Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурал өнөөдөр болно. Энэхүү хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэх бөгөөд удирдах дээд байгууллагуудын сонгуулийг зохион байгуулах аж.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Орхон аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Сарандаваатай ярилцлаа.
-Ихэнх бизнес эрхлэгч худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны гадна үлдээд байх шиг санагддаг. Тиймээс танхим ямар үйл ажиллагаа хийх ёстой, бизнесийн салбарынхан гишүүн болсноор ямар давуу талтай болох вэ гэдгээс яриагаа эхлүүлье?
-Хамгийн энгийнээр тайлбарлахад Худалдаа аж үйлдвэрийн танхим үндсэн хоёр чиглэлтэй. Эхнийх нь бодлогын өмгөөлөл буюу бизнесийн орчинтой холбогдуулан төрөөс гаргаж байгаа аливаа бичиг баримт, акт, тогтоол, хуулийн үйл ажиллагаанд нь шууд болон шууд бусаар саад, бэрхшээл учруулдаг.
Энэ үед танхим бизнесийн дуу хоолой болж учирч буй саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд нөлөөлөх, төртэй хэлэлцэх, тухайн тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллах ёстой. Харин нөгөөх нь аливаа бизнесийг дэмжин урамшуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл бизнесийн сайн орчин бүрдүүлж чадвал тухайн үйл ажиллагаа хурдтай урагшлах боломжтой. Тэгэхээр бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж өгснөөр эрүүл орчинд цаашид өсч хөгжих, өрсөлдөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй.
-Таны удирдаж буй танхимын хувьд орон нутаг дахь анхны салбар нэгжүүдийн нэг. Гэсэн ч үйл ажиллагааны хувьд нэлээд өргөн цар хүрээтэй төдийгүй бусаддаа үлгэрлэл үзүүлж чадсан гэж олон хүн ам сайтай байх юм билээ. Та сүүлийн таван жил энэ байгууллагыг удирдсан байх аа?
-МҮХАҮТ-ын анхны салбар нь 1997 онд Орхон аймагт байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа 17 дахь жилдээ тасралтгүй явуулж байгаа. Миний хувьд сүүлийн таван жил даргаар нь ажиллаж байна. Юутай ч ажлаа авснаас хойш гишүүнчлэл нэмэгдэж, гишүүдийн сэтгэл ханамж өсч, орон нутгийн төрийн байгууллага, ОУБ-уудад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн төлөөллийн гол байгууллага болж чадсан.
Орхон аймгийн танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл”-ийн гарын авлага боловсруулсан бөгөөд Завхан, Дархан, Орхон аймагт Төр, хувийн хэвшлийн хэлцэлийн зөвлөл байгуулагдан хувийн хэвшил, төртэйгөө хамтарч ажиллан, бизнесийн орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх явцад хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж орон нутгийн эрх мэдлийн хүрээнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна.
-Танай танхимаас хэрэгжүүлж эхэлсэн зөвлөл ажиллуулах санаачилга өдгөө үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа юм биш үү?
-Тийм ээ. Энэхүү ажил маань улам бүр өргөжин тэлж байгаа. Нийслэлд ч энэ зөвлөлийг ажиллуулж, төр, бизнесийн салбарынханд ойлголцоход дөхөм болж байна. Бид аливаа санал, санаачилгатай ажиллахыг илүүд үздэг. Тэр ч утгаараа манай хамт олон маш олон судалгааны ажил хийсэн.
Тэдгээрийн нэг нь “Орхон аймгийн эдийн засаг” судалгаа. Түүнчлэн “Зах зээлийн багтаамж” болон “Аз жаргалын индекс”-ийн судалгаануудыг улсын хэмжээнд анх удаа амжилттай хийсэн.
Өнөөдөр дэлхийн 150 гаруй орон “Аз жаргалын эдийн засаг”гэдэг үзүүлэлтээр эрэмбэлэгддэг болчихсон. Гэтэл манай улсын хувьд ийм тоо, баримт ер байдаггүй. Тиймээс манай Орхон аймгийн танхим санаачилга гаргаад 2012 онд аймагтаа энэ индексийг тооцож гаргасан.
Энэхүү судалгааны ажлаа 2013 онд монгол,англи хэл дээр хэвлүүлсэн бөгөөд одоогоор дэлхийн нэр хүндтэй тинк танкуудын нэг АНУ-ын Брүүкингийн их сургуулийн (Brooking intitution) Working paper series-д орж веб сайтын нүүр хуудсанд, АНУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны сүлжээнд (Social Science Research Network) тус тус тавигдсан.
Мөн бид дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүл “Journal of Economic Behaүior & Organization”, Герман улсын LAMBERT Academic Publishing-д судалгааны материалуудаа явуулаад байна.
