Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж царцсан, зогссон төсөл арга хэмжээнүүдийн нэгдсэн судалгаа гаргаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 9 барилгын ажил “царцжээ”. Эдгээр барилгын нэг нь “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн захиргааны байр юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга тус барилгын ажилтай танилцаж дутуу гүйцэтгэлээр нь ажлыг хүлээн авч, дахин тендер сонгон шалгаруулалт явуулах, ажил гүйцэтгэгч “Улстуяарах” ХХК-н асуудлыг шүүхийн байгууллагат шилжүүлэхийг үүрэг болголоо.
Анх 2020 онд ажил эхэлж гэрээний хугацаа 2024 онд дууссан хэдий ч өнөөдрийн байдлаар барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. Иймд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр энэ мэт бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлнэ гэв.