Онцлох | 4 сарын өмнө

Инженерчлэл ба Эрдэнэт

Газар доорх байгууламж найдвартай бол газрын дээрх амьдрал баталгаатай. Үүнийг инженерчлэлийн сайн шийдэлгэж хэлнэ. Эрдэнэт хот сүүлийн жилүүдэд газар доорхинженерийн шугам сүлжээ, дэд бүтцээ бүрэн шинэчлэхээр ханцуй шамлан орсон. Үр дүнд нь 40 гаруй жилийн түүхэндээ огт гар хүрээгүй ус, дулааны шугам хоолой “царай орж”, ирэх бүтэн жаранд ч “юм хэлэхээргүй” итгэл найдвартай ажиллах боллоо. 

Эрдэнэтийг хөгжилд хөтөлж, шинэчлэн урагшуулж байгаа инженерчлэл хэрхэн өрнөж байна вэ? 

Цоо шинэ бохирын 3-р шугам - Эрдэнэтийн шинэ эхлэл

Эрдэнэт хотыг анх барьж байгуулахдаа орон сууцны хороолол, хот төлөвлөлтийн анхны зураг төслийн дагуу 1,2 дугаар бохирын шугам татаж байжээ. Харин өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж, хот хаяагаа тэлэхийн хэрээр гэр хорооллыг дахин төлөвлөх, тэнд орон сууцны хороолол барих бүрт түүнийг дагаад дэд бүтэц, бохирын төв шугамаашинээр барьж байгуулах шаардлага зүй ёсоор урган гарч байв. Нэг ёсондоо ачаалал нэмэгдсээр... Тиймээс тал талд барилгажилт, төвлөрөл дагасан дэд бүтцийн асуудлын суурь гарц нь бохирын төв шугамыг шинээр нэмж татах шийдлийг аймгийн инженер дарга, түүний багийнхан дэвшүүлэв. Энэ шийдэл нэгэнт хөрсөн дээр буужээ. Нэг хоногт 21053 метр куб бохирын ачааллыг урсгах хүчин чадалтай, 8.9 км урт бүхий  төв болон салбар шугамуудтай 3-р коллекторыг Комфорт импекс компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэж байна. 

Үүний 6.8 км нь хотын Дулааны цахилгаан станцаас Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн хүртэлх төв шугам бол 2.5 км нь хойш, урагшаа тавигдах салбар шугамууд юм. Өөрөөр хэлбэл, Сархиа уулын дэнжид баригдах орон сууцны хорооллын бохирын шугамын асуудлыг эл салбар шугамуудаар шийджээ. Өнөөдрийн байдлаар, бохирын 3 дугаар коллекторын төв шугамын 3.1 км, салбар 2.5 км шугам бүрэн хийгдэж дуусчээ. Нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үг. Улсын төсвийн 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бохирын 3-р төв шугам ирэх онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж, Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээнд шинэ дэвшил ирнэ. 

720 мм-ийн дулааны 3-р шугам – Халаалтыг бүрэн шийднэ

Энэ бол Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станцаас хотын төврүү чиглэж, хуучнаар Технологийн сургуулийн хойд талын өргөх насос хүртэл 3.5 км үргэлжлэх дулааны шугам. Мөн л шинээр тавигдаж буй  ус дулаан дамжуулах 3-р шугам.  Одоо 2.1 км нь тавигджээ. Хотын одоо ашиглагдаж байгаа дулааны 1,2-р төв шугамууд тус бүр нь 630 ммдиаметртэй. Дулааны 3-р шугамыг 1980 онд тавих төлөвлөгөөтэй  байсан ч Эрдэнэт хотын барилгажилт, бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй байв. Тухайн үедээ хүчин чадал хангалттай гээд орхичихсон байсан 3-р шугам өнөөгийн хотын  оргил тэлэлтийн цаг үед заавал хийгдэх ажил болжээ. Ингэснээр дулааны шинэ шугам хотын төвийн орон сууцны хорооллын дулаан хангамжийг сайжруулна. Хүйтний ам наашлах бүрт асуудал дагуулдаг халаалт тойрсон бэрхшээлийг халах “халуун” үүрэг гүйцэтгэнэ. 

 

“Их залуу”-гийн ус, дулаан дамжуулах төв энэ онд ашиглалтад орно

Их залуу багт ус, дулаан дамжуулах төвийн барилга баригдаж байна. Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Их залуугийн агро парк буюу 1.3 га газарт“Багш” орон сууцны хотхон барихаар тусгасан. Энэ хотхоны дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтцийг ч дээрх төв шийдвэрлэнэ. Рашаант багаас Их залуугийн агро парк хүртэл 962 метр ус дулааны шугамыг татаад байна. Ажлын гүйцэтгэл 98 хувь. Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Их залуу багт ус дулаан дамжуулах төвийн барилга оны сүүлээр ашиглалтад орно. 

Найрамдал, Наран багт ил шугамгүй болно

Ил байсан дулааны шугамыг далдлах ажил энд үргэлжилж байна. Дамжуулах явцдаа тодорхой хэмжээгээр дулаан алддаг ил шугамыг газар дор далдлахдаа хүчин чадлыг нь бас нэмэгдүүлнэ. Өмнө нь 150 мм-ийн диаметртэй байсныг 275мм болгоно.  Наран багт цаашид баригдах орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд болон одоо дулааны алдагдалтай байгаа 6-р цэцэрлэг, 3-р сургууль зэрэг барилга байгууламжийн  дулаан хангамжийг давхар шийдэх юм. Хорооллын сургуулиуд хотын төвийнхтэй адил дулаан өвөлждөг болно гэсэн үг. Энэ хэсэгт бас ус дулаан дамжуулах төв шинээр баригдаж, тоног төхөөрөмжийн угсралт хийгдэж байна. Ингэснээр Цагаанчулуут багийнхан“Миний гэр-бидний гудамж”-аараа нэгдэж, ус дулааны хэрэглээгээ хангалттай хүртээд эхэлнэ. 1.7 км дулааны ил шугамыг  далдлах эл ажлын гүйцэтгэгчээр “Эрин гүрэн”компани ажиллаж, ирэх онд дуусгахаар төлөвлөжээ. 

“Эр зоригийн уулзвар” эрх чөлөөтэй болно 

Эрдэнэтийнхний нэрлэж заншсанаар Чандманийн уулзвар буюу “эр зоригийн уулзвар” замын гудамж талбайг өргөтгөнө. Тахир замын улмаас авто осол гарах эрсдэл ихтэй, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг тус уулзварыг өргөтгөж, урсгалыг нэмэгдүүлэх ажил хэдийнэ эхэлжээ. Ингэхийн тулд уулзварын инженерийн шугам буюу энэ хэсгийн газар доорх гол магистрал 600 мм-ийн шугамыг нь шинэчилж байж, дээрх уулзварт зам тавихаар шийдсэн байна. Энэ ажлын хүрээнд Дагинас төвөөс 4-20 дугаар байр хүртэлх газарт 478 метр цэвэр усны ган хоолой шугамыг 100 жилийн баталгаатай шинэ хоолойгоор давхар сольж, 4-р сургуулийн өмнөх шугам сүлжээг шинэчилжээ. Ингэснээр ирэх онд “Эр зоригийн уулзвар”-аар эрх чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Бас газар доорх шугам сүлжээ нь баталгаатай, найдвартай , урт настай болно. Инженерчлэл хөгжил авчирна гэдэг. 

 

М.Балжинням

 

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18