© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-02-НД НИЙТЛЭГДСЭН
П.Пүрэвлхагва гэж хэн бэ?
П.Пүрэвлхагва гэж хэн бэ?
Чөлөөт уран бүтээлийн NBHD телевизийн “Хэн нь Хэн бэ” ярилцлагын нэвтрүүлгийг та бүхэнд тоймлон хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын бага хурлын гишүүн П.Пүрэвлхагва оролцож байна.

-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу?

Сайхан, сайхан өвөлжиж байна уу?

-Нэвтрүүлгийн урилга хүлээн авч чин сэтгэлийн яриа дэлгэхээр ирсэн таньд баярлалаа. Төрж өссөн нутаг усныхаа талаар яриач та аль нутгийн хүн вэ?

Би хуучнаар Засагтхан аймгийн Цогтоо вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, ер нь бахархалгүй яахав, хамгийн том бахархалын нэг. Завханчууд Богд Очирваанаараа бахархадаг тэр дундаа манай Нөмрөг, Баянзүрх хайрхан гээд зөвхөн Нөмрөг уулын хошуунаас халхын тамга барьсан таван хутагт төрсөн байдаг. Би яг тэр сумын хүн тэгэхээр нутаг усаараа их бахархан, их сайхан нутагт төрсөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

Миний аав ээж хоёр насаараа багш хийсэн хүмүүс. Манай аав ээж хоёр нийтдээ 10 хүүхэд төрүүлсэн байдаг, би долоодох нь яг миний дээд талын ах маань ой хүрээгүй өнгөрсөн юм байна лээ. Нэг ах маань бас ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн, одоо бид наймуулаа. Арван хуүүхэдтэй айлын долоодох хүү, ер нь бол аав ээж хоёр маань 7 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэд төрүүлсэн. Би 2 эгчтэй, 4 ахтай, 2 эрэгтэй дүүтэй.

-Хүмүүсийн хувьд нэр их сонин түүхтэй өгөгдсөн байдаг таны нэрийг хэн өгсөн бэ?

Манай аав ээж хоёр ярилцаж байгаад сонгож өгсөн. Гэхдээ миний нэрний хувь их сонин л доо. Би яг лхагваас пүрэв гарагт шилжих шөнө төрсөн юм байна лээ. Тэгээд гарсан гараг төрсөн өдрөөр нь нэрлэчихье, төөрөг гэж байдгын гэнэ лээ гээд нэрлэсэн. Гэтэл манай аавыг Пүрэвжав, ээжийг Лхагважав гэдэг байсан. Тэгэхээр Пүрэв, Лхагва гэдэг маань жавуудын хасаад аав ээж хоёр маань хоёулаа ярилцаж байгаад өгсөн гэдэг. Аав маань Пүрэвжав тэгээд аавынх эхлээд өгчихсөн, тэгээд ч эрэгтэй хүүхэд. Одоо сонсоод сурчихсан болохоор ч тэр юмуу Лхагвапүрэв гэхээр арай л нэг сонин юм шиг байгаан. Пүрэвлхагва гэж тэгж өгсөн юм байна лээ.


-Эрдэнэт хотод анх нүүж ирээд аав ээж гэр бүлийнхнтэйгээ хаана амьдардаг байсан бэ?

Одоо ингээд алхаж байхад бол гоё байдаг. Анх ирэхэд Үйлчилгээний төв, Сэлэнгэ зочид буудал баригдаж байсан, нэг, хоёр, гуравдугаар микр баригдсан байсан, 4 дүгээр микрээс 9 давхаруудыг анх барьж эхэлж байсан үе. Комплексийг барих гээд л нэлээн удсан, ямар ч байсан биеийн тамирын заал барина гэж байсан. Бассейн дээрээ нэлээн удаж байсан болов уу гэж дараа нь боддог. Шилжиж ирээд гэр хороололд байж байгаад дараа нь байр олгогдсон. Манайх ирээд гэр хороололд нутгийнхаа айлын хашаанд бууж байсан. 1-р дүгээр 10 жилээс гэрлүүгээ алхана, сайхан зэлүүд цэцгэн дунд л алхдаг байлаа. Их цэвэрхэн сайхан байсан Эрдэнэт хот минь.

