Хүмүүний амьдралын хамгийн нандин дурсамжууд урлагтай салшгүй холбоотой байдаг. Хүүхэд ахуй насанд сонсож өссөн дуу, сурагч ахуйд амандаа аялж явсан аялгуу, оюутан насанд орцондоо гитар тэврэн суусан нөхөрлөлийн мөч бүр хөг эгшигтэй хамт сэтгэлд хоногшдог билээ. Тэгвэл эдгээр дурсамжийг сэрээсэн "Эрийн зууны бахархал Эрдэнэт 50" тоглолт болж байна.
Эрдэнэт хотоос төрөн гарсан уран бүтээлчид 10, 20 жилийн дараа төрөлх тайзнаа эргэн ирж, өөрсдийн уран бүтээлээ толилуулан, үзэгчидтэйгээ дурсамжаа хуваалцсан юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү тоглолтод баярын нулимс, санасан сэтгэл тээн ирсэн уран бүтээлчдийг нутгийнхан нь халуун дотноор угтан авлаа.
Элгэн садан, анд нөхөд, Эрдэнэтчүүдийн алга ташилт тайзыг дүүргэж, уран бүтээлчдийн сэтгэлийг улам догдлуулж байв. Тоглолтын үеэр эгшиглэсэн дуу бүхэн үзэгчдийг өөр өөрийн дурсамж руу хөтөлж, нэгэн үеийн нөхөрлөл, залуу насны гэрэл гэгээтэй мөчүүдийг дахин амилуулсан юм. Энэ үдэш зөвхөн урлагийн тоглолт биш, харин дурсамж, хайр, нутаг усны холбоог мэдрүүлсэн онцгой уулзалт байлаа.