-Орон нутгийн танхим гэхээр л зөвхөн тухайн газар тойрогтоо бус, улсын хэмжээнд ажиллаж болох нь гэдгийг та бүхэн харуулж чаджээ. Бусад салбар танхимын үйл ажиллагаа хэр байна. Цаашид хэрхвэл дээр вэ?
-Танхим маань 54 жилийн түүхтэй, салбартай болоод 17 жил өнгөрлөө. Гэвч өнөөгийн байдлаар орон нутаг дахь салбар танхимууд маань төдийлэн хүчтэй, чадавхитай, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн нь харилцан адилгүй байна. Ажиллаж байгаа институцын хувьд бэхжсэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь ч цөөхөн.
Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 30 хувь нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг.
Уг нь Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 30 хувь нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр танхим маань үндэсний гэдэг утгаараа энэ бүхэнд хүрч ажиллахын тулд салбаруудын үүрэг, хариуцлага өндөр байх ёстой. Аливаа төрийн бус байгууллагын хувьд санхүү, хүний нөөц зэрэг дотоод нөөцийн чадамж тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад маш чухал байхаас гадна сэтгэл шаарддаг амаргүй ажил.
Өнгөрсөн хугацаанд танхим ололт, амжилттай байж чадсан. Тодруулбал нэг жижиг байгууллагаас хуультай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болж өргөжин, өөрийн байртай, олон улсад байр сууриа олж чадсан.
Энд байгаа залуучууд монголын бизнесийн орчинг сайжруулахын төлөө ажилласаар ирсэн. Нэгэнт энэ байгууллага 54 жилийг ардаа орхиж, өдийг хүрлээ. Одоо орчин цагтай нийцэж, шинэчлэлийг дагуулж, дэмжих байдлаар ажиллах үе ирсэн юм болов уу хэмээн харж байна.
-Та өнөөдөр МҮХАҮТ-ын орлогч даргын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж байгаа гэсэн. Мэдээж үүний тулд тодорхой төлөвлөгөө гаргасан байх?
-Миний хувьд энэ байгууллагын орон нутгийн салбараас нь эхэлж ажиллаж ирсэн. Олон улсад худалдаа аж үйлдвэрийн танхимууд энэ зарчмаар боловсон хүчнээ бэлтгэж, хөгжүүлдэг. Миний хувьд энэ байгууллага институцынхээ хувьд шинэчлэгдэх, өөрчлөгдөх цаг болжээ гэж бодож байгаа.
Эхний ажил бол төр, хувийн хэвшлийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх замаар хувийн хэвшлийн оролцоог бодлого боловсруулах түвшинд хангах. Бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн эрүүл орчин бий болгох, зах зээлийг тэлэх, танхимын дотоод гадаад үйл ажиллагаанд стандарт нэвтрүүлэх, гишүүд танхимын эргэх холбоог сайжруулах, салбар танхимуудыг бэхжүүлэх зэргийг багтаасан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.
-Монголд 60 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэдгээрээс 3000 орчим нь л танхимын гишүүнчлэлтэй. Яагаад ийм идэвхигүй байдаг юм бол?
-Танхим өөрийн үүргээ гүйцэтгээд, үүнийг төр хүлээн зөвшөөрч, чиг үүрэг, хариуцлагыг нь шилжүүлээд явж чадвал бизнесийн бүх салбарынхан том, жижиггүй бидэнтэй холбогдож, гишүүнчлэлтэй болох боломжтой. Барууны ихэнх оронд энэ зарчмаар явдаг. Германд л гэхэд аж ахуйн нэгжийн бүртгэл нь хүртэл танхимын мэдэлд байдаг. Бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаа танхимаар дамждаг. Ингэвэл бизнес өсч, дэвжих боломж бололцоо улам бүр нээлттэй болдог.
Мөн гишүүн байгууллагуудтайгаа эргэх холбоо сайтай байх нь маш чухал арга барил. Тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээ, мэдээллийг өгч, тулгарч буй асуудлыг нь шинжилж, судалж, олон талаас нь боловсруулдаг байх ёстой. Магадгүй тэрхүү асуудал нь тухайн бизнест бус улсын хэмжээнд тулгарч байгаа бол танхим бодлогоор нэгтгэн төрд илэрхийлэх учиртай юм.
Хамгийн энгийнээр тайлбарлахад бизнес хийж буй хүн бүр Худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоотой байх ёстой. Яагаад гэвэл бизнест нь тулгарч буй бүх асуудалд танхим оролцох ёстой.
Мэдээлэл, зөвөлгөө өгч, тухайн хүнийг чадавхижуулж, сурган, хөгжүүлэх үүрэгтэй төрийн бус байгууллага гэдгийг л ойлгох хэрэгтэй.