-Та өөрийнхөө гэр бүлийг танилцуулаач, ам бүл хэдүүлээ вэ?

Миний ханийг Д. Батчимэг гэдэг. Бид Москвад хамт сурч байсан. Москвагийн анагаах төгссөн, хүүхдийн эмч. Эрдэнэтэд нярайн эмч Батчимэг гэдгээр нь хүмүүс мэднэ, одоо ялангуяа залуучууд бол андахгүй. Би хоёр хүүхэдтэй. Ундрам гэдэг охинтой, Амар гэдэг хүүтэй. Охин маань ноднин их сургууль төгссөн, бас би саяхан энэ зун өвөө болсон. Миний хүргэн Сумъяабазар гэж ангийнх нь их хөөрхөн хүү бий. Миний хүү Амар одоо 2-р дугаар курс Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд сурч байна.


-Зээтэй болсон баяр хөөр их байгаа байх?

Тиймээ. Манай том ах П. Батсайхан гэж Соёлын гавъяат зүтгэлтэн дууны үг, кино зохиол бичсэн хүн байдаг. Тэр хүн өөдөсхөн жаахан ачаа үзэхээр өөрөөс нь илүүтэй хайртай болох юмаа гэдэг. Хүмүүсийн хэлчихсэн үгийг тэрнээс гоё хэлэхгүй байх шүү . Тэгэхээр нэг муухай амьтантай болсон. Зээ хүүдээ бол хамаг л хайраа дэлгэж байна.

-Хүмүүсд шүтээн дээдэлдэг зүйлс байдаг Таны шүтээн юу бэ?

Бүх хүний хувьд ижил байдаг байх. Хамгийн том шүтээн маань бол аав, ээж, нутаг ус. Би төрсөн нутаг, өссөн нутаг, одоо амьдарч байгаа нутаг Богд Очирваань, Нөмрөг хайрхан, Баян-Өндөр хайрхан ингэж залбирч шүтэж явдаг. Тэгээд аав ээжийгээ шүтээний дээд шүтээн л гэж боддог. Дээрээс нь тэр хүнд хамгийн сайн сайхныг хүсдэг мөн тэр хүн өөрөө хүсч явдаг ах дүү амраг садан үр хүүхэд бүх юм тэр хүнд л шүтээн байдаг байх.

-Таны аав олондоо нэртэй, хийсэн бүтээсэн бахархах зүйлтэй хүн Энэ олон хүүхдийг төрүүлж өсгөсөн аав хүн бас зэмлэхдээ зэмлэнэ биз?

Би бол багадаа зүггүй биш хүүхэд байсан гэж хэлэхгүй, би бас зүггүйтэхдээ зүггүйтдэг л байлаа. Гэхдээ манай аав ээж хоёр их сонин хүмүүс байсан. Хоёулаа багш, хоёулаа бурхны оронд одсон. Тэгээд аав ээж хоёрын минь нэг онцлог нь хэзээ ч хүүхэддээ гар хүрдэггүй, тэгж орилж хашгираад үглээд байдаггүй тийм л хүмүүс байсан. Тэгээд аавыг жоохон уурлаад хойшоо хараад хэвтэхэд нь ааваа хоолоо ид гэж хэлж чаддаг хүүхэд нь тоотой байсан. Тэрний нэг би л дээ. Ааваа хоолоо ид гээд зоригтой хэлчихдэг. Ер нь манай аав ээж хоёр ямар нэг юм л хийж байх юм бол зэмлэдэггүй байсан. Зэмлүүлж байсан гэхээсээ илүү магтаалд бас их харам хүн л дээ. Овоодоо гэдэг үгийг ер нь би ааваасаа бараг сонсоогүй ээ. Ганцхан удаа соссон. Тэр маань бол Эрдэнэт хот байгуулагдаад 10 жил болж байсан. Тэр үед гурвын даваанд тодорхой болзлыг хангаж, тодорхой онооны босгыг давж байж улсын олимпиадад дуудагдаж оролцдог байсан. Эрдэнэт хотоо төлөөлж анх удаа оролцож байсан. Тэгээд анх удаагаа оролцоод, улсын олимпиадын дөрвийн даваанд нэг бодлогыг би ганцаараа бодсон. Тэгэхэд аав овоодоо гэж хэлж байсан. Бас тэгж их зэмлүүлж байгаагүй. Ер нь бол зэмлэл магтаал хоёрт их харам хүн.

