© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Амарсу хотхоны иргэд амралтын өдрүүдэд хэрэглээний усгүй байдаг асуудал хоёр жилийн турш үргэлжилж байна гэв
 Амарсу хотхоны иргэд амралтын өдрүүдэд хэрэглээний усгүй байдаг асуудал хоёр жилийн турш үргэлжилж байна гэв

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Цагаанчулуут, Найрамдал, Чандмань багийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Амарсу хотхоны иргэд амралтын өдрүүдэд хэрэглээний усгүй байдаг асуудал хоёр жилийн турш үргэлжилж байгааг онцлон хэлэв. Энэхүү хүндрэл нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж байгааг тэд илэрхийлсэн юм. Мөн Орхон аймагт сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон болон баригдаж буй авто замуудын чанар, хяналт хангалтгүй байгааг иргэд шүүмжиллээ. Тодруулбал, “Орхон Азза” ХХК сүүлийн нэг жилийн хугацаанд бодитой ажил хийгээгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд иргэдэд тайлбар өгөх, хариуцлага тооцох шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн шинээр ашиглалтад орж буй орон сууцны хорооллуудад ногоон байгууламж, явган хүний зам, орц гарц хангалтгүй байгааг дурдаж, хот төлөвлөлтийг иргэдэд ээлтэй байдлаар хийхийг хүсэв. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн асуудал ч уулзалтын үеэр хөндөгдлөө. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Сургууль, цэцэрлэгийн барилгын зардлыг улс хариуцах ёстой. Энэ нь хүн амын өсөлт, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг” хэмээн онцоллоо. Нэг сургуулийг нэг жилийн хугацаанд барих бүрэн боломжтой ч улсын төсвийн санхүүжилт дөрвөн жилийн хугацаатай батлагддаг нь барилгын ажил удаашрах, царцах шалтгаан болдог гэв. Иймд санхүүжилтийг хоёр жилийн хугацаанд багтаан олгох саналыг холбогдох байгууллагад тавьсан талаар мэдээллээ. 7-р хорооллын гудамжны гэрэлтүүлэг анх 2017 онд хийгдсэн ч ашиглалт, засвар үйлчилгээ хангалтгүй байсныг мөн дурдав. Аймгийн 50 жилийн ойг тохиолдуулан энэ жил тодорхой байршлуудад гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөжээ. 

 Газрын асуудлын талаар ГХБХБГ-аас мэдээлэл өгч, аймгийн хэмжээнд 21 мянган иргэний газар өмчлөх асуудлыг шийдвэрлэсэн ч иргэдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, газрын хэмжээний хязгаарлалтаас шалтгаалсан хүндрэл үүсэж байгааг тайлбарлалаа. Одоогоор цахимаар 9 мянга орчим иргэн хүсэлт ирүүлсэн бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг аж. Аймгийн бүх иргэдийг 0.7 га газраар хангах боломжгүй тул шинээр газар олголт хийхгүй байгаа бөгөөд иргэд Монгол Улсын хаана ч, тэр дундаа Булга аймгийн ойролцоох сумдад газар эзэмших боломжтойг сануулав. Газрын эзэмших эрхийн хүсэлтийг тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргаж, улмаар төлөвлөгөөнд оруулан Засгийн газраас зөвшөөрөл авдаг тул хугацаа шаардагддаг байна.

Уулзалтын төгсгөлд иргэд төр, орон нутгийн удирдлагуудыг иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлэх, хариуцлагатай, ил тод ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. 

/ 2026-01-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц