© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-31-НД НИЙТЛЭГДСЭН
Н.Хосбаяр: Үйлдвэрийн үйл явц манай өрөөнөөс эхэлдэг
Н.Хосбаяр: Үйлдвэрийн үйл явц манай өрөөнөөс эхэлдэг
Тэрээр Эрдэнэтэд импорт орлох бүтээгдэхүүн хамгийн ихээр үйлдвэрлэж буй Засвар механикийн заводын зохион бүтээгч инженерээр ажиллаж байна. Би түүнтэй ярилцахын өмнө Н.Хосбаяраас “2014 онд хийсэн ажлынхаа тайланг өгөөч” гэлээ. Аминдаа тэндээс нь асуулт ургуулах санаатай. Тэгтэл “Бололгүй яахав” гэснээ компьютераасаа олон эд анги, тоног төхөөрөмжийн скэз зураг хэвлэж өгөв. Өгүүлбэр, өгүүлбэрээр бичсэн тайлан хүлээсэн би гайхахдаа өнөөх зургуудыг хэсэг харж суугаад ярилцлагаа ийнхүү эхэллээ.

-Таны унасан газар, угаасан ус хаана вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Би Орхон аймгийн Жаргалант сумынх. Улаантолгойн САА-д тоглож өссөн. Тэндээ 10 жилийн сургууль төгсөөд ШУТИС-ийн харьяа Дархан хотын Технологийн сургуулийг механик инженер мэргэжлээр 2002 онд дүүргэсэн. 2003 оноос “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна. Нэг л мэдэхэд 11 жил болжээ.

-Ажлын гараа юунаас эхэлсэн бэ?

-Ер нь манай үйлдвэрт ажилд орсон инженер техникийн ажилтан ч бай, дарга цэрэг хэн ч байсан хамгийн доод шатны ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлдэг. Тэр жишгээр бэлдэц зөөх, агуулах цэвэрлэхээс ажлаа эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл төмөр зөөхөөс л ажлаа эхэлсэн дээ. Дараа нь Металл хийцийн хэсэгт мастер, жилийн дараагаас Механик цехийн технологич хийсэн.

-Ажлын анхны багш тань хэн бэ?

-Олон хүнийг нэрлэнэ дээ. Гэхдээ Бал ахыг онцолж ярих хэрэгтэй. Одоо манай цехийн зөвлөх инженерээр ажилладаг. Манай Технологийн сургуулийн анхны төгсөгч олон хүн Засвар механикийн заводад ажилладаг юм. Тэд маань дараагийн төгсөж ирсэн дүү нартаа ажлын дадлага туршлагаасаа хуваалцан халамжлан сургадаг уламжлалтай.

-Өөрөө дүү нараа хэр халамжилж байна?

-Мэдэх чадахаа хэлж зөвлөхийг л хичээдэг. Залуус дундаасаа мэдлэг боловсрол, ажилд хандах хандлага зэргийг нь дүгнэж байгаад аль ажлыг хийлгэвэл илүү тохиромжтой вэ гэдгийг бид хоорондоо ярилцана. Энэ хүн ийм чадвартай юм байна, үүнийг нь хөгжүүлэн ажиллавал илүү бүтээл гарна. Ур чадвар нь өсөх ирээдүйтэй гээд чигийг нь зааж зөвлөдөг.

-Бид идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгө-рүүлдэг. Хамт олныхоо талаар ямар бодол сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би 2011 оноос Зохион бүтээх технологийн товчоонд орж ажилласан. Тэр үед туршлагатай зохион бүтээгч инженерүүд намайг угтаж авсан. Үйлдвэр байгуулагдсанаас хойш ажилчдын бүтэн нэг үе өнгөрч байна. Өнөөдөр манайд Монгол улсын зөвлөх инженер, манай товчооны дарга М.Дамба, Я.Туяа гээд дадлага туршлага, мэдлэгээ хүмүүст харамгүй зааж, залуу үеэ бэлдэж байгаа ажилтан бүрт талархдаг. Бид тэднийхээ ажлыг хүлээн авахдаа хариуцлагатай, нэр хүндтэй үргэлжлүүлэхийг хичээнэ. Манай заводод үйлдвэрлэгдэж байгаа эд анги, тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн ажил энэ өрөөнд хийгддэг. Зохион бүтээлт ямар байхаас манай ажлын гол үзүүлэлт хамаарна. Бид үйлдвэрлэлийнхээ онцлогт тохирсон зохион бүтээлт хийх ёстой. Гаднаас загвар деталлууд ороод ирэхээр зургийг нь гаргана. Тэр зургийн дагуу цутгаж эд ангийг үйлдвэрлэж гаргадаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн эхний процесс манай өрөөнөөс эхэлдэг.

-Зохион бүтээгчид анхдагч байх нь. Манай завод импорт орлох олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энд таны оролцоо хэр байгаа вэ?

-Шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбодог онцлогтой мэргэжлээрээ би бахархдаг. 2014 онд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр Ерөнхий механикийн, Зураг төслийн хэлтэс, Зохион бүтээх технологийн товчоо, Баяжуулах фабрикийн зохион бүтээгч инженерүүд нэг баг болж ажиллахад би оролцсон. Дулааны цахилгаан станцын бутлуурын хуягны зохион бүтээлтийн ажлууд, Хүдрийн ил уурхайн 18 м3 экскаваторын шанаганы иж бүрэн ажлын зургийг энэ онд зохион бүтээж дууссан. Ирэх онд манай заводын үйлдвэрлэсэн 18 м3 багтаамжтай шанага уулын ажилд ашиглагдана.

-Энэ жил Оюутолгой компанийн захиалгаар нилээд ажил хийсэн үү?

-Тэгсэн. Хоёр төрлийн бутлуурын захиалга манайд ирснийг хийсэн. Бид эндээс томилолтоор очоод газар дээр нь зураг, хэмжээ аваад хоёр төрлийн овор хэмжээ ихтэй конусыг туршилтын журмаар хийж өгсөн. Ашиглалтын туршилт амжилттай болвол “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн гадны зах зээлд гарах боломж нээгдэнэ. Өөрийн үйлдвэрийн дотоод хэрэгцээнээс гадна ижил төстэй тоног төхөөрөмжүүдийг үйлд-вэрлэх ажил үргэлжилж байна. Энд манай зохион бүтээх товчооны үүрэг оролцоо их.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгжлийн менежментийн хүрээнд Засвар механикийн завод өргөжиж байна. Үйлдвэрийн удирдлагууд төдийгүй Монгол улсын Засгийн газар ч танайд найдлага тавьж анхаарал хандуулж байх шиг...?

-Манай завод Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа металлургийн, механик боловсруулалтын, машин үйлдвэрлэлийн хамгийн том бааз суурь. “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгж-лийн менежментийн бодлогын хүрээнд Засвар механикийн заводыг металлургийн үйлдвэр болгон хөгжүүлэх төлөвлөгөө бий. Энэ хүрээнд үе шаттай ажлууд хийгдэж байна. Тухайлбал Цутгуурын цехийн технологийг шинэчлэх, Механик цехийн тоног төхөөрөмжийг орчин үеийн суурь машинуудаар солих гэхчилэн ажлууд хийгдээд явж байна.

-Засвар механикийн заводын Зохион бүтээх товчооны инженерүүд Улсын хэмжээнд ур чадвараараа дээгүүр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ та бүхэн техникийн шинэчлэлийг даган хөгжиж чадаж байна уу?

-Ер нь залуучуудын хувьд хөгжих боломж нээлттэй шүү дээ. Өөрийн мэргэжил, боловсролыг дээшлүүлье, хэл суръя, сүүлийн үеийн техник, технологийг судалъя гэж хүсэх юм бол заавал өндөр зардал гаргалгүй интернет орчноос ч үзэж хөгжих боломжтой. Хүн өөрөө санаачилгатай, идэвхтэй, биеэ дайчлан ажиллавал хөгжих боломж бүрэн бий. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд шилдэг технологиуд, зураг төслийн програмууд байхыг шаардана. Сүү-лийн үеийн өндөр бүтээмжтэй, чанартай эд ангийг үйлдвэрлэх механик боловсруулалтын тоног төхөөрөмж ч зайлшгүй хэрэгтэй.

-Дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид ажилладаг таны сэтгэлийн үг...?

-Бидний хөдөлмөр улс орны эдийн засагт үр өгөөжөө өгдөгт омогшдог. Иргэний үүргээ гүйцэтгэж, залуу насныхаа эрч хүчийг улсдаа зориулж байгаагаараа бахархдаг. Бид Солонгост очиж ажиллан залуу халуун насаа үрсэнгүй. Өөрийн улсын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа болохоор сэтгэл өөдрөг, өег явдаг.

