Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрсдэлтэй бүс дэх боловсрол” нээлттэй хэлэлцүүлгийг Эрдэнэт инфо сайт, update.mn, Тусгал тв хамтран зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр сургууль, цэцэрлэгийн чанаргүй барилгыг улсын комисс хүлээн авч, онд амжсан барилгын ажлуудын төсөв жил бүр нэмэгдэж байгаа талаар асуудлыг хөндсөн юм. Хэлэлцүүлэгт аймгийн БШУГ, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, ХОХБТГ, ГХБХБГ, “Хүний эрхийн үндэсний комисс”-ын Орхон аймаг дахь референт, сургуулийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож хоёр цагийн хугацаанд нээлттэй хэлэлцсэн юм. Өнгөрсөн онд зөвхөн боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Шинээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсон ч асуудал дагуулсан хэвээр байгааг албаны хүмүүс тайлбарлаж иргэдийн асуултад хариулсан юм. Сургуулийн барилга нь томоохон бүтээн байгуулалтад тооцогддог учир ажлын явж нарийн байдаг болохыг холбогдох албаныхан тайлбарлав. Газрын хэмжээ, орчин тойрны нөлөөллийн, эрсдэлийн судалгааг хийгддэг. Мөн төсөв, санхүүтэй холбоотой олон бэрхшээл байдаг гэв. Хэлэлцүүлэг зохион байгуулсан Хийморь худалдааны төвд улсаас сургуулийн зориулалттаар ашигласны төлбөрт сар бүр 74 сая төгрөгийн түрээс төлдөг, жилдээ 880 сая, хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байна. Наран багт шинээр баригдаж буй сургуулийн нийт төсөвт өртөг нь 8,2 тэрбум төгрөг. БШУЯ-ны гаргасан шийдвэрээр ийнхүү тус худалдааны төвд хичээллэж, улсаас тогтоосон түрээсийн төлбөрийн дагуу гэрээ байгуулжээ. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийг барих хэмжээний төсвөөр тус төвийг түрээсэлсэн гэсэн үг юм. Хийморь худалдааны төвийн чанх урд газын колонк, авто засвар төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Мөн Нийтийн тээврийн асуудал хүндрэлтэй байдаг гэдгийг эцэг эхчүүд онцолж байна. Аймгийн БШУГ-аас 2000м2 дээш талбайтай түрээслэх объект аймгийн хэмжээнд ховор, хувийн эзэмшлийг түрээсэлж байгаа учраас дур мэдэн ашиглах, түрээсийн хэмжээг бууруулах боломжгүй байдаг гэдгийг хэлж байна.
Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ төвийн сургуульд оруулахын тулд аргагүй эрхэнд авлигал өгөхөөс өөр аргагүй байдалд хүрэх болно гэдгийг хэлж байна. Биеийн тамирын хичээл орох боломжгүй, орчин тойрны эрсдэл, хүүхэд бэртэх, гэмтэх эрсдэлтэйг хэлж байна. Иймд шийдвэр гаргах түвшний удирдлагууд энэ асуудлын анхааралдаа авч, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тооцоолж өгөхийг хүслээ.
Орхон аймгийн ЕБ-ын 3-р сургууль Хийморь худалдааны төвд хичээллээд хоёр жил болж буй. Хуучин сургуулийн барилга насжилт ихтэй, дахин өргөтгөх боломжгүй болсон учир нурааж, шинээр сургуулийг барилгыг барьж байгаа юм. Ингэхдээ энэ оны төсөвт үлдэгдэл төсвийг нь улсын төсөвт төвлөрүүлж 2025 онд ашиглалтад хүлээн авах талаар БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хэллээ.
ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын төсөв жил дамнаж төсөвлөгддөг учраас гүйцэтгэгч компани тухайн жил батлагдсан төсвийн дагуу тендерт шалгарсан ажлаа гүйцэтгэдэг. Өөрийн зардлаар барилгыг ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Төсөв мөнгөтэй холбоотой ажил удаашрах, дахин засварлах зэрэг асуудлууд үүсдэг нь барилга царцах, удаашрахад нөлөөлдөг гэв.
Хэлэлцүүлэг зохион байгуулахад Хийморь төвийн дулаан 41 хэмтэй байсан. Эргэн торны барилгын ажилтай холбоотой амралтын өдрүүдэд халаалт муу байсан гэв. Засаг даргын шуурхай хуралдаанаар "Эрсдэлтэй бүс дэх боловсрол" хэлэлцүүлэг дээр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэж шийдвэрлэх үүрэг даалгаврыг засаг дарга Б.Зоригтбаяр холбогдох албаныханд үүрэг болгоно гэдгийг онцлов. Одоогоор сургуулийн халаалт 71 хэмийн дулаан анги, танхим дулаахан болсон гэдгийг 3-р сургуулийн захирал хэлж байна.