-Та эзэмшсэн мэргэжлийнхээ талаар яриач?

Пелхонавагийн нэрэмжит улс ардын аж ахуйн дээд сургууль, тухайн үедээ социализмын үеийн хамгийн том сургууль байсан. Удирдлага, бүх төрлийн эдийн засагчдыг бэлддэг. Миний мэргэжил бол “Удирдлага төлөвлөлт” гэдэг мэргэжил. Тэр нь бол төлөвлөгөөт эдийн засаг гээд ярьдаг, одоо ч гэсэн төлөвлөгөөгүй явна гэж байхгүй. Тэгэхээр удирдлага менежментийн онол гэдэг бол төлөвлөгөөний онол, тэрэнтэй холбоотойгоор эдийн засгийн чиглэлийн бүх чиглэлүүдээс манай мэргэжил үздэг, анхны мэдэгдэхүүнүүдийг л өгнө гэсэн үг. Энэ сургуулийг төгссөн. Тэнд сурч байх хугацаандаа Итали Оросын хамтарсан залуу менежерийн сургууль, залуу удирдагчдын сургуульд 2 жил давхар сурсан. Ер нь бол удирдлага төлөвлөлт талдаа эдийн засагч мэргэжлээр төгссөн.

-Хүмүүсийн хувьд өөрийн гэсэн баримталдаг зарчимтай байдаг. Таны баримталдаг зарчим юу вэ?

Миний гол баримтлах дуртай ч гэх юм уу, баримталдаг зарчим бодчоод хийх юмсан, хийсэн юмандаа харамсахгүй байх юмсан л гэж боддог. Дараа нь бол бодоогүй, бодолгүй хийсэн юм онцгүйлдээ. Бодоод алдаа гаргах юм бол миний толгойны хэмжээ л тэр шүү дээ. Хүн толгойгоороо амьдардаг юм чинь. Тийм учраас ямарваа нэг юмыг бодож байж хийх юмсан, бодохгүй хийчихвий гэж энэ зарчмыг баримталахыг боддог. Тэгээд миний амьдралд ганц баримталдаг зарчим бол би дольгонуур хүнд дургүй, тэгээд дээрэлхүү хүнд дургүй. Дольгонуур, дээрэлхүү гэдэг бол нэг юмны хоёр тал хүчтэнд дольгонож байгаа хүн хүчгүйг дээрэлхэдэг. Би тийм занг хэзээч гаргахгүй юмсан гэж боддог, би тийм хүнд дургүй.

-Хүмүүс амьдралдаа маш их хүнтэй уулздаг, учирдаг, танилцдаг шүү дээ. Тэр дундаас таны сэтгэлд мартахааргүй зүйл үлдээсэн, эсвэл оюун ухаан талаасаа ч юмуу сэтгэлд хоногшиж үлдсэн хүн байдаг уу?

Янз бүрийн нөхцөлд янз бүрийн хүмүүстэй уулзаад тухайн үедээ мартахгүйгээр бодож байсан хүмүүс их байдаг байх л даа. Миний хувьд аав ээж хоёр минь дэндүү хүмүүс байждээ. Дэндүү мундаг хүмүүс байсан учраас магадгүй надтай уулзаад ямар нэгэн сэтгэгдэл үлдээж байсан хүмүүсээс тэр хоёроос маань давж сэтгэгдэл үлдээсэн хүмүүс байхгүй юм боловуудаа.. Надад аав ээжтэйгээ байсан үе маань хамгийн гүн сэтгэл үлдээсэн. Түүнээс хэн нэгнийг онцолж бол үнэндээ чадахгүй нь. Сайхан аав маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн болоод ч тэрүү. Би хэдийгээр хажууд нь байсан ч гэсэн ерөөсөө нэг л дутуу байдаг. Хамгийн худлаа юм бол эцэг эхийнхээ ачийг хариулах. Тэгэхээр хэнд ч гэсэн ингээд тунгаагаад сайн бодох юм бол аав ээжтэйгээ байсан үеэс илүү сэтгэл үлдээхээр хүн байх юм болов уу үгүй юм болов уу.?

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байдаг вэ?

Яг түр зогссон үед бол миний зээ хүүгийн зураг бий . Нөгөө нэг зураг нь адууны маань зураг байдаг. Би одоо сүүлийн хэдэн жил адуу их сонирхож байна. Манай удам их хурдан адуутай байсан юм Дээхэн үед нэгдлийн хөдөлгөөнөөр хоёр ч удаа хураагдаж байсан. Цогтоо вангийн хошуунд адуугаараа тэргүүн баян айл байсан юм байна лээ. Миний өвөг эцэг, миний аавын аав. Тэгээд тэр үед бүгдээрээ хураагдаад дууссан. Тэгээд миний үед аав маань хэлж байсан сонин юм эргэж байна гэж. Би 99 онд нэг азрага адуу худалдаж авж байсан. Нэг азрага таван унагатай гүү. Одоо л бол зуу гаран адуутай болсон Тэгээд тэрнийхээ зургийг л тавьчихдаг юм

-Та хир шүтлэгтэй хүн бэ?

Шүтлэгтэй. Гэхдээ шүтлэг гэхэээсээ илүү шүтлэгийг ер нь би ингэж ойлгодог би оюутан байхдаа энэ олон хүн яагаад шүтээд байгаан бол гээд шинэ гэрээ, хуучин гэрээ гээд Есүсийн хоёр номыг Библийг олж уншиж байсан яахав тухайн үедээ судлаж сонирхоод л өнгөрсөн харин миний шүтлэг гаралын хувьд Буддист хүн. Гэхдээ миний шүтлэг шүтээн бол би түрүүн хэлсэн аав ээж хоёр маань хамгийн тэргүүн дээдийн шүтлэг, тэгээд нутаг ус маань орох байх.

-Монголын уламжлалт баяруудаас таны сэтгэлийг огшоодог, хүлээлт үүсгэдэг баяр ямар баяр вэ?

Ураг төрлөөрөө ахан дүүсээрээ уулздаг баяр гэдэг утгаараа бол Цагаан сар Гэхдээ манайхан дэндүү хиймэл юмруугаа ороод, одоо жоохон орчин үе тал руугаа хэвийгээд байна. Уг нь бол ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг, ахан дүүсээрээ цугладаг, тэгээд нарандаа мөргөдөг,газар усандаа мөргөдөг, мөр зүгээ гаргадаг хамгийн сайхан зүйл нь бол тэр л дээ. За тэгээд наадмаар бол бас л хүмүүсдээ дарамт болоод байгаа байхгүй юу? Түүнээс биш наадам бол ёстой сайхан баяр Эрчүүд нь сайхан бөхөө үзээд л, тэгэхгүй одоо бөхийг нь хуурамч болгоод байвал хэнд сонирхолтой байх юм бэ? Бас морь уядаг болохоор морио тавиа чаад морь хүүхэд, хүүхэд морь 2 эсэн мэнд ирлээ. Бүгдээрээ л айрагдуулах гээд явуулчина хэдэн морь явуулах уу? Тэгээд л уяач хүний баяр тэр байхгүй юу. Сүүлдээ айрагдчих юмсан гээд л бодно. Хүрээд ирэхэд тэр айрагдах үгүй нь хамаагүй, сайхан наадам боллоо, будилаангүй боллоо, хүүхэд морь 2 эсэн мэнд ирлээ. Энэ хамгийн том баяр байдаг.

-Таныг эдийн засгийн хүн гэлцдэг мэргэжилээрээ хэдэн жил ажилласан бэ?

Аав ээжээс маань багахан толгой хайрласан юм шиг байгаа юм. Хамгийн гол нь аав маань миний багш л даа. 10 жилд багшилдаг багш нар байлгүй яахав, аав маань тэр дундаас хамгийн мундаг нь . Ер нь математик бол шинжлэх ухааны хаан гэдэг, Миний хувьд сайн менежер, сайн эдийн засагч гээд байх юм юу байхав, тэгж бол өөрийгөө нээх мундаг магтахгүй. Гэхдээ надад нэг онцлог байдаг аймагт би 12 жил удирдах албан тушаал хашсан тэрнээс өмнө 7 жил банкны салбарын захирал хийсэн. Гэхдээ намайг шөнө сэрээгээд асуухад аймгийн хэдэн гол гол төсвийн тоонууд толгойд байдаг байсан. Тоог тэгж их цээжилдэг нэг тийм төрөлхийн юм байдаг. Нэг сонссон тоогоо бол хэрэгтэй гэж бодоод хадгалчих юм бол хэрэгтэй үед нь гаргаж чаддаг .Тооны хүн гэж хэлж болно.

-Хүнийг хэр баярлуулдаг хүн бэ?

Баярлуулдаг байх өө. Баярлуулахыг хичээдэг ш дээ

-Та их хэмжээний мөнгө оллоо гэж бодъё. Тэр мөнгийг юунд зарцуулах вэ?

Маш их хэмжээний мөнгө гэснээс аль засгийн газрын үед юм бэ дээ нэг бололцоо, алтан боломж гарсан. Тэр нь бол гэнэтийн албан татвараас асар их хэмжээний мөнгө орсон. Тэрийг манайхан нөгөө л сонгуулийн амлалтаараа баахан хүмүүст хэд хэдээр нь хувааж өгөөд тэр нь юу ч болоогүй, тэр хүмүүсийнхээ амьдралд ч тус болоогүй. Харин ч арчаагүй байдалд сургасан. Тэрний оронд би зүгээр тухайн үедээ хувааж бодож байсан. Тэгэхэд нэг аймагт тухайн үеийнхээр 8 тэрбум орчим төгрөг ноогдож байсан, нийслэлийг 4, 5 дүүргээр бодож үзсэн л дээ. Тэгэхэд бол 8, 9 тэрбум төгрөг, тэр бол асар их мөнгө. Тэр мөнгөөр аймгийнхаа удирдлагуудад 8 тэрбум төгрөгийг нь өгөөд тогтмол ажлын байртай, аймгийнхаа онцлогийг гаргаад үйлдвэр барих юмуу эсүүл ажлын байр цэцэрлэгтэй болсон бол өнөөдөр үлдэх ярих юмтай байх байсан боловуу? Би их хэмжээний мөнгөтэй байсан бол аймгуудад энэ сайхан залуучууд ажилгүй байна. Дипломтой, дипломгүй сайхан сайхан залуучууд. Зарим сумын төвд очоод үзээрэй. Өглөө нар жаргахад хэдэн залуучууд цуглаад нартай болбол сүүдрээ дагаж эргэсээр байгаад орой болоход хэдэн согтуу хүмүүс үлддэг, хийх юм байхгүй. Тэр хүмүүсийг л ажилтай л болгочих хэрэгтэй байхгүй юу.

-Нэр хүнд алдар гавъяаны талаар та юу гэж боддог вэ?

Яг үнэнийг хэлэхэд би гавъяа шагналд дургүй. Ялангуяа одоогийн энэ гавъяа шагналд. Би яг өөрийнхөө гавъяа шагналыг хэлье л дээ. Би зургаан салбарын тэргүүн, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас гээд төр засгийн одонгууд нь байна. Гэхдээ миний хамгийн хайртай юм маань гурван салбарын тэргүүн. Салбаруудын тэргүүн гэдэг бол байх хэрэгтэй шагнал гэж би боддог. Би Санхүү банкны тэргүүн, Эдийн засгийн тэргүүн, Төрийн албаны тэргүүн. Энэ гуравдаа хайртай. Гэхдээ одоо гавяа шагналуудын нэрийг нь өөрчилмөөр байгаа юм. Гавъяат тамирчин болж байна. Түвшинбаяр гавъяатай, Цагаанбаатар гавъятай, бид нарыг огшоосон. Гавъяат дуучин. Их гавъяа байгуулсан дуучин байхнээ дээ. Тэр алдартай дуучин байг л дээ. Одоо нэр усыг нь өөрчилмөөр юм биш үү нэгд. Хоёрт гэх юм бол энэ гавъяа шагналууд маань сүүлдээ тэтгэвэр шиг болоод байна. Олон жил ажилсан юм, тэгээд өгчий гэдэг болж Харин тэрний оронд тэтгэвэр бол бид нарын гуйх ёсгүй юм байхгүй юу. Та бид ажиллаж байна, өчнөөн мөнгө хуримтлуулсан, за би тэтгэвэрт гарахаараа энэ мөнгөнөөсөө авах юм шүү төр засаг минь өгсөн юм ш дээ. Шагнал заримдаа үнэхээр нүдээ олоогүй байдаг .

-Та нэг хулгайч хүнтэй таарлаа. Яг нүдэн дээр тань хулгай хийгээд зогсож байлаа. Яг тэр үед та яах вэ?

Ямар ч л байсан барина. Би урьд нь нэг тэгж байсан. Их инээдтэй юм болсон л доо. Дөнгөж сургууль төгсчөөд. Тэр үед тролейбус явдаг байсан. Тролейбусанд нэг ядарсан эмэгтэйн цүнхнээс нэг нөхөр бүр улаан цайм түрийвчийг нь хулгайлаад байдаг. Хүмүүс хараад байх юм, бүр оффицер хүн хүртэл харж байсан, хэлэхгүй байна даа. Тэгээр нь би очоод бариад авсан. Аа чи муу яасан айхтар хулгайч вэ гээд заамдаад авсан.

-Хэдэн онд вэ?

1990 онд. Нөгөө хүн ч баярлаад, тэгээд би түрийвчийг нь аваад өгсөн хулгайчаа тавиад явуулсан. Хамгийн онигоотой нь нөгөө нөхөр чинь барьцалдаж байх хоорондоо миний түрийвчийг аваад бууцан байгаа юм. Би амьдралдаа гурван удаа түрийвчээ суйлуусан. Ер нь би бол хулгайч худалч хүнд үнэн дургүй.

-Таныг уйтгарлуулдаг зүйл ...

Яг одоо. Намар цаг. Би ерөөсөө ингээд л сургуульд байхад, би сургуульд дургүй байгаагүй л дээ. Цаанаасаа л намар цаг намайг уйтгарлуулдаг. Энэ чинь одоо нэг жил ч гэсэн нэг жилийн настай юмнууд шарлаад их гоё л байгаа юм л даа. Тариа будаа хураагаад л намрын сайхан зүйлүүд их бий. Гэхдээ энэ цаг үе намайг жоохон уйтгарлуулдаг. Би хавар болохоор яаж ч хавсрага болж байсан хавар гээд л, хүмүүс 12сарын 22нд ес эхэллээ гээд тэгдэг. Би баярладаг. Цаг уртассаж байна шүү дээ, өдөр наашилж байна. Яг энэ буцаж байгаа цаг, намар цаг бол хамгийн уйтгартай.

-Хүмүүс тэгдэг шүү дээ. Нэг ном хийвэл нэг насны буян, нэг мод тарьвал нэг насны буян гээд л. Хүн гурван буян хийцэн байх ёстой юм гэнэлээ гээд...?

Мод тарьж байсан, ном бол хийгээгүй ээ. Хамгийн анх дөнгөж сургууль төгсчөөд эрдэм шинжилгээний ажилтан байхдаа Монголд анх удаа Дел Карнегийн лекцийг Орос дээр хэвлэгдээд удаагүй байсан л даа тухайн үедээ Багш сэтгүүл дээр цувралаар орчуулж байсан. Уг нь орчуулаад дуусан бол яахав дээ орчуулгын ном болох байсан л даа. Эрдэм шинжилгээний ажилтан байхдаа Боловсоролын салбарын эдийн засгийн шинэчлэл, боловсон хүчний төлөвлөлтөөр нэг тийм оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан жижигхэн ном гаргаж байсан. Тийм хоёр юм хийж байсан. Яг ном гэж сүйдтэй юм хийгээгүй. Мод бол тарьсан. Одоо ч тарина гэж бодож байгаа.

-Хэн нэгэн хүнийг баярлуулчихгүй яав даа эсвэл сэтгэлийн үгээ сайхан илэрхийлээд хэлчихгүй яаваа гэж харамсаж явдаг ...?

Ерөөсөө л аав ээжийнхээ хажууд нь байгаад байдаг хэрнээ л бүх юм дутуу байдаг. Одоо буцаачихаар хамгийн сайхан үе л аав ээжтэйгээ байсан үе. Тэгэхээр аав ээждээ л харамгүй хэлмээр байна. Даан ч тэнэг юм даа.

-Нэвтрүүлгийн зочин бүрээс асуудаг нэг асуулт байдаг. Цаг хугацааг буцаая гэвэл яг хэдэн онд очих вэ?

Сая бараг хариулчихлаа. Аав ээжтэйгээ байсан бүх онуудад л очмоор байна. Залуу юм бүхэн сайхан тэгэхээр хүүхэд зэлуу нас тэр хэдэн он байх нь хамаагүй, нээх тэгж айхтар онцолморгүй байна. Тэгэхээр цаг хугацаатай л аль болох уралдаж явах хэрэгтэй юм байна л даа. Одоо өнгөрч байгаа цаг хугацаа ч гэсэн тэрний өмнө залуу л байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь залуу насруугаа, дээрээс нь аав ээжтэйгээ хамт байсан жилүүд рүү хүн бүхэн л явах байхдаа. Ер нь аав ээжтэйгээ байгаа тэр цаг мөчөө илүү их сайхнаар өнгөрөөгөөч гэж хэлмээр байна. Би аавыгаа алдаад үнэхээр их шаналсан.

-Таны муу зуршил юу вэ?

Албаны үгээр болбол одоо тамхи татах л юм даа. Тамхийг их олон жил татлаа. Энэ дашрамд хүүхэд залуучуудад хэлэхэд шал дэмий юм шүү, битгий амсаж үзээрэй.-Өнөөдөр манай нэвтрүүлэгт ирж чин сэтгэлийн яриа дэлгэсэн зочиндоо баярласнаа илэрхийлье. Нэвтрүүлгийн төгсгөлд та өөрийнхөө хэлэх дуртай 4н мөртийг, эсвэл та хэн нэгэнд сэтгэлийн дэм хайрлаж хэлдэг сайхан үгээр төгсгөөч. Хүмүүс одоо бие биедээ өрөвч сэтгэлээр хандаач ээ. Амьдрах сайхан, амьддаа бие биенээ хайрла гэдэг үгийг л хэлмээр байна даа.

-Бидний урилгыг хүлээн авч манай үзэгч сонсогчидтой чин сэтгэлийн яриа дэлгэж хэдэн хормыг бидэнтэй өнгөрөөсөн таньд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

Баярлалаа. Эрдэнэтийнхээ ард иргэдийн оюуныг мялааж байдаг танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд үзэгч нь хурц, эфир нь тунгалаг, мэдээлэл чинь үнэн тод тэнцвэртэй, тогтвортой сайхан байхын өлзийтэй ерөөлийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2014-12-02
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц