Аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдийг гоёмсог чимэглэлгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгвэл бас орчны тохижилт, чимэглэлээс гадна гоёмсог аяга таваг хэрэглэх нь түгээмэл ойлголт болсон. Энэ төрлийн бизнес үйлчилгээг Эрдэнэтчүүддээ санал болгохын зэрэгцээ зэргэлдээх аймгуудаар хурим, баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй “Хаппи декор”-ын үүсгэн байгуулагч Р.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Битүүний билэрт сайн өдөр уулзаж байна. Сар шинийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Энэ жил өндөр настай ээжтэйгээ байгаа тул ачааллаа бодолцоод эртнээс бэлтгэлээ хангаж байна. Ах, эгч нар маань бэлтгэл ажилд тусладаг учраас харьцангуй гайгүй байна.
-Чимэглэл түрээсийн үйлчилгээг хүүхдийн төрсөн өдөр, шинэ жил болон тэмдэглэлт баяруудаар авах нь элбэг болж. Сар шинийн баяраар сандал хүрэлцэхгүй олон хүн ирэх ч тохиолдол байдаг шүү дээ. Танай бизнес сар шинийн баяраар иргэдэд ямар үйлчилгээ санал болгож байна вэ?
-Тухайн айлд олон зочин нэг удаад ирэх, эсвэл давтамжтай ирэх зэрэг нь мэдээж айл гэрт хүндрэлтэй л дээ. Ширээ, сандал, хоолны хэрэгсэл, аяга таваг гээд олон зүйлсээ давхар шийдэх хэрэгтэй болдог. Ширээний бүтээлгийг бид даавуун болон хулдаасан материалаар өнгөний сонголттой буюу тухайн айлын интерьерт зохицох боломжтой байдлаар шийдэж өгсөн. Тухайн айл маань алтлаг, мөнгөлөг ямар сонголт хийхээс хамаардаг тул үйлчилгээгээ багц болгоход учир дутагдалтай санагдаад эзэгтэй нартаа бэлэн бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжийг нээлттэй үлдээсэн.
-Баяр ёслолоор гэрийн эзэгтэй нарт хүсэмжит ширээ засалтын санаа байдаг шүү дээ. Цахим худалдаанаас худалдан авалт хийгээд ширээгээ засахаар яг зураг шиг гоё болж өгдөггүй тал бий. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ширээ засалтад хэрэглэгдэх бүтээгдэхүүнээ нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр шийдэж худалдан авалт хийх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй. Аль болох олон хувилбараар ашиглах талыг нь бодолцох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ширээний раннерын нэг тал нь монгол хээ угалз, нөгөө тал нь шинэ жилд зориулсан зурагтай байвал олон дахин ашиглах боломжтой. Түрээсийн бүтээгдэхүүний гол зорилго нь айл гэр, албан байгууллагыг өндөр дүнтэй худалдан авалт хийхээс зайлсхийхэд нь туслах үйлчилгээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, нэг айл 30 зочин хүлээн авахын тулд тухайн жилдээ огт хэрэглэхгүй 30 ширхэг аяга, хоолны хэрэгсэл худалдан авах нь төвөгтэй асуудлыг л шийдэж байгаа юм.

-Аливаа хүлээн авалт, баяр ёслолд халуун баригч их хэрэг болдог. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?
-Хоол болон уух зүйлсийн халуун баригч сав гэж бий. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хоол халуун баригч, сандал түрээслэх нь элбэг байдаг. Бодож байснаас нь олон хүн ирэхэд “10, 20 сандал хэрэг боллоо” гээд яарч сандран ирэх нь ч байна. Түшлэгтэй, түшлэггүй, түшлэгтэй сандалыг дотор нь гоёлын уу, энгийн үү гэх зэргээр аль болох сонголттой байлгахыг хичээж байна.
-Олон хүний баяр дээр баяр нэмж, дурсамж бэлэглэсэн сайхан үйлчилгээг Эрдэнэт хотдоо нэвтрүүлсэнд юуны өмнө талархаж байна. Таны хувьд өнгөрсөн хугацаанд бизнесээрээ дамжуулан олж авсан үнэт зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Гэр бүлийн үнэт зүйл гэдэг л чухал ойлголт юмуу даа. Ер нь Монголчууд маань гэр бүлсэг, ах дүүгээрээ ойр дотно улс шүү дээ. Тиймээс ч аливаа баяр ёслол дээр тав тухтай, найрсаг, зочломтгой орчин бүрдүүлэх гэж хичээдэг, тэр хэрээр ачаалал үүрдэг юм байна гэдгийг ойлгосон. Бид энэ ачааллаас нь хуваалцахыг л эрмэлзсэн. Манай “Хаппи декор”-ын хамгийн гол үнэт зүйл нь гэр бүлд аз жаргал, дурсамж бүтээхэд нь хамтдаа оролцож байгаа нь сайхан санагддаг даа. Маш олон айлын үнэ цэнтэй үеүдэд бид хамтдаа оролцсон.
-Хүмүүс нийтээрээ түрээслэх үйлчилгээний тухай ойлголттой болчихлоо.
-Манай байгууллага 300 хүний хүлээн авалт хийх хүчин чадалтай, мөн тэр хэмжээний хүмүүсээ багтаах асар, ширээ, сандал бий. 300 хүн гэхээр хүмүүсийн ой тойнд маш их тоо бодогддог юм шиг (инээв). Манайд одоогоор 50 гаруй ширээ, 300 гаруй сандал, тэдгээрийг дагасан бүтээлэг хүртэл байна. Энэ ч утгаараа бид ачаалал даах боломжтой гэж хардаг. Эрдэнэт хотын 50 жилийн ой болон ойн хүрээнд зохиогдох анги хамт олны уулзалт, төгсөлтийн баяр, ургийн уулзалтууд, анхдагчдыг алдаршуулахад зориулсан байгууллага хамт олны дайлж цайлах ёслолын ажиллагаа, өглөөлөг, өдөрлөг, эко аялал гээд энэ онд үйл явдал өрнүүн, түүнийг дагасан үйлчилгээ ч тасрахгүй байх. Байгууллагууд хамт олноороо агаарт гарах шийдлээ ч цэвэрхэн шийддэг болж. Өөрсдөдөө ачаалал багатайгаар буюу асар майхан барих, хоол үйлчилгээ, хорхог боодог хийх ажлыг нь манайд даатгаад, ширээ засалтыг катеринг үйлчилгээнд хариуцуулаад, ажилчдаа амраахад чиглэдэг болсон байх жишээтэй. Төлөвлөгөөт ажлуудад бид өөрийн гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтмол хамтран ажиллах боломжтой.

Чимэглэлийн үйлчилгээ нь түрээс үйлчилгээнээс ялгаатай ойлголт гэдгийг энд тодотгоё. Учир нь хүмүүс чимэглэл түрээс хийх үү гэж их асуудаг. Бид чимэглэлийг тухайн орчин нөхцөлд нь тааруулж өөрсдийн ур чадварын дагуу хийж гүйцэтгээд, буцаан авах үйлчилгээг чимэглэлийн үйлчилгээ гэж нэрлээд байгаа юм. Түрээс бол өөр ойлголт шүү. Түрээсийн бүтээгдэхүүнийг та хүссэн хэмжээ, тоогоор сонголт хийгээд авч явах, буцааж өгөх боломжтой.
-Бизнесийн үнэ цэнтэй үйлчилгээнийхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та сар шинийн босгон дээр манай уншигчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Жил жилийн шинэ сар, шүинж өдрүд өнгөлөг сайхан гардаг. Хүмүүс “Эдийн засаг хямарлаа” гэж байгаа ч энэ хямралыг бид элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл саруул даваад гарсан байхад амьдрал сайхан үргэлжилнэ дээ. Айл бүрд шинэ хүн мэндэлж, аз жаргалын үүд нээгдэх болно. Шинэ сардаа, шинэ аз жаргалаа урин дуудахдаа бэлтгээд, амар амгалан, сайхан шинэлээрэй.