Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан дэлхийн батлан хамгаалах технологийн томоохон үзэсгэлэн болох “DIMDEX-2026”-д Монгол Улс албан ёсоор оролцож, батлан хамгаалах салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит үр дүнтэй айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Катар Улс хоорондын батлан хамгаалах салбарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 19 жилийн дараа шинэчлэн байгуулж, талууд гарын үсэг зурсан нь хоёр улсын цэргийн харилцааг орчин үеийн аюулгүй байдлын нөхцөл байдалд нийцүүлэн эрх зүйн хувьд баталгаажуулсан чухал алхам боллоо. Мөн талууд агаарын цэрэг, тусгай хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, нисгэгч, нисэхийн инженер, нисгэгчгүй нисэх хэрэгслийн оператор бэлтгэх, сонсогч солилцох боломжийг судлахаар тохиролцов.
Үүнээс гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд”, “Шийдэмгий шийдвэр” зэрэг хамтарсан сургуулилтын цар хүрээг нэмэгдүүлж, тусгай хүчин болон агаарын цэргийн оролцоог өргөжүүлэхээр болсон байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг Ойрхи Дорнодын бүс нутагт бэхжүүлэх, Катар Улстай тогтоосон стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.