“Долоон хавартын шинжээ” судрыг бичсэн Баттогтохын Гантулгатай цөөн хором ярилцлаа.
-“Угсаа залгах галын үр минь, Ургийн хэлхээ голомтын үр минь ...” хэмээсэн “Долоон хавартын шинжээ” судрын эхний бөлөгт өгүүлэгдэх хуудсыг тогтон уншлаа. Судрыг бүтээсэн 10 гаруй улаачийн нэрийг хараад өвөг дээдэс, Онгод тэнгэрийнхээ дуудлагаар энэ бүтээлийг олуулаа сийрүүлэн буулгажээ гэсэн бодол төрсөн юм. Судар бүтээх болсон талаар яриагаа эхэлье?
-Судрын тухай ярихын өмнө өөрийгөө товч танилцуулъя. Намайг Баттогтохын Гантулга гэдэг. Аав минь Эрдэнэт үйлдвэрт урилгаар ирж ажиллах санал авч, намайг дөрвөн настай байхад манайх Эрдэнэт хотод ирж суурьшсан юм билээ. Миний хүүхэд нас Эрдэнэтэд өнгөрсөн л дөө. Би багадаа ном унших дуртай хүүхэд байлаа. Энэ бол ээж аав хоёрын минь бага наснаас суулгаж өгсөн гэрийн хүмүүжил гэх үү дээ. Номонд их дурлана, тэр дундаа зурагтай ном уншихад илүү сонирхолтой, гоё мэдрэмж төрдөг байсан. Хүүхэд насны энэ мэдрэмжүүд яагаад ч юм ном бичих бодол хүслийг минь бадрааж, яг хэзээ, юунаас, хаанаас эхлэхээ мэдэхгүй ч, өнгөрсөн жилээс "Бодит ажил болгох ёстой" гэдэг бодол төрсөн юм.
Ингээд хүүхэдтэй холбоотой мэдээллийг судалж эхэлсэн. Би ном унших, зураг харах, дүрслэх дуртай хүүхэд байсан тул тэр бодлоо шингээснээр "Долоон хавартын шинжээ" ном маань илүү дүрслэлтэй болсон. Багадаа өөрөөсөө их олон асуулт асуудаг байлаа. Хүний амьдралын мөн чанар гэж юу вэ? Хэзээ нэгэн цагт энэ биеийг барахад үүний цаана юу болох бол? гээд ар араасаа асуултууд гарч ирнэ. Үүний хариултыг олж авахын тулд Буддын гүн ухаан, Богдын цөвүүн цагийн лүндэн, Библи гэх мэт шашин, филисофийн холбогдолтой олон ном уншсан. Нөгөө л асуултын хариултыг олж авахын тулд шүү дээ. Тэр үед бөө мөргөлтэй таарч байсангүй, энэ талаар огт мэдэхгүй хүүхэд байв.
Би "Мебель модон эдлэл дизайн” чиглэлээр суралцаж төгсөхдөө "Монгол гэрийн тавилга" сэдвээр дипломоо бичсэн юм. Энэ чиглэлээр диплом бичиж, судалгаа хийх үедээ монгол гэрийн талаар эрж хайх, судлах, унших шаардлагатай болсон. Нэг өдөр хайлтын системээс санаандгүй “Монгол гэр ба Пирамид” гэдэг гарчиг олж харсан. Энэ үг маш сонирхолтой санагдаж, яагаад пирамид монгол гэр хоёр хоорондоо хамаатай юм бол гэж бодогдсон л доо. Энэ нь хувь хүний нэн сонирхолтой бичвэр байсан бөгөөд эндээс бөө мөргөл, Онгод тэнгэрийн талаар уншиж, элдвийг эргэцүүлэн боддог болов. Гэтэл тэр бичвэр миний ирээдүйн бөөгийн багш болох Аянгат удганы блог байж таарсан. Тэрбээр Монголчуудын шүтээн, байгаль эх дэлхийтэйгээ холбоо барих зан үйл, уламжлалыг арай өөр өнцгөөс, их сонирхолтойгоор тайлбарласан байсан. Үүний дараа би бөө мөргөлийг сонирхож эхэлснээр Аянгат удганы Онгод дээдэстэй уулзах хүсэл төрж, буултад нь сууя гэж шийдсэн.
-Энэ судрыг Б.Гантулга өөрөө бичсэн үү гэхээр хоёр талтай санагдаж байна. Учир нь таны ярианаас бидний мэдэхгүй хэрнээ мэддэг зэргэлдээх далд ертөнцөөс захиж дайсан сургаалыг онгодын хэлээр сийрүүлсэн юм болов уу хэмээн ойлголоо. Энэ тухайд тодотгож асуумаар байна?
-"Онгод хөглөгдлөө" гэж бид бүхэн ярьдаг. Хүн болгонд, аль ч салбарт Онгод хөглөгдвөл ажил бүтэмжтэй байдаг. Энэ судар маань яг л тэгж бүтсэн. Судар бүтээхдээ бөөгийн зан үйлээ хийж үйлдсэн. Ер нь зохиолчид уран бүтээлээ туурвихдаа Онгод нь хөглөгдөж, түүнээсээ санаа авч бичдэг бол миний хувьд арай өөр, Онгод тэнгэрээ биедээ залж, хэлж байгаа үгийг нь бичиж аваад, хэлэх гэсэн гол санааг нь орчин цагийн хэллэгт өртөөлж улаачдын хамтын оролцоотойгоор хөрвүүлсэн.
Миний бие “Гэрлийн Өргөө” бөөгийн холбооны галын гишүүн, бөгөөд улаач хүн. Анх 2011 оноос хойш Гэрлийн Өргөө нь Онгод тэнгэрийн хүсэлтээр судар ном туурвиж бичиж эхэлсэн түүхтэй. Товчоор ойлгуулбал Онгод дээдсүүдийн өнөө цагт үлдээхийг зорьсон айлдвар сургаалыг буулгаж ном болгон гаргадаг гэсэн үг. “Долоон хавартын шинжээ” судар нь бидний улаачдын хамтын бүтээл бөгөөд Аянгат удган багшийн заавар, чиглүүлгээр бүтсэн юм.
Нэгэнт энэ сэдэв рүү орсон учраас Долоон хавартын шинжээ сударт өв сургаалаа буулгасан нэгэн Онгод буюу XII зууны үед Хамаг Монголын үед аж төрч байсан Хонхотан аймгийн бөөгийн их багш Чарахай (Чирха) өвгөний талаар тодотгоё. "Монголын нууц товчоо"-ны 2-р бүлгийн 72-73 дугаар дэсэд өгүүлэгдсэн байдаг. Есүхэй баатар Татар аймагт хорлогдож өөдөлсний дараа түүний хамаарч байсан ханлиг аймгууд тарах үед хамгийн сүүлд үлдсэн отог бүл нь Мэнлиг эцгийн бүл байсан түүхтэй. Чарахай өвгөн бол Мэнлиг эцгийн аав нь юм. Тэрбээр хүүхдэд их хайртай, багш хүн байсан гэдэг. Онгод маань монгол үрсийн заяаг хайрлан тэтгэе гэсэн учраас улаачаараа дамжуулан сургаалаа судар болгон одоо цагийн хүүхдүүдэд хүргэж байгаа билээ. Энэ талаар “Долоон хавартын шинжээ” судрын хавсралт хэсэгт маш тодорхой бичсэн байгаа.
- "Гэрлийн Өргөө" бөөгийн галын тухай манай уншигчдад тодорхой ойлголт өгнө үү.
-"Гэрлийн өргөө" бөөгийн гал нь Дэлхий ээж, Эх Монгол орныхоо төлөө тэртээ цагийн Монголчуудын мартагдсан өв соёл, ухааныг өнөө цагт өвлүүлж дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн чиг зорилготой. Тэр ч утгаараа олон судар, ном гаргасан. Энэ бөөгийн галд нэгдсэн олон улаач бий. Энэ улаачид нь одоогоос 14 гаруй жилийн өмнө Аянгат удганы “Тэнгэр, Монгол газар” ном болон блогийг уншин холбогдож гал болсон түүхтэй.
Хүний заяа гэх чухал нандин зүйлийг хүүхэд байхад нь бөхөлж өгдөг учиртай. Нэн ялангуяа хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх агшин чухал. Хүүхдийн долоогоос есөн нас хүртэлх тэр хугацаа нь эцэг эх гэр бүлтэйгээ нандин дурсамж бүтээхэд хамгийн нандин, хүн болж төлөвшихөд чухал алдаж боломгүй цаг хугацаа бөгөөд тухайн хүүхдийн мөн чанар, сүнсэн бие мөн чанараараа байдаг. Үүнээс хойш хүүхэд өсвөр насанд хүрэхэд харилцааны орон зай нь өргөжин тэлж, найз нөхөд, хамт олон, багш, цаашлаад хичээл сургууль, дугуйлан гэх мэтээр “том” хүн болоход бэлтгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл харилцааны түвшинд аав ээжтэйгээ харилцах нь өдрөөс өдөрт багасаж байдаг. Цаг хугацаа бол дурсамж шүү дээ. Хүүхдийг шинжиж, давуу талыг нь олох, дутагдалтай талыг нь засаж залруулах боломж долоон хавартайд нь тохиодог.
Монголчууд үүнийг эрт дээр үеэс мэддэг байсан. Хүүхдийг долоон нас хүрмэгц төрийн хэмжээнд шинждэг байжээ. 12-р зуунд Хамаг Монголын цаг үед Чоносын хүрээнд 27 отог байсан бөгөөд заримаас нь дурьдвал БорЧиГүн, Урианхай, Жадаран, Хонхотан зэрэг отгууд байсан. Тухайн цаг үед хүн ам зүйн бодлогоор долоон хавартын шинжээг нэгдсэн журмаар хийдэг байжээ. Энд хүүхдийн авъяас билэг, ур чадварыг нээн илрүүлж, ирээдүйд хэн болоход чиг өгдөг байсан бөгөөд жишээ нь төр удирдах чадамжтай үрсийг эртнээс бэлтгэн сургадаг байв. Үүний дараа тухайн хүүхдийг анхны аравтад сурган бэлтгэдэг байсан юм гэнэ.
-Онгодын буулттай улаачид олширч байна. Бидний мартсан өв соёл, үнэт зүйлийг дахин сануулах энэ үйл явц нь дохио, сануулга ч юм шиг. Энэ бүх үйл явдал тохиолдол биш байх. Юуг анхааруулахыг хүсээд байна вэ? Бид ямар үнэт зүйлээ гээчихсэн юм бол?
-Та маш зөв ойлгожээ. Бараг хариулт нь энэ. Би энгийн жишээгээр товч тайлбарлахыг хичээе. Аливаа улс орон бүрэн бүтэн байхад үндсэн таван нөхцөл шаардагдаж байдаг. 12-13 дугаар зууны үеийг санацгаая. Тухайн цаг үед Их Монгол улсын үнэт зүйлд таван тусгаар тогтнолыг авч үздэг байсан. Хүн бүр үүнийг янз бүрээр тодорхойлдог.
НЭГТ: Хилийн тусгаар тогтнол буюу газар нутгийн халдашгүй дархан байдал.
ХОЁРТ: Засгийн тусгаар тогтнол буюу улс орны төрийн бие даасан байдал.
ГУРАВТ: Цусан тусгаар тогтнол буюу үндэсний дархлаат удам угсаа.
ДӨРӨВТ: Ахуйн тусгаар тогтнол буюу өв соёл, аж төрөх ёсон.
ТАВД: Тархин тусгаар тогтнол буюу улс орны бичиг соёл, урлаг уран сайхан, оюуны дархлаа. Энэ бүх үнэт зүйл бүрэн бүтэн байж улс орон оршин тогтнодог гэж үздэг.
Эндээс харахад "Цусан тусгаар тогтнол” алдагдахад ямар аюул бидэнд нүүрлэж болох вэ гэдгийг судар дээрээс жишээ аван тайлбарлая. Төрөл төрөгсөд хоорондоо есөн үе дотроо гэр бүл болох нь цус ойртолт болж эхний үе буюу үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлж байдаг.
Харин цус холдолттой холбоотой хохиролд хүүхэд амьдрах чадвар сул, дархлааны өөрчлөлттэй төрөх тохиолдол бий. Ямар учиртай вэ гэхээр, монгол хүн өөр үндэстний хүнтэй гэр бүл болохыг хэлнэ. Даяарчлал үүнд нөлөөлж байгаа. Орчин цагт улс үндэстний бодлого алдагдаж, ардчилсан үзэл нээлттэй болсон. Нэгдүгээр үед (хүүхэд) эл хохирол харьцангуй бага. Монгол хүн европ хүнтэй ханилж хүүхэд төрүүлэхэд монгол, европ улсын цус буюу дархлаатай төрнө.
Давуу тал нь Европ, Монголд амьдрах чадвартай, хоёр улсын удмын мэдээллийг авч төрнө. Сул тал нь тухайн хүүхэд өөр улсын, жишээ нь энэтхэг хүнтэй гэр бүл боллоо гэж бодъё. Хоёр дахь үе болж байгаа учир гурван өөр орны дархлааны мэдээлэл орж ирлээ гэсэн үг. Тэгвэл гурав дахь үеийн хүн хятад хүнтэй суулаа гэж төсөөлье. Дөрөв дэх үе удам нь мэндлэхэд төв дархлааны систем устаж үгүй болно гэсэн үг. Энэ нөхцөл үгүй болсноор хүний дасан зохицох чадвар тун хомс болно.
Уяачид үүний хохирлыг хамгийн сайн мэддэг байх би гэж бодож байна. Тэд цэвэр цусны адуу гэж цоллодог нь тийм учиртай. Үүнийг хүний амьдралын мөчлөгөөр тооцоход 60 жилээр яригддаг тул энэ цусан тусгаар тогтнолын хохирол алс хэтэд мэдэгдэж эхэлдэг.
Одоо цаг үед эмшиж буй эрэгтэй хүн, хүйсийн зөрчилдөөн, бэлгийн зөрүүтэй чиг хандлага, удамшлын алдаа, ховор өвчин, хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэх мэт хохирлоор илэрч байгаа гэж үздэг. Мэдээж өөр улс орны хүнтэй хайр сэтгэлээр холбогдож, ханилан суухыг буруутгахгүй. Ойлгомжтой байх үүднээс нэгэн жишээ татаж төсөөлье. Жишээ нь монгол ээжтэй швед аавтай хүн байлаа гэж үзье. Тэр хүн ээжийн үндэстнийг даган үр удам нь монгол цусаа даган ханилсаар явлаа гэж үзвэл долоон үеийн дараа цус цэвэршин монгол язгуураа барьж авна. Эсвэл эцгийн талын үндэстэнг дагнан ханилбал есөн үеийн дараа тухайн удам швед цустан болно гэж үзнэ. Ингэснээр тухайн үе удам нэг талдаа орж цус холдолт гэгч нь болохгүй. Тэгэхээр аливаа юмс сайн, муу хоёр талтай. Гагцхүү хүн бүр үүнийг мэддэг байж, монгол ч бай, харь орныхон ч бай, цусан дархлаагаа алдахгүй байх нь чухал. Улс үндэстнийхээ ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ-ын бүрэн бүтэн, аюулгүй оршихын агуулгыг та бүхэн “Долоон хавартын шинжээ” судраас уншиж, оюун ухаандаа тунгаан бодохыг нээлттэй үлдээе.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.