© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020-11-04-НД НИЙТЛЭГДСЭН
Миний охин бол миний амьдрал
Миний охин бол миний амьдрал

/Одоогоос 12 жилийн өмнө шүүх нэгэн гэр бүлийн салалтыг шийдвэрлэхдээ охиныг ээжтэй нь байлгахаар тогтжээ. Гэсэн ч охин аавтайгаа амьдрахаар болсон юм. Ингэж ганц бие аав болсон түүхээ ярьснаар Ж.Ганбаатар бид хоёрын яриа эхэллээ. Тэрээр нийгмийн ухааны судлаач, докторант юм./

-Өрх толгойлсон аав гэж хэнийг хэлээд байна вэ?

-Өрх толгойлсон аав гэдэг сэтгэлгээний хувьд буруу ойлголт юм. Өрх толгойлсон ээж гэж байхаас аавууд бүгд өрхийн тэргүүн байдаг. Ганц бие аав гэвэл илүү зөв болно. Ганц бие болох хэд хэдэн шалтгаан байдаг. Хувь хүн өөрийнхөө сонголтоор, аль эсвэл хөдөө орон нутаг, гадаад руу ажлаар явсан хүмүүст тохиолдож болно. Солонгос руу гэрээгээр ажиллах хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг. Хоёр гурван жил ажиллаад эргэж ирнэ. Тэр үед хоёр өөр үзэл баримтлалтай айл гэрийн амьдрал үүсдэг. Үүнээс болж зөрчилдөж эхэлдэг. Мөн гэмт хэрэгт холбогдсон аавууд ганц бие болж үлддэг. Амьдралд тохиолдох олон шалтгаан нөлөөлдөг л дөө.

-Та яагаад ганц бие болчихов оо?

-Ар гэрийн зөрчилтэй асуудал байсан гэх үү дээ. Ажлын цаг ихтэй, зөв буруу ойлголтууд бий. Ажлаас болж ар гэр хохирох ёсгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрээр хүүхэд ээжтэйгээ байхаар болсон юм. Гэхдээ охин минь аав амьтай болохоор надтай амьдрахаар ирсэн. Миний охин бол миний амьдрал. Бусад хүмүүс үр хүүхэддээ эд хөрөнгө үлдээхийг хүсдэг бол би охиндоо унаган байгалиа өнгө төрхөөр нь үлдээхийг эрмэлздэг. Өнөөдрийн энэ утааг үлдээмээргүй байна ш дээ. Энэ миний мэргэжилтэй холбоотой үзэл л дээ.

-Аавтайгаа өссөн хүүхэд бусад хүүхдээс ялгарах зүйл байдаг уу?

Миний охин ээжтэйгээ байнга холбоотой байдаг. Амралтын өдрөөрөө очдог. Бага зэрэг эршүүд болчихдог юм шиг. Гүйж байгаад унаж хөлөө шалбалчихаад зүгээр л гүйгээд явчихна. Ихэнх эмэгтэй хүүхэд шиг янгууч биш .Гэхдээ сүүлийн үед эмэгтэйлэг болоод байгаа./ инээв.../

Гэр бүл салалтад эмэгтэйчүүд яаж нөлөөлдөг гэж боддог вэ?

Эмэгтэйчүүд өөрсдөө психологийн хүчирхийлэгчид байдаг. Эр хүний үг болгоныг мушгина. Тэр болгонд тархины хүчирхийлэл хийдэг. Нөхөр залхахдаа зугтана. Тэвчээр алдарна. Хүнд байдаг адгууслаг шинж чанар. Өөр лүү нь дайраад байхад хариу үйлдэл үзүүлдэг. Хүчирхийлэл хийсэн нь хэн болохыг тогтооход амьдрал дээр 50:50 гэсэн харьцаатай. Ингэж өрх толгойлсон ээжүүд, тэднээс зугтсан ганц бие аавууд бий болоод байна. Миний хувьд ажил ихтэй, ар гэрт тавих анхаарал сул байснаас болж гэр бүл салсан.

-Ганц бие аавууд ганцаардах үе байдаг уу?

-Ганцаардахаас аргагүй үе байдаг. Өөрөө өөрийнхөө гэмшлийг үр хүүхдийнхээ өмнө хийчихсэн болохоор илүү дутуу үйлдэл хийхээс болгоомжилно. Сэтгэлгээ өөр болдог гэх үү дээ. Бусадтай харилцдаг, хамт олон дунд амьдардаг мөртлөө цаанаа өр зүрх нь базлаад байна гэсэн үг юм. Бусдаас байнга болгоомжилно. Дахиад хань ижилтэй болъё гэхэд үр хүүхдэд нь таалагдах уу гэдэгт эргэлздэг. Энэ бүгдээс болж ганцаардал үүснэ. Заримдаа зожиг юм шиг нэг тийм сонин болчихдог.

- Тэгвэл энэ ганцаардлаа яаж арилгах вэ?

-Нийгэм өөрөө үүнд саад болоод байна. Манайд дээхэн үед хөрш айлуудын харилцаа сайхан байсан. Одоо тиймгүй. Хүмүүс хоорондоо хамааралгүй байдаг болчихож. Ганц бие аавууд өөрсдийгөө ангилахаа больчих хэрэгтэй. Нийгэм нь ч ангилж онцолж болохгүй. Ер нь бол ганц бие аавууд цөөхөн. Гэхдээ эцэг байх эрхийг нь хасаагүй байхад тэр эцэг хэдийд ч хүүхэдтэйгээ хамт байх эрхтэй. Нийгэмд идэвхтэй хүн байх хэрэгтэй. Facebook гэдгийн цаана ганцаардсан аавууд, ганцаардсан хүмүүс ч байдаг. Ганц бие аавууд гэж онцолж ярихгүй байх нь хэн нэгэн эрх чөлөөг эрмэлзэгч өөрийгөө бодож тэнэг үйлдэл хийхээс сэрэмжилнэ. Ажил мэргэжилдээ улайрснаас болж гэр бүлээ умартах аавууд ч үүнд өртөх юм. Ганц бие аав гэдэгт гайхамшигтай чанар гэж байхгүй. Энэ тухай ярих тийм ч таатай биш. Гэсэн ч заавал хөндөх ёстой асуудал гэдгийг ч мартаж болохгүй.

-Та гэр бүлтэй болъё гэж бодож байна уу?

-Одоохондоо тийм зүйл бодохгүй байна. Айл гэрийн үнэ цэнэтэй бүхэн нийгмийн шаардлагаар үгүй болчихож. Яагаад гэвэл байр, машины лизингийн төлөө гэр бүлийн гишүүд дарамтанд орж амьдарч байна. Гэр бүлийн үнэ цэнэ бие биенээ гэсэн эрхэм чанар нөгөө л нэг мөнгөний төлөө, мөнгөний хэрүүлд дарагдчихаад байгаа юм. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэх боломж өгөлгүй мөнгөний боолчлол руу шилжүүлээд өгчихдөг. Үүнээс болоод ганц бие аавууд үүснэ. Гэр бүлийн маргаан энэ бүгдээс холуур байгаа нь надад мэдрэгддэг. Ажил мэргэжил маань нийгэмтэйгээ холбоотой учир сонирхолтой байдаг. Гэр бүлтэй болоход боломжтой цаг таарвал болно гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа

Г.Хашбаатар
Г.Хашбаатар
/ 2020-11-04
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц