Эрдэнэт хотод катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежер Л.Цэдэнсодномтой уулзаж цөөн хором ярилцлаа.
-Та хэдийнээс энэ үйлдвэрт ажиллаж эхлэв? Таван жилийн түүхтэй энэ үйлдвэрт өөрийн ямар хувь нэмэр оруулж явна даа?
-Би 2014 оны 3-р сараас энэхүү катодын зэсийн үйлдвэрт ажиллаж байна. Намайг энэ үйлдвэрт ажиллаж эхлэхэд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байсан. Улмаар зэсийн үйлдвэрийн туршилтын ажиллагаа эхлэхэд бэлэн болсон үе байлаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийн угсралт, зүгшрүүлэлтийн ажил тэр үед хийдэж эхэлсэн байв. Ингээд манай хамт олон 2014 оны 7-р сарын 10-нд анхны катодын зэс гаргаж авсан.
Би энэ үйлдвэрт орсноор эхлээд Захиргаа, эдийн засгийн хэлтсийн даргаар, дараа нь Эдийн засаг, хангамжийн хэлтэст ажилласан. 2016 оноос Захиргаа, хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Түүнээс хойш энэ үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, тус үйлдвэрийг цаашид ажиллуулаад явах залуусыг сургаж, дадлагажуулахад гол анхаарлаа хандуулсан. Энэ үйлдвэрийг шаардлагатай бараа материалаар хангах ажилд ч чамгүй анхаарсан. Мөн үйлдвэр ашиглатанд орсноор ажиллагсад нь ямар цалин хөлстэй байх, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар компанийн удирдлагуудтай санал бодлоо хуваалцаж бид хамтын удирдлагын зарчмаар уг асуудлуудыг зөв шийдвэрлэсээр ирлээ.
-Та өмнө нь ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Натурал Альфа” ХХК-ийн захирал төдийгүй Орхон аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр та “Ачит Ихт” ХХК-д ажиллаж байна. Орхон аймгийн олон иргэнийг ажлын байраар хангасан энэ үйлдвэр ашиглалтанд ороход Танд ямар бодол эргэцүүлэл төрж байв?
-Орхон аймгийн иргэдийг зуу зуугаар нь ажлын байраар хангах нь гэж л их баярласан. “Ачит Ихт” компанийн зэсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2011 оноос эхэлсэн. Одоо манай үйлдвэрт 189 хүн ажилладаг. Мөн гэрээгээр хамтран ажиллаж байгаа харуул хамгаалалтын байгууллага, ажиллагсдын хоол, үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагын ажилтнуудыг нэмэхээр нийт 220-иод хүн энэ үйлдвэрт ажиллаж байна. Үүн дээр Улаанбаатар хотын ажиллагсдаа нэмэхээр 250-иад хүн “Ачит Ихт” компанид өөр өөрийн мэдлэг, ур чадвараар хувь нэмрээ оруулаад хөдөлмөрлөж байна. Монгол улсад нэг ажилтны ард 4-5 хүн бий гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр манай үйлдвэр Эрдэнэтийн 1500-аад хүний байнгын оролого, нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна гэсэн үг. Энэ үйлдвэр баригдаж эхлэх үеэс нь Орхон аймгийн Ажил олгогч эздийн холбоо талархан дэмжиж байсан. Орхон аймгийн олон арван иргэнийг ажлын байраар хангасан энэ үйлдвэртэй өнөөдөр ч талархалтайгаар хамтран ажиллаж байна.
-“Ачит Ихт” компанийн ажиллагсдын өнөөгийн бүтэц бүрэлдэхүүний талаар тодруулж хэлнэ үү?
-Зэсийн үйлдвэрт ажиллаж байгаа 189 хүний 27 нь эмэгтэй, бусад нь эрчүүд ажиллаж байна. Нийт ажиллагсдын 80-аад хувь нь 35 хүртэл насны залуучууд. Мөн нийт ажиллагсдын 74 хувь нь дээд боловсролтой. Үлдсэн хүмүүсийн 3-аас бусад нь бүрэн дунд боловсролтой хүмүүс ажиллаж байна. Ерөнхийдөө эрч хүчтэй, өндөр боловсролтой залуучууд энд ажилладаг. Эрдэнэт бол уул уурхайн ажиллах хүчний “уурхай” гэгддэг хот. Тэгвэл “Ачит Ихт” ХХК нь гидрометаллургийн салбарын ажиллах хүчнийг дадлагажуулдаг, мэргэшүүлдэг “дарханы газар” болсон. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа залуучууд гидрометаллургийн салбарын үйлдвэрүүдэд ажиллах өндөр мэргэшсэн, үндэсний металлургичид болж өсөж өндийх нь тодорхой. Энэ нь“Ачит Ихт” ХХК-ийн Монгол улсын хөгжилд оруулж буй оюуны том хөрөнгө оруулалт юм.
-Бидэнд үйлдвэрээ танилцуулах үеэр “Ачит Ихт” ХХК-ийн нийт ажиллагсдын 3-аас бусад нь Орхон аймгийн иргэд гэх яриа анхаарал татсан. Орон нутгийн иргэдийг зуу зуугаар нь ажлын байраар хангах нь энэ компанийн бас нэг ээлтэй бодлого байжээ дээ?
-Улаанбаатар хотоос ирж ажиллаж байгаа 3 хүнээс бусад нь бүгд Орхон аймгийн харъяат иргэд. Ер нь манай үйлдвэрт ажилд орох хүсэлт тавьж, анкет бөглөж үлдээсэн, голдуу уул уурхайн мэргэжилтэй 500-аад хүн бий. Тэднээс заримдаа сонгон шалгаруулалтаар ажилд авдаг.
- Та өмнө нь хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байсан. Одоо хүнд үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийг хариуцан менежерийн алба хашиж байна. Хааяа хөнгөн, хүнд үйлдвэрийн ялгааг дэнсэлж суудаг байх даа? Онцлог ялгаа нь юу байна?
-Би 1977 онд Монгол улсын их сургууль төгсөж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан хүн л дээ. 1991 он хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн Тооцоолон бодох төвд товчооны дарга, Ерөнхий захиргаанд боловсон хүчний хэлтсийн даргаар ажилласан. 1996-2006 онд Монгол Швейцарийн хамтарсан ноолуурын үйлдвэрт ажилласан. 2006 оноос хойш мөн л ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувийн компани удирдаад ажилласан. “Ачит Ихт” компанид ирэхээс өмнө би ийнхүү хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил ажилласан. Хөнгөн үйлдвэрийн салбарын онцлог гэвэл эмэгтэй хүн олноор ажилладаг, ажлын байр ч олон байдаг. Харин “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр шиг ийм хүнд үйлдвэрт эрчүүд голдуу ажилладаг, хүнд хортой хөнцөлтэй гээд онцлог ихтэй. Тиймээс уул уурхай, тэр тусмаа металлургийн салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлага тулгардаг.
-Ажиллагсдынхаа эрүүл мэндэд чиглэсэн онцгой ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манай үйлдвэр 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, 3 ээлжээр ажилладаг учраас ажиллагсдынхаа эрүүл мэндэд маш их анхаардаг. Жил бүр сувилалд сувилуулахад нь дэмжлэг үзүүлж үйлдвэрээс 200.000 төгрөг өгдөг. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр сайн хангадаг. Ажиллагсдад өдрийн халуун хоолоор үнэ төлбөргүй үйлчилдэг. Мөн жил бүр ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Эрүүл мэндийн үзлэгийн нэг хүний зардал 300-400 мянган төгрөг байдаг. Тэр зардлыг үйлдвэр төлдөг.
-Үйлдвэрийн ажиллагсдын өдрийн халуун хоолны амт чанар сайн юм. Хоол үйлдвэрлэлийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа юу?
-“Модерн номадс” гээд хоолны газартай гэрээгээр хамтран ажилладаг. Эднийх манай үйлдвэртэй 2018, 2019 онд бүтэн хамтран ажиллаж байна. Тус хамт олон үйлдвэрийн ажиллагсдын эрүүл хооллолтод онцгой анхаардаг. Мөн үйлдвэрийн ажиллагсдын хор саармагжуулах бүтээгдэхүүнийг шинэлэг, чанарлаг байлгахыг хичээдэг. Халуун хоолны калор хангахаас гадна ажиллагсдын таргалалтын эсрэг эрүүл хоол хүнсээр үйлчлэхэд энэ хамт олон сайн анхаардаг нь манайханд таалагддаг.
-Хүнд үйлдвэрийн ажиллагсдад хор саармагжуулах бүтээгдэхүүнийг зөв сонгож, зориулалтаар нь хэрэглүүлж хэвшүүлэх нь чухал байдаг. Танай ажиллагсад хор саармагжуулах ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ?
-Артишок, тараг, сүү, алтайн барагшун гэх мэт бүтээгдэхүүн өгдөг. Уул уурхайн боловсруулах үйлдвэрийн ажиллагсдын ажлын нөхцөлд нийцтэй гэсэн бүтээгдэхүүнийг л сонгон хэрэглүүлэхийг хичээдэг.
-Хөдөлмөрлөж байгаа хүмүүс урам дэмээр л урагшилдаг. Танай компани ажиллагсдаа урамшуулах, хөдөлмөрийг нь зөв үнэлж, цалин урамшууллыг нь тэгш олгох талаар хэр анхаардаг бол?
-“Ачит Ихт” ХХК-ийн ажиллагсдын дундаж цалин “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын дундаж цалинтай ойролцоо. Манай дундаж цалин 2 сая 500 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, үндсэн цалин, урамшуулал, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцлийн нэмэгдэл, шөнийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, баяр ёслолын өдрүүдэд ажилласны нөхөн олговор гэх мэт бүх орлогыг дундажлаад үзэхээр 2.5 сая төгрөг гэсэн үг. Үүнийг хууль тогтоомжийн дагуу олгодог. Нөгөө талаар хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг сайн мөрдөж аюулгүй ажилласан болон үүрэгт ажлаа хугацаанд нь сайн гүйцэтгэсэн ажилтнуудад улиралд нэг удаа үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгодог. Манайд залуучууд голдуу ажилладаг учраас залуу гэр бүлүүдийн нийгмийн асуудал шийдвэрлэхэд анхаарч орон сууц авахад нь тусалдаг. Анх 4 хүн тус бүрт 25 сая төгрөг өгсөн. Дараа нь 5 хүн тус бүрт 20 сая төгрөг олгосон. Гэтэл орон сууцны энэхүү хөнгөлөлтийг олон хүнд хүртээмжтэй олгох хэрэгтэй байна гэсэн санал гарсан учраас дараагийн хөнгөлөлтийг хүн тус бүрт 10 сая төгрөг болгосон. Энэ мэтчилэн ажилласан жил, хөдөлмөрийн бүтээмжийг нь харгалзан 10 гаруй хүнд орон сууц, хашаа байшингийн хөнгөлөлт олгоод байна.
Үйлдвэрийн тэргүүний ажиллагсдаа гадаадад гэр бүлээр нь аялуулдаг урамшуулал бас бий. Орхон аймгийн төр захиргааны байгууллага болон бусад байгууллагын шагнал урамшуулалд ажиллагсдаа тодорхойлж шагнуулах ажлыг бас хийдэг.
-Танай үйлдвэрийн ажиллагсдын 80-аад хувь нь 35 хүртэл насны залуучууд гэдэг нь содон дуулдаж байна. Энэ залуу хамт олныг сургаж боловсруулах, мэргэжил дээшлүүлэхэд нь ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
-Орчин үеийн байгууллагууд ажиллагсдынхаа харилцаа хандлагад онцгой анхаардаг болсон байна. Манайх ч мөн тийм зарчим баримталдаг. Өнгөрсөн жил манай үйлдвэр 80 гаруй сая төгрөгийг сургалтанд зарцуулсан. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж бол Монгол улсад анх удаа нэвтэрсэн онцлогтой. Тиймээс Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраар дамжуулан тэдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гадаадын байгууллагад хүмүүсээ явуулж сургадаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт их хийдэг. Үүний үр дүн гэвэл өнгөрсөн жилүүдэд манай үйлдвэрийн хамт олон эрсдэлгүй ажилласаар ирсэн, цаашид ч “Аюулгүй ажиллагаа-амжилтын үндэс” гэсэн урианыхаа дагуу аюулгүй ажиллах дадал хэвшлийг бий болгох зорилттой ажиллацгааж байна.
-Сүүлийн хариултыг танд асуултгүй үлдээе...
-Энэхүү катодын зэсийн үйлдвэрийг монгол залуус барьж байгуулсан гэдгээр манай хамт олон маш их бахархдаг, би ч мөн адил энэ залуусаар бахархдаг. Тэд газар шорооны ажлаас эхлээд үйлдвэрээ барьж байгуулан, тоног төхөөрөмжийг нь угсарч зүгшрүүлэн, ашиглалтанд оруулснаас хойш 5 жил гаруй хугацаанд тогтвортой, найдвартай ажиллуулж байгаа нь том амжилт юм. Нөгөө талаар үйлдвэрийн удирдлагууд энд ажилладаг хүн бүрийг аюулгүй орчин нөхцөлд ажиллуулахад онцгой анхаарсаар ирсэн. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь Монголын металлургийн салбарт байгалийн баялгийг сорчлохгүй ашиглаж чадаж байгаа шинэхэн түүхийг амжилттай бүтээлцэж буй тод жишээ юм.