Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга В.Сумъяасүхтэй хөрөнгө оруулалт, их засварын ажлын талаар ярилцлаа.
- Манай аймагт хийсэн зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтад хэрхэн хяналт тавьсан бэ?
- Улсын хэмжээнд эдийн засгийн хямралтай байгаа бол манай аймагт бүтээн байгуулалт хэвийн хийгдсэн. Аравдугаар сарын нэгэнд гол, гол ажлаа дуусгасан. Гол нь ажлын чанар юм. Нэг талаас захиалагч байгууллага нөгөө талаас иргэдийн хяналт чанга байж гэмээнэ чанар ярина. Тухайлбал, авто замын хувьд зургаан хорооллын замыг шинэчилж, өртгөтгөж, зогсоолыг нэмэхээс гадна орох, гарах гарцтай болгож байна. Үүнд найман тэрбум төгрөг зарцуулсан. Мөн гуравдугаар хорооллын замын хучилт муу байна гэж иргэд мэдээлсэн. Үүнийг шалгахад, зарим хэсгээрээ хагарч, эвдэрсэн байна лээ. Асфальтын чанартай холбоотой байсан нь тогтоогдсон. Иймд БНХАУ-аас асфальт нийлүүлсэн компанийн мэргэжилтнийг урьж үйлдвэрийн төхөөрөмжийн тохируулга хийлгэсэн. Ингээд хэвийн болсон. Харин гэр хорооллын 12 багт хоёр тэрбум төгрөгийн гэрэлтүүлэг хийгдсэн. Мөн 100 гаруй блокын дээврийг зассан. Ажлыг хэр чанартай хийснийг цаг, агаар ойр, ойрхон шалгаж байна. Ойрын таван жилдээ дээврийн асуудлаар ярихгүй байх аа. Мөн шинээр бий болсон суурьшлын бүсийг цахилгаанаар хангах ажлыг энэ онд концессийн гэрээгээр шийднэ. Хөрөнгийг нь ирэх оны төсөвт суулгана. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгийн тоогоо нэмж 1000 гаруй хүүхдийг хамруулж чадсан бол энэ жил 500 орчим байна. Тухайлбал, “Одод” цэцэрлэгт 140, гэр хорооллын “Миний гэр” цэцэрлэгт 90, Булаг багт 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга эхэлсэн/ ирэх онд ашиглалтад орно/, Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн байрыг чөлөөлж 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээхээр төлөвлөж байна.
-Баянбулаг багт баригдах цэцэрлэг хаанаас санхүүжих вэ?
-Улсын төсвийн 650 сая төгрөгөөр барина. Энэ жил барилгын суурийн ажил эхэлнэ. Мөн “Эко” хороололд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн тендер зарласан байгаа. Энэ нь хувийн хөрөнгө оруулалттай цэцэрлэг байх болно.
- Өнгөрсөн жил 5-24 дүгээр байрны гадна тоглоомын талбайг олон сая төгрөгөөр тохижуулсан. Гэтэл саяхан түүнийг буулгаж далд граж барьж байна. Энэ онд хийсэн хөрөнгө оруулалтын ажлуудад ийм өөрчлөлт хийгдэх юм биш биз дээ?
- Биднийг ажил хүлээж авахад ойрын таван жилийн төлөвлөгөө байгаагүй. Тэр тусмаа орон сууцны гадна тоглоомын талбай, граж, зогсоолын төлөвлөлт ч байгаагүй. Иймд бид нэг тэрбум төгрөгөөр тохижилт хийсэн. Хийх явцдаа доороо гражтай дээрээ тоглоомын талбай болгохоор шийдсэн.
Ярилцсан: Ч.ЭНХЧУЛУУН