Орхон аймгийн Бурхан шашинтны төв, Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн хамба лам Ж.Ширнэнгээс овоо тахилгын зан үйлийн талаар тодрууллаа.
-Эхлээд та овоо тахилгын зан үйл уламжлалын талаар ярина уу?
-Эрдэнэтийг тойрсон Баян-Өндөр, Баянцагаан, Эрдэнэт, Бүрэнбүстийн гэх мэт олон овоо бий. Эндээс Баян-Өндөр, Бүрэнбүст, Эрдэнэтийн овоог нийтээрээ тахидаг. Монголчууд эрт дээр үеэс газар усаа шүтэж ирсэн ард түмэн. Буддын шашин дэлгэрсэн 1600-гаад оны үеэс овоо тахиж ирсэн. Энэ нь Өндөр гэгээний үеэс тахиж ирсэн гэж ойлгож болно. Үүнээс өмнө бөөгийн шашны зан үйлээр овоо хангайг тахиж байсан түүхэн сурвалж байдаг. Өндөр гэгээний үеэс тухайн уул усны савдаг эзнийг судалж, үзэн тухайн газрын тахилгыг зохиосон байх жишээтэй. Тэгэхдээ тухайн газар оронд зориулсан ном судрыг уншин,зохицсон зан үйл үйлдэж ирсэн уламжлалтай. Монголчуудаас өөр овоо хангайгаа тахин шүтдэг газар бий.
-Овоо тахихын ач холбогдол юу вэ?
-Ард иргэд, ан амьтан, өвс ургамал, амьд организм бүгд амар амгалан байхын тухайд овоо хангайг тахидаг. Мөн газар нутгийн гарц, хур бороо цаг хугацаандаа орох тухайд тахиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдарч буй нутаг орон зуд, ган гачиггүй байхын тухайд буддын шашны зан үйл, ном судар уншлагаар аргадан тахидаг. Ингэснээр газрын эзэн лус савдгийг баясгаж байна гэж үздэг. Ер нь хангай дэлхийд өвс ургамал жигд гарцтай, ган гачиггүй байвал хүн, малын зоо тэнийж амар амгалан аж төрнө.
-Тэгвэл та овоо тахилгын зан үйлийн талаар ярихгүй юу?
-Овоог дотор нь хоёр хуваан авч үздэг. Энэ нь модоор буюу чулуугаар босгосон овоо юм. Модоор босгосныг нь лата, чулуугаар босгосныг нь лавза гэдэг. Мөн уншлагыг нь хоёр хуваадаг. Латаагаар ба лавзаагаар тахих овоо гэж. Тэгэхээр газрын эздийг тэнд урьж залдаг. Тэр үед эмэгтэй хүн очвол тухайн газрын савдаг дурлачихдаг гэсэн домог яриа байдаг. Иймээс эмэгтэй хүн овоон дээр гарахыг цээрлэдэг тохиолдол бий. Үүнээс гадна шинжлэх ухааны үүднээс муу эрчим гүйдэл явдаг гэж үздэг. Энэ нь эмэгтэй хүний саванд хий орох аюул бий гэж үздэг учраас эм хүйстнийг овоонд гарахыг монголчууд цээрлэдэг. Яг овоо тахиж байх үед. Овоо тайхын өмнө ядам бурхан тахидаг. Үүнээс гадна Жигжид, Очирваань, Дамдин янсан гэх мэт бурхад байж болно. Энэ нь утга учиртай. Бид өөрсдийн хэргээ бүтээхийн тулд нэг танилаар нь дотно хүнийг нь дуудуулж байгаатай агаар нэг зан үйл явагдана. Овоон дээр Очирваань тахина. Ингэснээр Очирваань савдгуудыг дуудна гэсэн үг. Эхлээд лус савдгийг урин залах зан үйл явагддаг. Тэгээд дайлж, цайлах зан үйл үйлддэг. Амны цангаа гаргах болон өлмий сэрүүцүүлэх ус, үнэртэн, балин өргөх гэх мэт тахилууд явагдана. Дараа нь өөрсдийн даатгал өргөмжлөл явагддаг. Өөрөөр хэлбэл байгалийн янз бүрийн гай гамшиггүй байх тухайд хүсэл зорилгоо одуулж, газрын эздээр хамгаалуулж байна гэсэн үг. Ингэж бид бүхний даатгал явагдсаны дараа үдэх зан үйл хийгддэг. Тэгэхээр урих, дайлах, даатгах, үдэх гэсэн зан үйл хийгддэг байх нь.
-Зарим овоо хангайг тахисны дараа хур бороо ороод байгаль дэлхий сэргэдэг. Энэ нь лус савдгийг тайх ёслол үйлдсэний ач тус гэх нь бий?
-Тухайн өдөр бороо хур орох, үгүй нь хамаагүй. Бүтэн жилээ даатгаж буй юм. Ард иргэдийг эрүүл энх, барцад саадгүй байхын тухайд л ном судар уншин даатгаж байгаа хэрэг.
-Орхончууд Баян-Өндөр, Бүрэн бүст, Эрдэнэт Мандал овоогоо тахидаг. Уул хангайг тахих үед сүсэгтэн олон ямар сэтгэл барих ёстой вэ?
-Өөрсдийн хүссэн зүйлээ даатгах ёстой. Өргөл болох цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Тэгэхдээ их юм биш. Манайхан нэгнийхээ дээл хувцас руу цацаад л явдаг. Энэ бол буруу. Бяцхан идээ будааны дээжээ өргөөд л хүссэн зүйлээ даатгачих хэрэгтэй. Эхлээд хүн зон амар амгалан байхын тухайд даатгах ёстой. Зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Дараа нь өөрийн хүсэл зорилго ажил үйлсээ даатгах хэрэгтэй. Нийт Эрдэнэтийн ард иргэд амар амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай гээд даатгахад дотор нь өөрөө явж байна гэсэн үг. Бусдад гэм хор учруулах юмыг даатгаж болохгүй.
-Овоог дурын өдөр тахидаггүйн учир юу вэ? Цээрлэх ёс байдаг уу?
-Лусын буулттай өдөр тахидаг. Тухайлбал, зуны эхэн сарын шинийн 8, 15, 27 гэсэн өдрүүдэд овоо тахидаг уламжлалтай. Мөн лусын буулт болон буцах өдрийг хардаг. Лусын буцалттай өдөр овоогоо тахивал түүнээсээ эсэн юм болно биз дээ. Дээр үедээ овоо тахих лам нар гурав хоног мах идэхгүйгээр очих ёс байж. Одоо лам нар нэг өдөр мах идэхгүйгээр овоонд гарч байгаа. Ер нь хүмүүс лам гэхгүй нэг өдөр мах идэхгүй мацаглаад очих нь зөв юм. Мах идчихээд очихоор газрын эзэд, савдаг овоо маань бузартчихна гэж үздэг. Тэгэхээр өглөө эрт овоогоо тахидаг болохоор махан хоол идэхгүй очиход болно.
-Манай уншигчдад та бурхны шашны тухай товч ойлголт өгөхгүй юу?
-Буддын шашны ерөнхий онол байна. Үйлийн үрийн, шүтэн барилдлагын гэх мэт. Үүнээс гадна эртнээс овоо тахилгад мөрдөж ирсэн шашны зан үйл байна. Ямар нэгэн улс орон, шашин хөгжихдөө тухайн улсын өв соёл, зан заншилтайгаа уялдаж хөгждөг. Монгол оронд гурван удаа буддын шашин дэлгэрсэн түүхтэй. Тэгэхдээ уламжлалт өв соёл, зан заншилтай нь сүлэлдэж хөгжсөн. Өөрөөр хэлбэл, бөө мөргөл тахиж ирсэн зүйлийг буддын шашин баяжуулж, дэлгэрүүлж тахисан. Овоо тахилгын зан үйлийг зөвхөн буддын шашны зүйл гэж харж болохгүй. Энэ нь Монголчуудын уламжлалт ахуйгаас үүдэлтэй байгалиа хайрлан шүтэж ирсэн өв соёл, ёс заншил юм. Ямар ч шашин өөрийн номлол, мөрдөх зам мөртэй. Тэгэхдээ шашнууд хоорондоо юугаар ялгаатайг судалж үзэх хэрэгтэй л дээ. Аль шашин бусдад хор нөлөөгүй, зөв зохистой юм. Аль нь энэрэн нигүүлсэнгүй юм гэдэг талаас ч юм уу. Судлах хэрэгтэй. Аливаа хүн мөрдөөд явахад аль нь амьдралд хэрэгтэй юм гэдгийг судалж, мэдэж дагах ёстой байх. Өнгөцхөн ойлголттой хүмүүс бүх шашин адилхан гэж ярьдаг. Тийм биш. Хоорондоо шал өөр зүйл. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Дэлхий нийт шашныг хоёр хувааж ялгаж үздэг. Нэг нь үүсгэн байгуулсан бүтээгч эзэнтэй. Нөгөө нь бүтээгч эзэн байхгүй гэж. Христийн шашин болохоор бүтээгч эзэнтэй гэдэг. Буддын шашин бүтээгч эзэн байхгүй гэж үзэх жишээтэй. Тэгэхээр буддын шашин бол та өөрөө өөрийнхөө аврагч, дайсан нь гэж үздэг. Та өнөөдөр юу хийнэ. Түүнийхээ үйлийн үрийг эдэлнэ. Бусдын үйлийн үрийг хуваалцахгүй. Тэгэхээр зарим шашин сайн, муу үйл хийсэн ч нэг аврагч дээрээс өршөөж байдаг гэх үзэл бий. Харин буддын шашны дөрвөн урсгал бол нэг уулын дөрвөн талаас өгсөж яваа юм. Оргил дээрээ уулзана. Үлгэрлэвэл, бурмыг аль ч талаас нь долоосонтой адил. Үүнтэй агаар нэг гэж үздэг. Бусад шашныг ийм адил мэт ойлгодог. Тэгэхээр хоорондоо маш их ялгаатай.
-Овоо тахилгын өмнө Долоон бурхан од тахидаг. Энэ нь ямар учиртай юм бэ? Тухайн овоонд зориулж тахидаг тийм ёс заншил байна уу?
-Төрийн тахилгатай хайрхныг тайх ёслолын өмнөх өдөр ихэвчлэн долоон бурхан одыг тахидаг. Тэнгэрийг тайн, долоон бурхан одоо аргадаж байгаа юм. Бусад жижиг овоог долоон бурхан од тахихгүйгээр шууд тахиж болно.
-Төгсгөлд нь, сүсэгтэн олонд хандаж хэлэх таны үгийг сонсъё?
-Монголчуудын 87 хувь нь бурхны шашинтай. Буддаг шүтдэг. Ийм судалгаа байдаг. Тэгэхээр бид буддын шашныг зөвхөн зан үйлийн төдийд олонх нь шүтээд байна. Бусдаас ялгарах буддын шашны давуу талыг манай сүсэгтнүүд хэлчихдэг байвал зүгээр санагддаг. Иймээс Буддын шашинтан та бүхэн шашин соёлоо судалж үзэхийг захимаар байна. Сонирхсон хүн бүрд бидний зүгээс ном заах боломж бий. Мөн бурхны шашны танин мэдэхүй талаас нь залууст хичээл орвол нийгмийн сэтгэл зүйд зөв нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно. Миний бие Солонгост хоёр сар болсон. Тэгэхэд биесээ хүндлэх, хулгай дээрэмгүй газар санагдсан. Бас япон хэл сурч байхдаа тухайн үндэстний ёс заншлыг нь судалсан. Ёс суртахуун өндөр орон шиг санагдсан шүү. Манай монголчуудын ёс суртахуун яагаад дорой байна гэхээр шашныхаа номлолыг гүйцэт ойлгохгүйтэй холбоотой.
-Таны эрдэм номын ажилд амжилт хүсье!
-Баярлалаа.
Эх сурвалж: Erdenettoday.mn