-Зохион бүтээсэн эд анги, тоног төхөөрөмжөө ажиллаж байгааг харах сайхан байдаг уу?

-Сэтгэл ханамжийг тэндээс л авна шүү дээ. Миний толгойдоо бодож, сэтгэлдээ дүрслэн боловсруулснаа яаж үйлдвэрлэвэл энгийн, шуурхай, илүү найдвартай байх вэ гэж бодоод зургаа гаргана. Дараа нь бодит эд анги болоод үйлдвэрлэлд ашиглагдаж байгааг хараад сэтгэлийн таашаал авч, ажилдаа илүү дур сонирхолтой болох аз жаргалыг мэдэрдэг.

-Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Бүтээлч, санаачилгатай байхыг илүүд үздэг. Шинийг эрэлхийлэх, ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэхийг зорьдог. Гэхдээ түргэн шуурхай байх нь хариуцлагагүй, чанаргүй үйлдэл биш.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Ажлын хувьд манай завод дэлхийн хэмжээний үйлдвэр болоосой гэж мөрөөддөг. Бидний оюун сэтгэлээ орсон бүтээгдэхүүн гадны зах зээлд борлогдож Монгол чанар танигдаасай гэж хүсдэг. Тэр хэмжээнд хүрнэ гэдэгт ч итгэдэг. Сүүлийн үеийн чиг хандлагыг харахад технологууд өдрөөс өдөрт хөгжиж хурдан шинэчлэгдэж байна. 20 жилийн өмнө зохион бүтээх түвшинд компьютер гэдэг ойлголт байгаагүй. Одоо бол зарим эд ангийг турших хэмжээнд компьютерийг ашигладаг болсон. Тэгэхээр хэтийн ирээдүйг таашгүй.

-Монгол инженерүүдийн оюуны бүтээл хэр бодитой үнэлэгддэг вэ?

-Сүүлийн үед бүтээмж, инновацийн ажлууд үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч, мэдлэгийг баялаг болгох ажил үнэлэгдэж байна. Хүн өөрөө санаачилга гаргаад түүнийгээ бүтээл болгоод үйлдвэрлэл явуулан баялаг бүтээж ашиг олбол урамшуулал боломжийн хэмжээнд зохицуулагдсан шүү дээ. Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих журмаар ажилтныг эдийн засгийн хувьд урамшуулах механизм нь боломжийн хэмжээнд шийдэгдсэн. Энэ журмыг хүмүүст сурталчилж хүргэх юм бол ажилчдаас гарах санал санаачилга нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр манай үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний нэр төрөл олширно, чанар сайжирна. Үүнийг хүмүүст сурталчилж хүргэх ажил дутагдалтай санагддаг. Түүнээс манай үйлдвэрийн хувьд оюуны хөдөлмөрийн үнэлэмж дээшилсэн гэж боддог.

-Танайхан зохион бүтээх чиглэлийн тэмцээнд оролцдог уу?

-Зохион бүтээлтийн улсын уралдаанд 3 удаа оролцсон. Дэд байрт шалгарч байсан амжилт бий. Ганцаарчилсан төрөлд манай инженер Б.Данаажав гэж залуу хоёр удаа түрүүлж байсан.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цаг бага гарах юм даа. Гэртээ ном унших, мэргэжлийн чиглэлээр гарч байгаа технологи, ажлыг интернетээс судалдаг.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Жон-Хыин “Сэргэн мандалт” дурдатгалыг уншиж байгаа.

-Залуусыг юунд уриалах вэ?

-Би 2008-2012 онд цехийнхээ Залуучуудын холбооны тэрүүлэгчээр ажиллаж байсан. Залуусыг олон нийтийн ажилд хамруулах, ажиллах урам зоригийг өдөөх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч явсан. Залуусын сэтгэлд байгаа галыг бадраах хэрэгтэй. Ажилд зөв ханддаг, хариуцлагатай, сэтгэлтэй байвал боломжууд нээлттэй шүү гэж залуустаа хэлмээр байна.

-Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ wwww.erdenettoday.mn
Сэтгүүлч М.Одгэрэл
Сэтгүүлч М.Одгэрэл
/ 2014-12-31
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц