Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалайг 50 насны төрсөн өдрийг тохиолдуулан төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласныг нь үнэлэн, хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр нэг сая төгрөгийн урамшууллын зардал гаргасан байна. Тодруулбал, уг зардал нь төрийн байгууллагын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, бодит үр дүнд үндэслэн олгох ёстой урамшууллын сангаас гарсан гэх бөгөөд хувийн шинжтэй арга хэмжээнд төсвийн хөрөнгө ашигласан байж болзошгүй юм. Нэг удаагийн тэтгэмж үү, хувийн баярын зардал уу?

Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгагддаг “нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардал” нь төрийн албан хаагчид болон зарим тохиолдолд иргэн, байгууллагад хууль, журмаар тогтоосон онцгой нөхцөлд нэг удаа олгодог мөнгөн дэмжлэг юм. Энэхүү зардлыг ихэвчлэн албан хаагчийн ажлын онцгой амжилт, улс, орон нутгийн шагнал хүртсэн байдал, эсвэл нийгмийн баталгаатай холбоотой гэнэтийн хүндрэл эрүүл мэнд, амьжиргааны онцгой нөхцөл үүссэн үед олгох зориулалттай байдаг.
Харин хууль, журамд зааснаар уг зардлыг удирдах албан тушаалтны төрсөн өдөр, хувийн ой, албан бус баяр ёслол, эсвэл хувийн шинжтэй хүлээн авалт, цайллагад ашиглахыг зөвшөөрдөггүй. Ийм төрлийн зарцуулалт нь төсвийн зориулалтын бус хэрэглээ гэж үзэгдэх үндэслэл болдог.
Төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан бүх хүнд "хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах" 50 насны төрсөн өдрийн урамшуулал авдаг уу?