© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-01-15-НД НИЙТЛЭГДСЭН
Т.Цэрэнтогтох: Хэн нэгнээс хариу нэхэлгүйгээр, хийж байгаа ажил минь надад баясал төрүүлдэг
Т.Цэрэнтогтох: Хэн нэгнээс хариу нэхэлгүйгээр, хийж байгаа ажил минь надад баясал төрүүлдэг

 /“Медипас” эмнэлгийн эмч  Тэгшээгийн Цэрэнтогтох... Энэ хүнтэй би өмнө нь гурван удаа тааралдаж байлаа. Эхнийх нь нэвтрүүлгийн ярилцлага хийхээр очсон юм. Дараа нь шинжилгээний талаар зөвлөгөө авч байв. Гурав дахь нь ярилцлагад орох санал тавихаар очих үе... Намайг таарах болгонд тэр үйлчлүүлэгчтэйгээ маш удаан ярилцана, ямар нэг зүйлийг ойлгуулах гэж нэг бүрчлэн тайлбарлана. Миний харсан хамгийн их ярьдаг эрэгтэй хүн... Түүнтэй цөөн хором хийсэн ярилцлагаа хүргэж байна. Учир нь түүнд ярих зүйл, сэдэв маш олон.../


Таны өглөө яаж эхэлдэг вэ?

Би өглөө 06 цагт босч байна. Сэрчихээд аюулхай дээрээ 20-30 удаа нар зөв эргүүлэхээс өглөөг эхлүүлдэг. “Өнөөдөр сайхан өдөр болно, шинэ өглөөтэй золгож буйд талархаж байна” гээд эрч хүчтэйгээр хөл дээрээ босдог. Бие засахдаа шүдээ зуудаг. Энэ нь тархи амарчихсан байдаг үед энергийн урсгалыг шээсээр алдахаас сэргийлж байгаа хэлбэр юм. Өглөөдөө дасгалаа хийнэ. Эрч хүчтэйгээр өглөөг угтах нь өмнөх өдрөөсөө нойрондоо бэлдэж, халаалт дулаанаа багасгаж, агааржуулалтаа сайжруулаад 22-23 цагийн хооронд унтахаас эхэлдэг. Унтахаас дор хаяж гурван цагаас өмнө оройн хоолоо идэх, нэг цагаас өмнө шингэн зүйл уусан байвал бөөр бас сайн амарна.

Хүмүүс өглөөний цайны ач тусыг тэр бүр мэддэггүй, таны өглөөний цайнд юу багтдаг вэ?

Өглөө амарсан бие энергийн хувьд ханасан байдаг. Иймд шарсан, хоносон, шингэхэд хүнд хоол иддэггүй. Миний хувьд цөс ялгаралтыг дэмждэг зүйлсийг хэрэглэдэг. Өглөөний цайндаа сүү уугаад, бага зэрэг цөцгийтэй талх иддэг. Өглөө шар будаатай хийцтэй цай, овъёос сайн. Гэрээсээ гарахдаа эхнэр хүүхдээ үнсэж, эрхлүүлж эрч аваад ажил руугаа алхана.

Ажил руугаа хэдэн минут алхаж байна, алхалтын гол ач холбогдол нь юу юм бэ?

Би гэрээсээ ажил хүртэл 30 минут алхдаг. Өглөөний алхалт хамгаас чухал. Өглөөний алхалт цэвэр агаар амьсгалах, алхаснаар өөрөө өөртэйгөө ярилцах боломжтой . Эрдэнэт хот газар доорх металлын агууламж их, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл өндөртэй. Иймд Эрдэнэтчүүд бүгдээрээ алхацгаая гэж уриалъя. Өдөрт 30 минут алхах нь зүрх судасны өвчлөлийг 30%-иар бууруулна. Зүрх судасны өвчлөл өндөртэй нутагт хөдөлгөөнөөрөө зүрхээ дасган зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Хүүхдүүддээ бас анхаарах учиртай, эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж, үр хүүхдээ машинаар зөөлгүй багаас нь алхуулж хэвшээсэй гэж боддог. Хөдөлгөөний эвсэл, тавхай, аарцаг нуруу гажихаас маш сайн сэргийлнэ. Улиралдаа зохицож чадаж байж амьдрах чадвартай байна.


Та өнөөдөр дээлтэй алхаж ирсэн, содон санагдлаа?

Монгол орны хувьд салхи доороосоо дээшээ чиглэлтэй байдаг. Үүнд хамгийн сайн хамгаалалт нь дээл... Монголчууд урт хормойтой дээлээ өмсөж, бүсээ бүслэн нуруунаас даарч, салхи авахуулахгүй байснаар бөөр болоод нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлж ирсэн шүү дээ. Бид үргэлжлүүлэх учиртай.

Дээлний энгэр зөрж давхардсан хэсэгт цөс, нойр булчирхай, нарийн, бүдүүн гэдэс ходоодны бүх залгаас байдаг учраас давхарлаж дэмнэж өгөхөөр хийгдсэн. Дээл бол үндэсний өв уламжлалаас цаг агаарын эрс тэс нөхцөлд зориулагдан бүтээгдсэн цаг хугацаагаараа шалгарсан хувцас. Зөвхөн баяр ёслолын үеэр өмсөх гэлгүй, байнга хэрэглээсэй гэж хүсдэг. Өв соёлоо хамгаалах, хийморьтой эрч энергитэй байх, цаанадаж эрүүл мэндээ бодоход гээд олон талын ач тустай.

Анх яагаад эмч болохоор шийдсэн бэ, Одоо эргээд харахад энэ сонголт зөв байсан уу?

Манай аав, ах, дүү эмч мэргэжилтэй. Бид багадаа ааваасаа ихэд үлгэрлэж,  өвдсөн хүнд туслахын сайхныг таньж өссөн. Манай аавыг Түмэнгийн Тэгшээ гэдэг. Олон жилийн туршлага мэдлэгтэй сайн эмч нарын нэг. Одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажилладаг. Харин ах Т.Тогтохбаяр маань ХСҮТ-ийн мэс заслын эмч, дүү 3 дугаар эмнэлэгт дотрын эмчээр суралцаж байна. 

Багаасаа ядарсан хүнд тусалъя гэсэн эрмэлзэл өндөртэй болсон. Тэгээд л сонгосон. Одоо би өөрийгөө дуртай ажлаа хийж байгаа, хүмүүст тусалж баясал авдаг хүмүүсийн нэг гэж боддог. Элэгний М.Шагдарсүрэн эмч миний анхны мэргэжлийн багш, Хавдар судлалын захирал Н.Эрдэнэхүү чиглүүлэгч багш маань, одоо АУ доктор, профессор Д.Даваадорж, Сонгдо эмнэлгийн дурангийн А.Баттулга гээд гайхамшигтай багш нараар хөтлүүлж байна. Япон, Солонгос, Хятад багш нар маань тухайн орондоо барьсан чиглэлээрээ эхний тавд ордог профессорууд байдаг. Энэ бол нэг хүнд тохиох том аз завшаан. Тийм болохоор би сайн юм бүтээх, хийх л ёстой гэж итгэж тэмүүллээ үүсгэдэг.


Таны бусад хэвлэлд өгсөн ярилцлага, шууд дамжуулалтыг үзэхэд шинжлэх ухаан, монгол өв заншлыг хослуулан ажиллаж байна гэж харсан, миний бодол зөв үү?

Тийм, Бид идэхээсээ болж өвдөөд байна. Шүд, улаан хоолой, ходоод гэж тус тусад нь яриад байна. Хоорондоо уялдаатай цогц байх ёстой. Урьд өмнө өвчлөлд хэт их өртөхгүй байсан бол одоо өвчлөл яагаад ихсээд залуужаад байгаа юм. Тэгэхээр уламжлалаасаа судалж, суралцаж байна.

Монголчууд есөн хүсэл гэж эрүүл мэнд, эд материал-хэрэглэгдэх зүйлс боловсрол нь би, андын хүсэл, ханийн, үрийн хүсэл нь бид, эзэн эрх, энх амгалан, мөнх орших хүсэл нь төр юм. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгтэй дүйцнэ. Юу санасан есөн цагаан хүсэл чинь тэгш дүүрэн биелэх болтугай гэдэг ерөөл нь ийм учиртай. Зөвхөн хоололтонд анхаарах бус, хүний хүсэл, тэмүүлэл зөв байхын утга учир, мөн чанарыг олж ажиллахад төвлөрч байгаа юм.

Монгол улс ходоодны өвчлөлөөр дэлхийд дээгүүр байранд жагсдаг, энэ чиглэлээр суралцаж, ажилладаг хүний хувьд цаашид юу хийхийг зорьж байна?

Буурал толгойтой өвгөн диван /ор/ дээр суучихаад статистикийн мэдээ уншиж сууна. Мэдээн дотроос “Ходоодны хавдар буурсан” гэх үзүүлэлтийг харна. Тэр өвгөн нь Цэрэнтогтох эмч би байх юм. Энэ бол миний энэ насны мөрөөдөл...

Үүний төлөө ходоодны хеликобактерын нарийн түвшний судалгааг Монголдоо санаачилсан. Хеликобактерыг ямар байгааг, яаж эмчлэж хоруу чанарыг нь бууруулах вэ гэдгээ ч мэдсэн. Гадны сайн профессорууд шилдэг сор хүмүүстэй холбогдож байгаа нь өвчний шалтгааныг танихад туслах юм.

Эмчийн ажил цаг наргүй, хариуцлагатай ажил, ядарсан, хямарсан үедээ эрч хүчээ яаж сэргээдэг вэ?

Ядарсан үедээ алхдаг. Ажил гэр хоёрын хооронд завсар гаргаж өгнө. Ажил дээр авсан стресс алхах үед алга болох жишээтэй. Гэр лүүгээ ороод, гэрийн уур амьсгал үүснэ. Гэрээс гараад ажил руугаа алхана. Миний хувьд ялгаа гарчихдаг учраас харьцангуй бухимдах нь бага.

Шинэ он гараад удаагүй байна, энэ жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу?

Миний төлөвлөгөө тасгийн хамт олон болон гэр бүлийнхтэй уялдана. Тэгж байж өөрийн төлөвлөгөөг гаргаж ирдэг. Бусдын заяаг дэмнэж байж өөрийн заяаг өнгөлнө. Өмнө нь сар жилээр нь гаргадаг байв. Алсын баримжаа тод биш байсан бол одоо насан туршдаа яаж амьдрах вэ гэдэгт нэг шугамаар бодлын чигээ босгохоор тэмүүлж байна. Тэгвэл сар жилээр хийх ажил маань илүү зорилго, тэмүүлэлтэй болно.


Тантай таарсан үед байнга л үйлчлүүлэгчтэйгээ удаан ярилцаж байгаа нь ажиглагдсан, та ер нь ажил мэргэжилдээ хэр их сэтгэл ханамжтай байдаг хүн бэ?

Өөрөө хийж байгаа зүйлдээ эзэн болж байна гэдэг нь сайхан.

Хэн нэгнээс хариу нэхэлгүйгээр, хийж байгаа ажил минь надад баясал төрүүлдэг.

Хамгийн ихээр тод санагдаж байгаа, дурсамжтай өглөө гэвэл ямар өглөө вэ, яг санаанд орж ирж байгаагаа хэлвэл?

Дурсамжтай өглөө гэвэл... , Хөдөө өвөөгийндөө өглөө сэрэнгүүт орноосоо босохгүйгээр хөнжлөө нөмөрчихсөн хөөрүүлсэн сүү уугаад сууж байгаа үе...

Эмээ үнээгээ саагаад, сүүгээ хөөрүүлээд, надад аягалаад тавьчихсан, хүүхэд байсан үе минь. Ер нь бол мөч болгоныг үнэ цэнтэй байлгахыг хичээдэг дээ.

Ярилцсанд баярлалаа.


Г.Хашбаатар
Г.Хашбаатар
/ 2021-01-15
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц