын нэг”-ээр манайхыг нэрлэж байгаа нь сайхан санагддаг.

-Танай хамт олон үйлчилгээний тодорхой соёлыг “нутагшуулж” чадсан нь харагддаг. Гэхдээ байршлын хувьд жижиглэн худалдаантай эн зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаа нь бас сонин. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Dixit Boardgame” тоглоомын төв маань Худалдааны гудамж буюу Эрдэнэтийнхээ харанхуй бүсэд байрладгийг та бүхэн мэднэ. Байршлыг бид сөрөг талаас нь бус харин ч боломж гэж харах хэрэгтэй. Эргэн тойрондоо орон сууцгүй хэрнээ хотын төвд байна шүү дээ. Харин гадна орчныг яаж сайжруулах вэ гэдэг дээр багахан стандарт барьчихвал болчих гээд байгаа юм. Гэрэлтүүлэгтэй болгоод, зоригтойгоор өөрчилж чадвал залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх гоё гудамж бий болж, “Dixit” шиг олон сонирхолтой газар нээгдэхийг үгүйсгэх аргагүй. Жижиг бөгөөд харанхуй газрыг өөрчилж, соёл, ухамсар, стандартын хүрээнд хөшүүрэг болгон ашиглаж чадвал тэр л аймаг, орон нутгийн хөгжил юм билээ. Түүнээс бүх зүйлд мөнгө наагаад байвал нуран унадгийг олонтаа харлаа.

-Жижиг газрыг сайжруулах санаагаа илүү тодруулбал?

-Энэ гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хуушуурны газар нь ашигласан тосоо хашаа давуулаад асгачихдаг, гудамжиндаа нийтийн бие засах газаргүй тул жижиглэнгийн худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс манай руу орж ирээд гардаг ч юмуу, хог асгах цэггүй зэрэг асуудал бий. Жижиг хэрнээ эдгээр асуудлыг бид шийдэх л ёстой санагддаг. Ингэхдээ бүгдэд нь ижил тэгш стандарт тавиад, хэрэгжүүлж чадвал болчих гээд байгаа юм.  Хотын соёл гэдэг зүйл стандартаас л эхэлнэ.

-Танайх одоогоор хичнээн төрлийн тоглоомтой байна вэ? Тоглоом тоглоход насны ангилал гэж байдаг уу?

-Манайд 80 гаруй төрлийн, 2-10 хүн тоглох боломжтой тоглоомууд бий. Тэдгээр тоглоомыг түрээсэлж, худалдан борлуулдаг. Хамгийн сүүлд гэхэд бага насны хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх ач холбогдолтой шагайгаар тоглодог монгол тоглоомууд ирсэн. Ер нь тоглоом бүр өөрийн гэсэн онцлогтой, дийлэнх нь 8-аас дээш насныхан тоглоход зориулагдсан байдаг. Гадны улс орнуудад ахмад настнуудын дунд тоглоом их дэлгэрсэн байдаг юм билээ. Энэ нь мартаж санах, зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Манайд байгаа тоглоомын дийлэнх нь дэлхий дээр viral болсон тоглоомууд бий.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тань манай хамт олон үйлчлэхэд үргэлж бэлэн, үүд хаалга маань нээлттэй байгаа шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Биднийг зориод ирээрэй.

-Зорьж буй ажлынхаа талаар хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүлсэн танд erdenetinfo.mn-ийн хамт олноос талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

/ 2025-05-27
Сэтгэгдэл / 4
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Мөнхөө Боогий
2025-05-27 / 202.9.41.126
Сайн байна.Үеийнхээ залуусын түүчээ болон төрөлх хотдоо бүтээн байгуулалт бизнес ажил амьдралаа төвхнүүлж байгаа мундаг залуу Баяржаргалдаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе дөө.
Мөнхөө Боогий
2025-05-27 / 202.9.41.126
Сайн байна.Үеийнхээ залуусын түүчээ болон төрөлх хотдоо бүтээн байгуулалт бизнес ажил амьдралаа төвхнүүлж байгаа мундаг залуу Баяржаргалдаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе дөө.
Мөнхөө Боогий
2025-05-27 / 202.9.41.126
Сайн байна.Үеийнхээ залуусын түүчээ болон төрөлх хотдоо бүтээн байгуулалт бизнес ажил амьдралаа төвхнүүлж байгаа мундаг залуу Баяржаргалдаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе дөө.
Мөнхөө Боогий
2025-05-27 / 202.9.41.126
Сайн байна.Үеийнхээ залуусын түүчээ болон төрөлх хотдоо бүтээн байгуулалт бизнес ажил амьдралаа төвхнүүлж байгаа мундаг залуу Баяржаргалдаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе дөө.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц