© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Х.Угаанбаяр: Түүхт 100 жилийн ойгоороо гурван үеийн түүхийг үлдээхийг зорьсон
Х.Угаанбаяр: Түүхт 100 жилийн ойгоороо гурван үеийн түүхийг үлдээхийг зорьсон

Булган аймгийн Бугат сумын 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн баярын хүрээнд тус сумын Засаг дарга Хүрэлбаатарын Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


- Нэлээн борложээ дээ. Ойн баярын бэлтгэл ажил хангагдаж, зочдоо хүлээн авахад бэлэн болжээ. Хол ойроос ирсэн зочин ихтэй байна. Түүхэн ойн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?  

 

  Харин тиймээ. 100 жилийн ойн баярын бэлтгэл нүсэр ажил байдаг юм байна. Өглөөнөөс орой хүртэл гадаа хар болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилээс эхлэн бэлтгэл ажлуудаа хийж эхэлсэн. Баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдэж дууссан. Хур бороо ихтэй байсан учраас зарим нэг ажлуудыг хийхэд хүндрэлтэй байлаа. Ойн баяр Хүндэтгэлийн хурлаар эхэлнэ. Маргааш буюу 18-нд нээлтийн үйл ажиллагаа болно.  Бугат сумын 100 жилийн ой болж байгаатай холбогдуулан бид сум орон нутагтаа үлдэх түүхийн өв соёлыг уламжлуулах чиглэлээр ажиллаж байна. Жишээлбэл энэ нутгаас төрөн гарсан Агданбуугийн Амар сайд, дайчин хошой чин ван  Ханддорж гээд хоёр алдартан байдаг. Энэ хоёр хүнийхээ хөшөө дурсгалыг босгож мөнхөлье гэж шийдсэн юм. Тэгш ой тохиож буй сумдууд хөшөө босголоо гэж иргэд шүүмжилдэг. Чухамдаа энэ бол түүхийн нэг хэсэг юм.Түүхт 100 жилийн ойгоороо гурван үеийн түүхийг үлдээхийг зорьсон.  Бугат сумын зорин ирж буй аялагчид, иргэд энэ сумтай салшгүй холбоотой хүн юм байна гэдэг ойлголттой болно гэх мэт ач холбогдол их. Малчдадаа, сумынхаа нийт ард иргэдэд, зочид төлөөлөгч нартаа сонсдог түүхийг бэлтгэсэн. Түүхээ CD, DVD дээр буулгасан. Бас флаш дээр биднээс эх хувиар нь аваад сонсож боломжиой түүхийн ном гаргасан. Номондоо сумын үүсгэн байгуулагдсан түүх, ямар алдартан гавьяатан төрсөн, одоо ямар хүмүүс амьдарч байгаа вэ гэдгийг харуулсан “фото ном” маягаар дэлгэрэнгүй зурагтайгаар хийсэн. Дараа дараагийн 110, 120 жилийн ой болоход хэрэглэгдэх үүднээс чанартай сайн ном хийсэн.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг танай сумын айл өрхүүдийн хашааны хаалга өнгө ижил, ангилан ялгах хогийн савнуудтай юм. Бугат сум руу орж ирэх хэсэгт буган хөшөөтэй угтах хаалга байна. Иргэд нь хөдөлмөрч, найрсаг юм. Сумын хэмжээнд ямар ажлуудыг хийв? Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Бугат нэртэй учраас бугаа онцолж аймгийн үүд хаалга хийж WELCOME TO BUGAT  гэсэн бичиг хийсэн. Бүх айл өрхүүдийнхээ гадна талыг, гудамж талбайгаа шөнө ороод ирэхэд ямар аймаг руу ороод ирэв гэж харагдахаар сайн гэрэлтүүлэг хийсэн. Сумын төвийн засмал замын асуудлыг шийдвэрлэлээ. Улсын төсөв мөнгөнөөс шалтгаалаад хийе гэж бодсон засмал замынхаа талыг нь хийж чадлаа. 100 жилийн ойдоо бэлэг барьж байгаа нэг ажил бол Бугат сумаас Булган аймаг, Эрдэнэт рүү Тарвагатайн даваагаар давж явдаг замынхаа зургийн бүрэн хийж дууслаа. Дараа жилээс хийгдэх төсөв мөнгийг нь хөөцөлдөөд явж байна. Дараа нь сум орон нутгийнхаа бүх айл өрхүүдийг цэвэр ус, халаалтад холбох зургийг төсвийг улсын төсөвт суулгах гээд хөөцөлдөж байна. Намайг анх ирэхэд төр засгийн байгууллагууд нь галлаж халдаг байсан. Тэрийг болиулж нэг уурын зуухтай болгож нүүрс түлж, 6000-7000 куб модыг хэмнэж байгалиа хамгаалж байгаа. Багууд дээр малчдадаа худаг усан сангуудыг маш сайн шийдвэрлэсэн. Мал бүхий 2 багийн малын угаалын банн, ангилан ялгах хашаа, тарилга хийх хашааг шийдэж өглөө. Алслагдсан хоёр багийнхаа дэд бүтэц буюу тогны асуудлыг шийдвэрлэлээ. Энэ тэндхийн даваа гүвээний гарах гарцуудыг янзаллаа. Бүх л иргэд 100 жил болно гэж догдолж байгаа. Бүх өрхүүддээ гарын бэлэг хүргүүллээ. Иргэд сэтгэл их өндөр байна.

- Нутгийн иргэд сумандаа аятай тухай амьдрах орчин нөхцөлтэй уялдаж сум орон нутаг цаашид хэрхэн хөгжих ёстойг тодорхойлдог. Малчин өрхүүдээ яаж анхаарч байна. Залуу гэр бүл олон байх тусам хүүхдийн сурч боловсрох асуудал яригдана шүү дээ?

Манай сум онцлогтой. Булган аймгийн төвтэй 2-р баг ойрхон байдаг. Хүүхдүүд нь аймаг руу орж сурдаг. 1-р баг нь Эрдэнэттэй ойр байдаг. Эрдэнэт рүү орж сурдаг. Бид урд нь сургуулийнхаа хүүхдүүдийг машинаар амралтын өдрүүдээр зөөдөг байлаа. Ковид  гарчзогссон. Гэхдээ одоо бид үргэлжлүүлнэ. Сургууль дээр Инком танхим гээд аймгийн хөрөнгө оруулалтаар бүрэн компьютержуулсан танхим хийлээ. Нутгийн Улаанбаатарт амьдардаг уугуул иргэд маань шинэ сургуульд номын сан байгуулж өглөө. Сургуулийн орчноо сайжруулж шинэ сургуультай болсон. Хүүхдэд зориулсан олимп, уралдаан тэмцээн зохион байгуулах стандарт заалтай болсон. Шинэ соёлын төв буюу Хүүхэд залуучуудын төв барьж байгаа. Тоног төхөөрөмжийг маш сайн хангаж байна. Шинээр гарсан киног цаг хугацаа алдахгүй үзчихдэг, уран бүтээлчид минь ирээд сум орон нутагт тоглолт хийхэд тайз, тоног төхөөрөмж, гэрэл, гэрэлтүүлэг нь сайн байхаар төлөвлөж сайхан хийж байна. Сумын нүүр царай Тамгын газар луу орж ирэхээр харагддаг болохоор бүрэн засвар хийсэн. Тамгын газар, эмнэлэг, цэцэрлэгтээ компьютерын асуудлыг сумын, аймгийн, улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Манайх сумандаа хувийн аж ахуй болох Махны үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Аялал жуулчлалын чиглэлээр нэлээд олон газрыг төлөвлөж байгаа. Малчид минь хоорондоо нэгдэж Хөвсгөл явах зам дагуу аялал жуулчлалын “Гэр кемп” хийгээч гэдэг санал гаргаад бас хэрэгжүүлж байна.

- Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжихэд Бугат сумын хөгжлийн гарцыг юу гэж харж байна. Танай сум өргөн дэлгэр уудам талтай, байгалийн үзэсгэлэнт газарт олон бий. Сумын төрийн байгууллагад залуус түлхүү ажиллаж байна. Ажлын байрны эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэх шаардлага үүсэх байх. Энэ тал дээр...  

Булган аймаг бол Хөвсгөл аймаг, Орхон аймаг гээд хоёр том аймгийн дунд байдаг. Манай аймгийн төвд 13,000 хүн амтай. Манай аймагт Техникийн их сургуулийг бариад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Эгийн цахилгаан станцад дадлагажуулж ажиллуулах боломж байна гэж харж байгаа. Хэрвээ их сургуулийг байгуулж чадвал 50,000 хүн ам манай аймаг, суманд ирнэ. Хүн дагаж хөгжил ирнэ. Багш нарын амьдрах орон сууц, оюутны дотуур байр, худалдааны төв, үйлчилгээний жижиг байгууллага, төвүүд ирвэл их том өөрчлөлт гарна гэж харж байгаа. Байгаль орчноо хамгаалж, зоригтой том төслүүдийг хэрэгжүүлж байж ирж суурьших иргэдийг татна гэж боддог. Булган аймагт бүсийн том эмнэлэг, томоохон худалдааны төвүүд, залууст зориулсан томоохон шоуг зохион байгуулах ёстой. Ажлын байрыг зөвхөн үйлдвэр дагаж бий болдог гэж бодож болохгүй. Мэдээж үйлдвэрээ дагаад жижиг, бичил бизнес эрхлэх тэр боломжоор нь хангах нь зүйтэй гэж боддог.

- Аялал, жуулчлал гэхээр амралтын газрууд шовгор, монгол гэртэй байдаг. Зарим нь амрагчдын шаардлагыг хангаж чадахгүй байх тохиолдол их байна. Таны өмнө нь хэлсэнчлэн цогцоор нь аялал, жуулчлалыг Бугат суманд хөгжүүлэх боломжтой юу?

Хялганатын Seven nuga гээд амралтын газар гэхэд төсөв нь  3-4 тэрбум төгрөг болсон. Бидэнд 10-20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл бид 2-3 жилийн дотор төлж дуусгана. Вьетнамд явж байхад уулын оройд Итали дарсны газар байсныг нэг хүн сонгож аваад хөрөнгө оруулалт хийж дэлхийн хамгийн том дүүжин гүүрийг байгуулсан. Тэр дүүжин гүүрийг жилд 14 сая хүн очиж үздэг. Нэг хүнийг 1 доллар гэж бодоход л 14 сая доллар олно. Дайн дажинтай байсан улс хэдхэн жилийн дотор ингэж хөгжиж чадаж байна. Бидэнд боломж олговол бид ч гэсэн зоригтой хөдөлж том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж боддог. Аялал жуулчлалын кемпүүдийг гоё хийх хэрэгтэй гэж боддог. Хүмүүсийн тэмүүлдэг хот болгон хөгжүүлж чадаж байж хүмүүс ирж бид хөгжиж чадна. Анх 2016 сумын Засаг дарга болоод ирэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг, дараа нь 10 сая төгрөг ирж байсан. Энэ улсаас ирж байгаа төсвийг харж сум хөгжинө гэж байхгүй юм байна. Өөрөө хөөцөлдөх ёстой юм байна гэж бодсон. Тэрнээс хойш хөөцөлдөж, сургууль барилаа, цэцэрлэгээ гоё болголоо, замхаргуй гээд зөндөө л асуудлыг шийдвэрлэж чадсан. Өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд бид ч гэсэн зоригтой алхам хийж шинэчлэлтийг эхлүүлэх ёстой. Бугат нутаг 100 жилийн түүхийг бүтээлээ. Дараагийн шинэ зууны түүхийг, сумын хөгжлийг тодорхойлоход гар бие оролцох залуустаа гүүр нь болж үлдэхсэн гэж бодож явдаг. Түүхт 100 жилийн ойдоо хүрэлцэн ирж байгаа, Бугат сумынхаа уугуул суугуул иргэддээ энэ сайхан баярын мэнд хүргэж, өргөн дэлгэр сайхан наадаарай гэж хэлье.  Айл гэрийн өргөө хойморт инээд, баяр хөөр цалгиж байх болтугай гэдэг сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

- Ярилцсанд баярлалаа

 

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-07-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц