© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Иргэдийн амьдрал хүнд, хүлээлт их байна
Иргэдийн амьдрал хүнд, хүлээлт их байна

Гадаа агаарын хэм -26 градус зааж, тэсгим жавар хацар хайрах энэ өглөө Эрдэнэт хот ердийнхөөрөө амьдарч байлаа. Хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ яаран, өглөөний хөл хөдөлгөөн зам даган тасралтгүй урсана. Харин хальтиргаа гулгаа иргэдэд багагүй хүндрэл учруулж, хаа нэгтээ мөргөлдсөн автомашин, хальтарч унаад өмдөө гөвөн босох хүмүүс харагдана. 

Хотын энэ хөдөлгөөн дунд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Наран, Уртын гол, Рашаант багийн иргэдтэй уулзахаар Залуучуудын ордонд иржээ. Танхимд цугласан иргэдийн дийлэнх нь ахмадууд. Хүйтний улмаас олонх нь гадуур хувцсаа тайлсангүй. Бал, цаас барьсан багийн хэсгийн ахлагчид ганц хоёр иргэнд асуулт бичиж өгч байгаа нь харагдана. Уулзалтад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, мэргэжилтнүүд хамт оролцов.


Уулзалтын эхэнд Засаг дарга өнгөрсөн онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудаа танилцууллаа. Тэрбээр Наран, Уртын гол, Рашаант баг бүрт хоёр байршилд 10 кВт-ын дэд станц шинээр суурилуулж, цахилгаан хангамжийг сайжруулснаар хүчдэлийн уналт арилсныг онцолсон юм. Мөн авто замын засвар, гудамжны гэрэлтүүлэг, ашиглалтад ороогүй царцсан есөн барилгын асуудлыг дурдлаа.
  Түүний ярианаас олны анхаарлыг хамгийн их татсан нь нийгмийн шинжтэй тоо баримт байв. Өнгөрсөн онд 420 гэр бүл гэрлэлтээ батлуулсан ч үүнтэй дүйцэхүйц тооны гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 600 гаруй хүүхэд хагас өнчин болсон талаарх дата мэдээллийг тэр танилцууллаа. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн судалгаанд тэдний ар гэрт асуудал байгааг онцолж, үүнтэй холбогдуулан “Бүх хайраа гэр бүлдээ” төслийг санаачилсан гэв.

 Наран багийн иргэн н.Оюун нийтийн тээврийн автобус хүйтэн, зорчигчид даарч байгааг хэлж, автобус шинэчлэх боломж болон эко жорлонгийн асуудлыг хөндөв. Рашаант багийн иргэн Тамир 6-р цэцэрлэгийн халаалтын асуудлыг сөхөж, аймгийн удирдлагуудыг газар дээр нь очиж үзэхийг хүсэв. Мөн Хорооллын эцэст аюулгүй тойрог зам байгуулах санал гаргав.
    Аймгийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж, гэр хорооллын 13 багт нийт 70.4 км гудамж хоорондын хоёр эгнээ авто зам шинээр тавихаар төлөвлөжээ. Шаардлагатай авто замын 80 хувийг энэ онд багтаан хийхээр зорьж байгааг удирдлагууд тайлбарлав. Танхимын дундаас саарал куртка өмссөн нэгэн залуу босож, төрийн сан хэзээ нээгдэхийг асуув. Тэрбээр зам засварын ажилд оролцсон ч долоодугаар сараас хойш цалингаа авч чадаагүй гэдгээ хэлсэн юм. Үүний дараа залуучуудын төлөөлөл үг авч, Эрдэнэт хотод амьдрахаар гэр бүлтэйгээ нүүж ирсэн ч тогтмол цалинтай ажил олдохгүй, одоогоор хувиараа таксинд явж байгаагаа ярив. Ажлын байр хомс, иргэдийн амьдрал хүнд байгааг тэр онцоллоо. Иргэдийн амьдрал хүнд, хүлээлт их байна

 

Иргэдийн санал, хүсэлт болон удирдлагуудын хариулт зарим талаар зөрүүтэй байв. Гэсэн ч танхимд суусан олон нийт хүлээцтэй сонсож, тэвчээр гарган сууна. Анхдагч хэрэгцээгээ ч бүрэн хангаж чадахгүй иргэдэд зам, барилга, хотын хөгжлийн яриа хол сонсогдох нь ойлгомжтой. Өвлийн тэсгим хүйтэнд жавар үлээсэн энэ өдөр Залуучуудын ордон дотор ч дулаан хангалтгүй байлаа. Олон давхар хувцастай иргэд үзэл бодлоо илэрхийлж, асуудлаа хэлсээр уулзалт өндөрлөв. Уулзалт тарж, хоосорсон зааланд хүйтэн жавар л үлдлээ. Иргэдийн амьдрал хүнд, хүлээлт ч их байна даа...

 

/ 2026-01-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц