Эрдэнэт | 1 сарын өмнө

Биднийг гүтгэж байгаа энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь олох болно

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Энэ сарын 7-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Од дөл” ХХК  өмхийрсөн махаар хоол бэлтгэж өгсөн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэв. Энэ асуудалтай холбоотойгоор үйлдвэрээс ажлын хэсэг гарган хяналт, шалгалт хийж буй бөгөөд Од дөл ХХК-ийн хоолны дээжийг шинжлүүлж байна. Тухайн өдөр уурхайчдад өгсөн мантуун буузтай сет хоолны мах нь өмхийрсөн байсан талаар зарим уурхайчид хэлж байгаа юм. Энэ талаар бид Од дөл ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ө.Цэрмаатай ярилцлаа.

- Ажилчдын идсэн хоолны мах нь өмхийрсэн байсан талаар мэдээлэл гарсан. Эрдэнэт үйлдвэрийн эрүүл ахуйч, холбогдох хүмүүс танай байгууллага дээр шалгалт хийсэн. Тухайн өдөр яг юу болсон бэ?

-Манай байгууллага 2023 онд тендерт шалгарч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад халуун хоолоор үйлчлэх болсон. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаад олон жил болж байна. Орон нутагтаа ресторан, катерингийн үйлчилгээ эрхэлдэг. Одоо амралтын газар ажиллуулахаар бэлтгэлээ хийж байна. Энэ салбарт багаас нь эхлээд өдийг хүртэл олон жил хөдөлмөрлөсөн учраас бид тийм хүн чанаргүй үйлдэл хийхгүй. Тухайн өдөр яг юу болсон талаар бол мэдээгүй. 5-р сарын 9-ны өдөр би городын салбаруудад ажиллаж байсан юм. Манай ажилтан утсаар холбогдож гэнэтийн шалгалт хийж байгаа талаар хэлсэн. Гэхдээ энэ шалгалт энгийн үед шалгадагаас өөр, олон хүн ирсэн байгааг хэлсэн. Удалгүй үйлдвэрийн хоол зүйч Баярцэцэг залгасан. Сошиалаар мэдээлэгдсэн 60 хонины гулууз махны асуудлаар манай баг гэнэтийн шалгалтаар явж байна гэсэн. Намайг очиход хяналтын багийн 10 гаруй хүн байсан. Хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан махнуудаас дээж авч гурван уутанд хийсэн байсан. Мөн Эрдэнэт механик сервисийн байранд байдаг мах хадгалах контейнерыг шалгасан. Бид үйл ажиллагаагаа өдөр тутам явуулж байгаа учраас бүх бичиг баримт ном журмын дагуу байсан. Сүүлийн үед манайх дандаа үхрийн махаар хоол үйлдвэрлэж байгаа. Үүний дараагаар манай ресторанд очиж хөргөгч, хөргүүр зэргийг ч мөн шалгасан. 60 хонины гулуузтай холбоотой асуудлыг би огт ойлгоогүй. Шалгалтаар ирэхэд манайд тийм их хонины гулууз ч байгаагүй. Өөрсдөө ирээд шалгаад явж байгаа мөртлөө “хаана нуусан, худлаа яриад байна” гэж хэлсэн.

- Постоор орохдоо шуудайтай махнууд гарсан гэж бүртгэгдсэн мөртлөө шалгалтаар жижиглэсэн махнууд байсан гэж байна. Үйлдвэр рүү оруулсан дөрөв, таван сарын махнууд яагаад шинжилгээний бичиггүй байсан бэ?

- Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагай постоор гарсан махны талаар надаас хэд хэдэн удаа тодруулж асуусан. “Та худлаа яриад байна, махнуудаа хаана нуусан бэ” гэж асуусан. Шуудай гээд байгаа нь уут шүү дээ. Махнуудаа жижиглээд том уутанд төрөл төрлөөр нь хийчихдэг. Хоёр том тортой мах, бусад нь хэрчсэн, арилгасан ногоо байсан. Ресторан дээр хүлээн авалттай байсан учраас махнуудаа ресторанд буулгасан. Ийм л юм болсон. Шалгах боломжтой бүх газруудаа шалгуулсан. “Галтай” амралт дээр очиж шалгалт хийнэ гэж байгаа юм. Одоо тэр амралт ажиллаагүй, тог байхгүй. Хөргүүргүй газар яаж 60 гулууз хонины махыг хадгалах юм. За бүр зөөчихсөн байлаа гэхэд тэр бүх бүртгэл бичигдэнэ шүү дээ. Шинжилгээний бичиггүй үйлдвэрийн постоор нэг ширхэг ч мах орохгүй боломжгүй. Манайд 60 хонины гулууз зөөх машин байхгүй. Тавдугаар сарын 8-ны өдөр  үйлдвэрийн эрүүл ахуйч манайд шалгалт хийсэн. Өдөр тутамдаа бид шалгалт хийлгэдэг байхад 60 гулуузыг яаж гаргах юм бэ?  Лабораторийн шинжилгээний бичгийг хуурамчаар гаргах боломжгүй. Таван сарын нэг шинжилгээний бичиг өгсөн протокол нь байгаа. Шалгалтаар явж байхад нь н.Гал-Эрдэнэтэй утсаар холбогдсон. Хамгийн сүүлд өгсөн махны шинжилгээний бичиг 2-3 хоногийн дотор гарна. Эрүүл ахуйчтай ярьсан гэдгээ хэлсэн. Тэр махыг бид үйлдвэрийн бүстээ оруулаагүй. Одоо ч манай контейнерт байгаа. Үйлдвэрийн хяналт, шалгалт маш чанга шүү дээ.

- Үйлдвэрийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд хурал хийж хоолны чанарын асуудлын талаар ярилцсан, мөн ҮЭ хүсвэл шаардлагатай бичиг баримтуудаа гаргаж өгөх талаар ярьсан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?   

- Хурал дээр би бүх зүйлийг тайлбарлаж хэслэн. Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг. Манай мах нийлүүлэгч байгууллагатай  хийсэн гүйлгээ, баримтыг шалгаж 60 гулууз авсан эсэхийг мэдэж болно. Бүх санхүүгийн бүртгэл нь и-баримттайгаа таарч байгаа. Мөн мал эмнэлгийн лабороторид шинжилгээний бичиг нь бүх он сартайгаа бий. Шалгаж үзэж болно. Магадгүй шинжилдгээний бичгээ хаяж гээгдүүлсэн байж болно. Үүнийг хүсэлт гарган нөхөж авч болно. Харин он сарыг өөрчлөх боломжгүй. Ил уурхайд хоёр хүн өмхийрсэн мах авч очиж шулуулсан гэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрт гадны хүн ороод мах шулаад зогсож байх боломжтой юм уу? Сошиалаар буруу ташаа мэдээлэл их явж байна. Манайхаас авсан хоолны дээжийг маргааш нь хүргэж өгсөн байсан. Энэ шинжилгээний хариу зөв гарна гэдэгт эргэлзэж байна. Болсон процессын талаар ерөнхий захирал Ш.Даваанямд хэлсэн. “Ийм асуудал болоод сая манай ресторанд ирээд шалгалт хийгээд явлаа. Хүний хувийн өмч өөрөө халдашгүй, Үндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой. Миний ресторан руу үйлдвэрийн шалгалтын баг  яагаад прокурорын зөвшөөрөлгүй орж байгаа юм бэ” гэж хэлсэн. Хэрвээ үзүүлээгүй бол намайг махаа ресторандаа нуусан гэж үзэх байсан. Энэ бол хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Манай амралтын газрын контейнерийг шалгахаар очсон байсан. “Бид ажлаар явж байна, танай энд амьжиргаа цагаанаар мах ачиж ирсэн үү” гэж асуусан байсан. Манай сантехникч залуугаас онгойлгож болох уу гэж асуусан байгаа юм. “Онгойлгож өгөх үү, дандаа аж ахуйн юмнууд бий” гэхэд Үйлдвэрчний эвлэлийн дарга хэрэггүй гэж хэлсэн гэсэн. 

- Шинжилгээний дээжид өгөх махыг маргааш нь өгсөн гэж байна, яагаад?

- Тэр өдөр авсан махны дээжийг 10-ны өглөө мал эмнэлгийн лабораторид аваачиж өгсөн байсан. Ийм асуудал үүсээд байхад үйлдвэрийн эрүүл ахуйч махыг шинжилгээнд өгөлгүй хонуулсныг би маш их гайхаж байна. Энэ бол маш аюултай зүйл. Манай байгууллага дээр шалгалт хийж байх үед Үйлдвэрчний эвлэлийн дарга утсаар ярьж байгаа нь манай хяналтын камерт бичигдсэн. Нэг хүнтэй утсаар холбогдож “Нөгөө мах чинь энд байхгүй байна шүү дээ, нөгөө зургаа шид” гэж хэлсэн байгаа юм. Захирлаа нэг зургийн тухай яриад байна гэж манай ажилчид хэлсэн. Ийм махаар хоол хийж байсан гэдэг ойлголтыг олон нийтэд өгчихсөн. Гэтэл тэр зурган дээр байгаа шиг тийм сав суулга манайд байхгүй. АБК шал ийм биш. Дөрвөн градусын хөргүүрт ийм саванд хийдэггүй, шалгаж үзэж болно. Дахиад нэг сүүл юм уу, тахианы мах юм уу нэг ногоорсон махны зураг байгаа юм. Эрдэнэт үйлдвэр цагаан падон ашиглахыг хориглодог. Мод өөрөө бактери ихтэй учраас үүнийг хоол зүйч нь нотолж байгаа юм. “Түмпэнд хий” гэсэн шаардлага тавьдаг. Манай АБК ганцаараа ажилддаггүй, одоо байгаа шал нь ийм тод ногоон өнгөгүй. За мөн байна гэж үзэх юм бол өмнө 3-4 жилийн өмнө цагаан падон ашиглаж байх үеийн зураг байх гэж бодож байна. Манайд бүтэн камерын бичлэг нь ч байна. Тавдугаар сарын 9-ний өдөр “наад зургаа шид” гэж ярьсан гэхээр өмнө нь тэдэнд энэ махны зураг байсан болж таарч байна.

-Өмхий махаар хоол хийсэн байж болзошгүй талаарх мэдээлэл гарах үед үйлдвэрийн ажилчид өдөрт иддэг нэг удаагийн хоолны чанар, порц муу болох талаар хэлж байна. Өөх, тос ихтэй зарим нь ходоод өвддөг болсон, амтгүй гэж хэлээд байна. Хоолны чанарын тал дээр танаас тодруулж асуумаар байна?

- Манайх дураараа хоол хийж үйлдвэрлэдэг газар биш шүү дээ. Хоолны ганцхан тогооч хийхгүй. Хоол зүйч ямар хоол, ямар хоолтой зохицох вэ, технологич нь ямар технологиор үйлдвэрлэх вэ гэдгийг хариуцаж, чанарын менежер хянадаг. Үүний дагуу хоолны меню боловсруулдаг. Тухайн хоолноос авах шим тэжээлийг тооцож, эрүүл ахуйн хяналтын баг ажилладаг. Өдөр идсэн хоол оройн хоолтой давхцахгүй байх ёстой байдаг. Тэр хүмүүс, хоолонд амтлагч орж байна уу, хориглогдсон бүтээгдэхүүн орж байна уу гэдгийг давхар хянадаг. Үйлдвэрийн тэр олон хүнд ганцхан манай компани халуун хоолоор үйлчилдэггүй. Тендерт оролцоогүй дарга нарын компани тэнд олон жил ажиллаж байна. Хэн ч тэр асуудлыг сөхөж гаргаж ирэхгүй хэр нь бор зүрхээрээ ажиллаж байгаа орон нутгийн ганцхан компанийг ингэж байгааг гайхаж байна. Би хардаж байна. Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын нэг давуу тал нь үр дүн нь шууд мэдэгддэг. Магадгүй алдаа мадаг гарч байж болно. Үнэхээр алдаа байвал манай баг хамт олон буруугаа хүлээж, уучлалт гуйхад бэлэн байна. Цаашид энэ алдаа дутагдлаа засаж сайжруулах ажлыг удирдлагын зүгээс хийнэ. Гэхдээ биднийг гүтгэж байгаа энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь олох болно. Манайд өрх толгойлсон эмэгтэйчүүд ажиллаж байна. “Үйлдвэрийн ажилчид үнэ цэнтэй. Од дөл ХХК-ийн ажилчид үнэ цэнгүй, өмхийрсэн махаар хоол хийж байна” гэж гүтгэж болохгүй. Өөрсдөө үзээд, нүдээрээ хараад ийм мах байхгүй гэдгийг шалгасан. Бид гомдолтой байгаа.

Таалагдаж байна 27
1 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Миний харах өнцөг

4 цагийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

2024-06-24

20 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээг өргөтгөлөө

2024-06-17

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ГАЗРУУД

2024-06-13

О.Гал-Очир: Шинжилгээгээр илэрсэн нянгууд хүний иддэг бэлэн болсон хоолонд илэрнэ гэдэг маш том аюул

2024-06-04

Мантуун буузны маханд хийсэн шинжилгээгээр ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ

2024-05-31

Энэ сарын 21-ний өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ

2024-05-28

Зургаадугаар сарын 1-нийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ

2024-05-28

Биднийг гүтгэж байгаа энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь олох болно

2024-05-20

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09