© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-20-НД НИЙТЛЭГДСЭН
М.Баттүвшин: Орхон аймаг өвдөгний үе солих эмчилгээг “нутагшуулна”
   М.Баттүвшин: Орхон аймаг өвдөгний үе солих эмчилгээг “нутагшуулна”
Сүүлийн үед иргэдийн дунд нуруу, өвдөг, үе мөчний өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтлийн тасгийн эмч М.Баттүвшинтэй ярилцлаа.

-Танай тасаг ачааллаа дийлэхгүй байгаа тухай дууллаа. Гэтэл Монголд үе мөчний эмч нарыг бэлтгэдэггүй гэх юм. Яагаад?

-Монголд анагаах ухааны салбарын хөгжил хоцорч байна. Ялангуяа үений мэс засалч бэлтгэх боломж байхгүй учраас одоогийн байдлаар гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад л хамрагдаж байна. Иймд өвдөг, түнхний үений мэс заслыг гэмтлийн эмч нар хийдэг. Гэтэл бусад оронд зөвхөн энэ төрлийн мэс засал хийдэг мэргэжлийн эмч, баг ажилладаг. Гэхдээ бид мэргэжилтэн байхгүй гээд зүгээр сууж болохгүй учраас өдөр бүр л суралцаж өөр боломжийг эрж, хайж байна. Ер нь цаашид Эрүүл мэндийн яам үүнд анхаарлаа хандуулах байх. Манай эмнэлгийн хувьд бид Гэмтэл, согогийн үндэсний төвийн зааварчилгаа, эмчилгээний арга барилын дагуу ажилладаг. Үүнээс гадна иргэдийн дунд өвдөг, түнхний үе, нурууны өвчлөл маш их нэмэгдэж, залуужсан тул юуны өмнө өвчлөлийн тархалтын судалгаа хийх хэрэгтэй. Үүний дараа эмчилгээний тактикаа боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Энэ өвчин “залуужиж” байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Үений үрэвсэл нь хоолойн ангина, бруцлёз өвчин болон төрөл бүрийн гэмтлээс болж өвчилдөг. Залуучуудад спортын гэмтэл, автын осол элбэг тохиолдож байгаа бол өндөр настныхан ахуйн осолд өртөж байна. Түнх нь их эмзэг эрхтэн. Бэртэл авсанаа эмчлүүлэлгүй удвал түнхний толгой нь хайлж, шалчийдаг. Мөн дөнгөж 37 настай залуугийн өвдөгний үе үрэвсэж хагалгаанд орох жишээтэй. Гэтэл Герман улсад 65-аас дээш насныхан өвдөгний үеэ солиулдаг. Энэ нь 20 жилийн баталгаатай байдаг. Харин Монголд гучин насандаа хагалгаанд орж өвдөгний үеэ солиулчихаар цаашид яах вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Манай эмнэлэг өнгөрсөн жил БНСУ-ын Цэргийн эмнэлэгтэй хамтран өвдөгний үе солих мэс заслыг 5 удаа хийсэн. Харин энэ жилээс уг эмчилгээг нутагшуулах зорилт байна. Оны сүүлээр түнхний үений мэс заслыг аймагтаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид нурууны хагалгаа ч хийнэ. Учир нь манай тасагт хандсан өвчтөний 60-70 хувь нь нурууны өвчтэй байна. Ер өвчин үүсэх олон шалтгаан байгаа учраас юуны өмнө өвчлөлийн тархалтыг судалж, бүртгэх хэрэгтэй юм.

-Танай эмнэлэгт саяхан Герман улсын Берлин хотын эмнэлгийн өвдөг, үений мэс засалч ирж ажилласан. Тэдэнтэй хамтран ажиллах боломж хэр байна вэ?

-Манай тасагт гурван өдрийн турш ажилласан эмч нь Орхон аймгийн уугуул иргэн юм. Түүнийг Д.Эрдэмбаяр гэдэг. Тэрээр Германы “Elisabeth Klinik Berlin” эмнэлэгт өвдөг, үе мөчний мэс засалчаар ажилладаг. Орхон аймагт үзлэг, оношилгоо хийсэн. Олон хүн үйлчлүүлсэн. Д.Эрдэмбаяр эмч Германы төрийн байгууллагатай хамтран Монголд гэмтэл, согогийг засах чиглэлээр 5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх төвлөгөөтэй ирсэн юм.

Ярилцсан: Ч.ЭНХЧУЛУУН
Ч.Энхчулуун
Ч.Энхчулуун
/ 2014-12-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц