“Сүлд” HD телевизийн сэтгүүлч С.Нямцэрэнтэй ярилцлаа.
-Телевизүүдийг хөтлөгчдөөр нь шүүдэг асуудал нууц биш. Сүүлийн үед Сүлд телевиз гэж ярихдаа Их спорт мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Нямцэрэн гэж яригдаж байгаа нь бас танд сонсоход сонин бүр сайхан байх болов уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу.
-За баярлалаа. Юуны өмнө уншигч түмнийхээ энэ сайхан өдрийн амар амгаланг айлтгая. Намайг Сүхбаатарын Нямцэрэн гэдэг. Бусдын л адил 10 жилийн сургуулиа төгсөөд дараа нь Тайланд улсын Банкок хотын олон улсын бизнессийн их сургуулийг 2011 онд төгссөн дөө. Монгол улсын хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийг үргэлжлүүлэн сурч төгсгөсөн. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, сэтгүүлч мэргэжлийг сонгосон доо. Сэтгүүлчийн гараагаа анх “Eagle news” телевизээс эхлэсэн 2 дах телевиз маань спортын “Сүлд” телевиз юм. Таны зөв. Телевизийн нүүр царай гэдэг утгаараа телевиз хөтлөгчдөөр төсөөлөгддөг. Хөтлөгчдөөс нь эхлэн тэр телевизийг үнэлж дүгнэдэг гэх. Гэхдээ энэ бол их өрөөсгөл бодол. Телевизийн уран бүтээл маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тэнд маш олон хүн хөтлөгч, нэвтрүүлэгчийн ард ажиллаж байдаг . Харин хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй байх нь нэвтрүүлэгч хүний үүрэг юм уу даа.
-Нийгмийн чанартай, УИХ-ыг сурталчилсан мэдээллүүдийн дунд өнчин хүүхэд шиг спорт мэдээллийн нэг булан болж орж ирдэг байсан. Харин Сүлд бүр Их спорт гэж нэрлээд гаргаж ирлээ?
-Спорт бол ард түмэн, спорт бол улс төр, спорт бол нийгэм эдийн засаг. Харин төр засгаас телевизийг ингэж төрөлжүүлэх боломж олгож байгаа нь сайхан хэрэг гэж бодож байгаа. Сүлд телевиз спортоор төрөлжсөн буюу 100 хувь спортын нэвтрүүлэг байна. Уралдаан тэмцээнийг нэгтгээд тоглолтын ард болж байгаа асуудлыг хөндөөд ярина гэхэд телевизүүдийн мэдээний цаг багаддаг. Зөвхөн тоглолтын мэдээллийг өгөөд амждаг. Тэгвэл бид олон талаас нь цогцоор нь спортын мэдээллээр хангаж чадна гэсэн үг л дээ. Маргаантай, хурц асуудлууд урлагт ч бий, спортод ч бий. Тэр асуудлуудыг тодорхой болгож болно. Харин факт баримтууд, хэлсэн эзэн, хийсэн хүнээс нь тайлбар авсан байх шаардлагатай. Ёс зүйтэй байх шаардлага спортын сэтгүүлчдэд ч хамаатай. Мэдээж сэтгүүлзүйн салбарт ямар ч мэдээлэл өнчин ботго шиг байх ёсгүй л гэсэн үг.Өчүүхэн зүйл гэж байдаггүй, асар том боломжийг өчүүхэн болгож харах асуудал л байдаг.
-Ер нь үзэгчдээ тандаж үзсэн үү, Таныг бол таньдаг мэддэг болсон байна лээ. Энэ том үзүүлэлт үү?
-Үзэгчидтэйгээ үргэлж харьцаж байх нь нэвтрүүлэгч хүний ажил үүрэг байдаг.Шүүмжлүүлж, магтуулж олон нийтийн анхаарлын төвд байна гэдэг тэр сэтгүүлч, телевиз үзэгчдэд хандсан олон нийтийн ажлаа хийгээд байна гэсэн үг л дээ. Үзэгчдээс их хандалт авч байна гэдэг сэтгүүлч хүнд ажиллах урам, хүч болж өгдөг. Тэгэхээр миний хувьд үзэгчид намайг танидаг болж байна гэдэг бол их том үзүүлэлт юм.
-Бусад телевизүүдээр өгч байгаа спортын мэдээнээс Сүлд тв-ийн мэдээллийн хөтөлбөрийг юугаараар ялгарах ёстой гэж үзэж байгаа эсвэл бүр ялгараад эхэлчихсэн үү
-Мэдээж зуун хувь спортын телевиз гэдэг утгаараа спортын мэдээ маш өргөн цар хүрээг хамарч чадаж байгаа. Бид олон зүйлд самгардахгүй нэг л юмаа харж яваа болохоор хурдтай, төвлөрсөн, олон талтай, нарийн нягт мэдээлэлтэй байх боломжтой. Телевизийн томоохон шалгуурын нэг нь техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, чанарын асуудал байдаг. Манай телевиз хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашигладаг тэр ч утгаараа шууд дамжуулалт шуурхай байдлаараа бусад телевизээс ялгарч чадаж байгаа. .Мөн олон улсын телевизүүдтэй, спортын холбоодтой хамтран ажиллаж эхлээд байна. Олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг дамжуулах онцгой эрхээр ч хангагдаж байгаа.
Сүлд тв-ийн Мэдээллийн хөтөлбөрийг яагаад Их спорт гэж нэрлэсэн юм бэ? Бас бага спорт гэж байх уу
-Их спорт гэдэг нэр их утга учиртай. Дэлхий энх тайван, эв нэгдлийг хэзээнээсээ хүсч түүнд хүрэх арга замуудыг хайсаар ирсэн. Одоогоор олоод байгаа цорын ганц найдвартай арга бол спортын арга хэмжээнүүд. Энх тайвнаас гадна спортод хүч үзэж байгаа тамирчид бие сэтгэл, бодит хүн юунд хүрч болох хэрэв биеийн тамираар, спортоор зөв зүйтэй хичээллэж чадвал сэтгэл санааны ч ялалтад хүрч чадна. Спорт үнэхээр агуу тэр утгаар нь билэгдэж спортыг ерөнхийд нь Их спорт гэж тодотгосон. Спорт гэдэг том салбарт бага спорт гэж байхгүй бүх спортын цаана тамирчны маш их хүч хөдөлмөр хичээл зүтгэл цаашлаад эх орон ард түмэн зогсож байдаг болохоор спортод бага гэдэг үг зохисгүй.
-ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт спортоор дагнасан гол төлөв ганц л сэтгүүлч байдаг. Сүлд спорт гээд чухалчлаад байгаа багийн хувьд хир чанга баг бүрдүүлж чадсан бэ
-Телевиз спортын 4 сурвалжлагч ажиллуулсан ч спортын мэдээллийг Сүлд телевизийн хэмжээнд үзүүлэхэд хүч хүрэлцэхгүй байх боломжтой. Ийм тооны сэтгүүлчид зөвхөн мэдээний л баг байж болно. Тоо хэлээд яахав ер нь чадвартай сайн баг ажиллаж байгаа. Одоогоор 20-иод холбоодтой хамтран ажиллаж байна гэж хэлье дээ. “Сүлд” албан ёсны эрхтэйгээр олон улсын уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулан гаргахаас гадна спорт гэдэг агуу том салбараар үзэгч та бүхэнд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчний тусламжтайгаар дэлхийн жишигт нийцэхүйц нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл хийж хүргэж байх болно гэдгээ “Сүлд” телевизийн “Их спорт” мэдээ, мэдээллийн хөтөлбөрийн хамт олны өмнөөс амлаж байна.Бид тэнгисийн эрэгт зогсоод тэнгисийн гүнийг харахгүй байгаа хүнтэй адил байхыг хүсэхгүй байна. Бид боломж байгааг мэдэж байна. Харин түүнийг харах бүр ашиглах юмсан гэж хүсч байна. .
-Мэдээж зөвхөн спортын тоглолт тэмцээнүүдээс гадна спортын тогоонд болж байгаа асуудлуудыг танайхаас л дэлгэрэнгүй байдлаар мэдээлэл авч болно гээд уншигчиддаа хэлчихвэл хир зөрөх бол Та юу гэж бодож байна.
-Бололгүй яахав. Бид 100 хувь спортын телевиз учраас энэ боломжийг ашиглаж үзэгчиддээ спортын үйл явдал, мэдээ мэдээлэл, олон улсын тэмцээн уралдааныг техникийн өндөр төвшинд цаг алдалгүй хүргэж байх болно
-Сүүлийн үед телевизүүд залуу уран бүтээлчдийн сургалтын талбар болж үзэгчдээ мартсан гэж ярих хүмүүс нэмэгдэж байна. Ялангуяа киноноос өөр үзэх юмгүй боллоо гэж байна. Гадаад орнуудын олон жилийн туршлагатай уран бүтээлчтэй өрсөлдөхүйц нэвтрүүлэг эсвэл мэдээ байхыг шаардаж байна. Сүлд ялангуяа мэдээ яаж өрсөлдөнө гэсэн багийн уур амьсгалтай байна.
-Баярлалаа. Сэтгүүлч хүний хувьд эмзэглэж явдаг зүйлийн маань нэг. Нийгэм эдийн засаг хямарч өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн сэтгэлзүй харьцангуй хурдан өөрчлөгдөж байдаг. Телевизийн салбар үзэгчдийн сэтгэлзүйг дагах хэрэгтэй болдог. Ер нь маш хэцүү үргэлж л шинийг санаачилж бусдаас хурдан сэтгэж мэдрэмжтэй байхийг шаарддаг салбар. Телевизийн уран бүтээлийг шүүмжлэх тал байлгүй яахав. Чадваргүй сэтгүүлчид уран бүтээлчид гээд. Гэхдээ бүгдийг нь тэгж бодож болохгүй л дээ. Асуудлын голд орж, жижиг гэлтгүй асуудалтай нүүр тулж байж л юмыг ойлгодог шүүдээ. Тийм болохоор шинийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу боловсон хүчнийг аль болох дэмжиж ажиллаж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог юм. Сүүлийн үед телевизийн салбар харьцангуй хурдан хөгжиж байна. Хүмүүс уламжлал болсон олон зүйлийг эвдэхийг хүсэж байна. Үзэгчдийн шүүмжлээд байгаа асуудлыг нэгтгээд дүгнэвэл үзэгчид телевизийг дэлхийн нийтийн сайн жишигт хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг юм. Тэгвэл манай телевиз дэлхийн жишгээр мэдээ мэдээллийг үзэгч олонд хүргэхээр ажиллаж байна. Удахгүй шинэ өнгө төрхийг олж харах болов уу. Их спорт мэдээ мэдээллийн хөтөлбөрт ажиллаж байгаа залуус бидний өдөр тутмын уйгагүй хөдөлмөр ЧАНАР бас ЯЛГАА авчирна гэж итгэж байна.
Монголын сайтын холбооноос мэдээлж байна