© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-28-НД НИЙТЛЭГДСЭН
И.Золзаяа: Энгэртээ үрээ тэвэрч, сэвлэгийг нь л үнэрлэхсэн...
И.Золзаяа: Энгэртээ үрээ тэвэрч, сэвлэгийг нь л үнэрлэхсэн...
Идэрийн Золзаяа Энэ бүсгүйтэй уулзах болсон шалтгаан маань тун энгийн. Зовлонг сөрж, инээмсэглэдэг ховорхон хаттай, амьдралыг өөр өнцгөөс харж , бодрол цуглуулдаг тэнүүн сэтгэлтэй нэгний ухаарал тээсэн үгийг хайх нь миний хувьд зорилго. Хэн нэгэн дарга, “од”-ын хэлбэр ханхлуулсан “дүрт” яриа, байгаагаасаа өөрөөр “балин” царайлах гэсэн “багт наадам”-аас гагц би гэлтгүй бүхий л Монголчууд залхаж буй. Тиймээс л алт нь живж, зомгол нь хөвдөг хорвоогоос хэлбэр, агуулга нь зөрөөгүй үнэнийг хайж эхэлсэн минь энэ. Гэхдээ сураг дагасан эрлийн маань эхний учраа жирийн нэг жаахан бүсгүй байх юм гэж үнэндээ санаагүй. Зүрхний хүнд өвчтэй, нарийн мэргэжлийн эмч нар гэрэлт хорвоод гучхан жилийн амьдрал хэмжиж өгсөн энэ бүсгүй өдгөө 26 настай. Мөч бүрийг үнэлж, амьсгалж буй хором бүртээ хоргодож амьдардаг тэрбээр өдөр хоногийг ус шиг самарч, угаадас шиг цацаж амьдардаг “маргаашчин” биднээс тэс өөр дотоод ертөнцтэй. Хүнд өөрт нь оршдог ч, хүн өөрөө мэддэггүй тэрхүү үнэт зүйлийг хувь заяаны эрхээр дэндүү эрт таничихсан бүсгүйн яриаг одоо тантай хуваалцая...

-Зүрхний ийм хүнд өвчтэй гэдгээ хэдийнээс анх мэдсэн бэ?

-Анх бага ангидаа мэдсэн. Сургуульд орохоос өмнө юу ч мэддэггүй, анзаардаггүй байлаа. Дэгэж дэрвээд л, хүүхэд нас угаасаа ямар сайхан билээ дээ. Тэр хүртэл надад мэдрэгддэг илрэх шинж байгаагүй. Байсан ч хүүхэд учраас анзаардаггүй байсан ч юм уу даа. Долоодугаар ангид байхаас гар хумснаас эхэлж төвийж хөхрөөд, амьсгаадаад байх болсон. Тэгэхэд Эрдэнэтэд японоос нарийн мэргэжлийн эмч нар ирсэн байсан. Тэр эмч нарт үзүүлэх үед л би анх хүнд гэж мэдсэн дээ. Ээж бол бага балчир байхаас ойлгуулж хэлж байсан л даа. Намайг өөрөө ухаарах хүртэл учраа мэдэхгүй эрхэлж яваа охиноо хараад хөөрхий ээжийн минь дотор яаж өмөрдөг байсан бол...Яаж тэр аймшигт нууцыг тийм удаан тээгээ бол...Намайг бүр ухаан ороогүй байхад зүрхэнд гуурс тавих хагалгаа хийлгэж, насыг минь өдий дайтай уртасгасан юм билээ. Гэхдээ хагалгааны сорви нь ардаа учраас жаахан байхдаа би ерөөсөө анзаарч мэдэж байсангүй. Томроод зовиур илрээд эхлэхээр ээж маань ядаж л гам сахиулах үүднээс энэ өвчний талаар хэлж, ойлгуулж эхэлсэн.

-Мэдсний дараа?

-Нэг их хүндээр тусгаж аваагүй ээ. Хүүхэд л юм чинь, хүүхэд шүү дээ. Ийм өвчин юм байна, хагалгаанд орчихсон юм чинь зүгээр болчихсон юм байлгүй л гэж боддог байсан. Гэтэл нас дээшилж, цаг хугацаа өнгөрөх тусам зовиур нэмэгдээд, биеийн байдалд өөрчлөлтүүд гарч эхэлсэн дээ. Тэр бүрт л улам хүнд санагдах болсон. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Хуруу, хумснаасаа ичнэ, хөхөрсөн гар, хөлнөөсөө санаа зовно.

Амьсгаадахаасаа айна, ичнэ. Дээр нь биеийн байдлаасаа болоод байнга үе тэнгийнхнээсээ хоцорч явдаг.

Тэгээд мэдээж эмч нарт байнга үзүүлж, хянуулж явахдаа ээж, аав маань хичнээн нуугаад ч бодит байдлыг алгуур ойлгож эхэлсэн. “-Хагалгаанд орохгүй бол үхнэ”, “-Хагалгаагаа яагаад ч даахгүй”, “-Наад охин чинь хамгийн цаад зах нь 30 л насална” гэх мэт үгсийг хүссэн хүсээгүй дутуу хагас сонсоод байгаа юм чинь. АНУ-ын эмчид үзүүлсний эмчийн ээжтэй ярьж байгаа яриаг сонссон. Хэдийгээр мэргэжлийн үг хэллэгийг нь ойлгохгүй ч гэсэн англи гадарладаг учраас зарим зүйлийг нь сайн мэдэж авсан л даа. “-Охиныг чинь зүрхний хагалгаанд оруулахгүй бол болохгүй оноштой. Гэхдээ танай охин хагалгаа даахад хүнд, баталгаа өгөхөд хэцүү. Одоо байгаа байдлаараа бол ихдээ л 30 насална”...Энэ бүгдийг мэдээд эхлэхээр сэтгэлзүйн байдал мэдээж хүндэрнэ. Эмээ маань зүрхний өвчнөөр бурхан болж байсан. Удам дамжсан өвчин юм билээ. Хэн нэгэнд илрэх л ёстой байсан. Тэр нь над дээр гараад ирчихсэн. Хамгийн гол нь бусдыг нь зовоогоогүй, надад оногдчихсонд би бага ч гэлээ тайвширч, талархдаг. Ойр дотны минь хэн нэгэн ингэж өвдөж шаналж байснаас би зовж байсан нь дээр ч юм шиг...26 хүртэлээ олон газар явж, олон эмч, эмнэлгийн хаалга татсан. Юм хөгжиж байгаа юм чинь болчих байлгүй гэсэн горьдлого тээж өдий хүрлээ. Даанч...Болдоггүй юм болдоггүй л бололтой.

-Аз жаргалын босгыг чи хаагуур тавьдаг вэ?

Аз жаргал гэж үү. Хүмүүс янз бүрээр л ойлгож, янз бүрийн хэмжүүрээр хэмжиж, сэтгэл ханамж, босгоо тогтоодог байх. Миний хувьд бол...Лав эд баялаг биш. Тэр бол үнэхээр сонин санагдахгүй байна. Элэг бүтэн амьдрал, эрүүл мэнд бол хүний аз жаргалтай байх хамгийн том ханамж. Ээж, аавынхаа дэргэд, эр нөхрийнхөө нөмөрт жаахан үрийнхээ сэвлэгийг үнэрлээд сууж байх шиг аз жаргал хаана ч байхгүй. Эрүүл мэнд бол хүнд байгаа хамгийн том баялаг. Юугаар ч сольшгүй, юугаар ч үнэлшгүй аз жаргалын шалтгаан гэвэл би үүнийг л нэрлэнэ. Нөгөө талаас эрүүл мэндээ алдах шиг аймшигтай үгүйрэл, хоосрол гэж үгүй. Бас үр хүүхдээ өөрийнхөө өмнө оруулж үрэгдүүлэх шиг хэцүү зовлон байхгүй юм шиг. Эцэг эхийнхээ ачийг уул овоо шиг овойж оцойтол хариулж чадахгүй ч ядаж өмнө нь орж хамгийн хүнд, хэцүү зовлонгийн шалтгаан нь болохгүй юмсан. Тэртээ тэргүй би тэднийгээ зөндөө л зовоосон.

Эрүүл энх энэ өдрийн нарыг харж, элэг бүтэн шуугиж амьдрахыг л би аз жаргал гэнэ дээ.

Амьдрал.../асуултыг минь таслав/-Амьдралын утга учир чинь өөрөө хайр ш дээ. Эх үрийн, амраг сэтгэлийн, нэг нэгнээ нигүүлсэхийн гээд хайран дээр л хорвоо сүлэрч оршдог. Би үүнийг хаа ч, хэзээ ч хэлнэ. Мэдээж би хүн болж төрсөн учраас хүнд хайрлуулмаар байна. Хүнийг хайрламаар байна. Үр хүүхэд төрүүлж, эх хүний зовлон жаргалыг элэг зүрхээрээ мэдэрмээр байна. Миний хувьд хүүхэд төрүүлэх хориотой. Эх болж чадахгүй эмэгтэй хүн гэдэг.../хоолой нь зангирч, нулимс нь мэлтрэв/

-Чиний хүсэл мөрөөдөл?

Хамгийн түрүүнд би амьд явмаар байна. Амьдармаар байна. /уйлав/ Дараа нь түрүүн хэлсэн. Ямар ч гэсэн аав, ээжийнхээ өмнө нь орчихгүй юмсан. Тэднийхээ элэг зүрхийг амьдын хагацлаар урчихгүй юмсан. Тэгээд би чинь хүний охин үр шүү дээ. Ач, зээгийнх нь зулайг үнэрлүүлмээр байна. Энгэртээ өөрийн үрээ тэвэрч, хөхөө хөхүүлж, сүүний үнэртэй сэвлэгийг нь үнэртмээр байна. Ээж шигээ эх хүн болмоор байна. Энэ бол миний хамгийн дээдийн хүсэл мөрөөдөл.

-Ээжийнхээ талаар? Чиний хоолой дээрээс ээж гэдэг эрхэм нэр байнга зангирч гарч ирээд байх юм?

Ээж минь.../уртаар санаа алдав/ Миний онош төрүүт л тогтоогдсон. Тэр цагаас л ээжийн минь миний төлөө, миний амьдралын төлөө гэсэн хором ч амсхийгээгүй тэмцэл эхэлсэн дээ. 26 жил...Сайн гэсэн эмч болгон дээр л намайг авч очсон. Япон, Солонгос, Америк гээд л...Өөрийнхөө хүрч чадах газар бүрт хүрч, үзүүлэх боломжтой эмч бүрт үзүүлж, горьдлого тээсэн хариулт хүлээсэн ээжийгээ би үнэхээр өрөвддөг. Амьнаасаа амь, биенээсээ бие тасалж төрүүлчихээд өнгөрсөн хугацаанд амьдралыг минь аврахын төлөө цусаа хүртэл байнга өгч ирсэн.

Энд нэг нууц задлахад би ээжийнхээ тэмдэглэлийн дэвтэрийг уншчихсан. Ээж мэдээгүй байгаа. Гэр цэвэрлэж байгаад санаандгүй олоод уншчихсан юм л даа. Тэндээс мэдээгүй, анзаараагүй олон зүйлээ мэдэж авсан.

Ээж минь юуг дааж, яаж зүтгэж, зүдэрч өдий хүрснийг охин нь одоо илүү сайн ойлгодог болсоон. Сая Солонгос явж үзүүлээд маш өндөр өртөгтэй хагалгаанд орох тийм боломж гарч ирчихээд байгаа л даа. Боломж хэдийгээр гарсан ч мөнгө төгрөгийн асуудал хүнд шүү дээ. Яг энэ үед ээж миний донор болно гэсэн. Үнэхээр аймаар шийдвэр. Би ээжийнхээ амиар эрүүл болохыг хүсэхгүй. /уйлав/ Хүний үр чинь ээжийгээ жаргаая, урт наслуулья гэж боддог байхад чинь...Ээжийгээ үхүүлээд урт амьдарья гэж хэн ч бодохгүй шүү дээ. Үрийнхээ төлөө бүхнээ, тэр тусмаа амиа, зүрхээ зориулж чадах...үүнийг л ёстой ээж хүн, эх хүн гэх байх...Ээжийнхээ ачийг хариулахсан. Ээжийнхээ магнайг нэг ч хором болтугай тэнийлгэхсэн. Ер нь ганцхан ээжийнхээ гэлтгүй үрийнхээ төлөө шаналж яваа мянга мянган ээж нарын сэтгэлийг ганц хором ч болтугай амраахсан гэж би боддог. Хэрвээ надад боломж олдож гэмээнэ би яг ийм үйлсэд л өөрийн бүхий л амьдралаа зориулах болно. Энэ олон өвдсөн, зовсон хүн бүрийн цаана миний ээж шиг Монгол ээжийн нүдэнд нулимс мэлтэрч байгаа. Тэдний ядаж нэгийнх нь болтугай нулимсыг арчиж өгөхсөн. Сэтгэлийг нь эгшээхсэн. Энэ бол миний зорилгийн чухал нэг хэсэг.

-Хүмүүнлэгийн ажилд хүчээ сорих нь ээ дээ?

Тийм ээ. Зовж үзсэн хүн л бусдын зовлонг илүүтэй ойлгодог юм шиг санагддаг.

-Ер нь их өөдрөг хүн юм аа даа?

Эргэн тойрны хүмүүс маань өөдрөг гэдэг шүү. Би бусдын хувьд зовлон байхыг хүсдэггүй. Хэдийгээр би зовлонтой байлаа ч гэсэн, миний бие өвдөж байгаа ч гэсэн би өөрөө бусдыг зовоож амьдармааргүй байна.

-Жаргал, зовлонгийн талаарх ойлголтыг чинь сонирхож болох уу?

-Хүн бол ерөөсөө л ганц хувь. Дахин давтагдашгүй. Тийм учраас хүн өөрөө өөртөө үнэ цэнэтэй байх ёстой. Хүний өөрийнх нь тэр үнэ цэнэ л өөрийнх нь аз жаргалын шалтгаан. Хүн түүнийгээ даанч анзаардаггүй. Материалаг зүйл, булган дээл, сүүлийн үеийн загварын гар утас, тийм бренд, ийм бренд л гэнэ. Энэ чинь аз жаргалын шалтгаан биш ээ. Үүгээр өөрийнхөө ханамжийг хэмжих нь идэж байгаа хоолоороо өөрийгөө хэмжиж байгаатай адилхан. Энэ чинь зүгээр л хэрэглээ. Хүн, хүний мөн чанар гэдэг чинь өөрөө жинхэнэ бренд юм шүү дээ. Хэрэглээ нь гүйцэхээр жаргаад л, хэрэглээ нь дутахаар зовоод л байдаг байж таарахгүй. Түүндээ хүрвэл хэрэглээ хэзээ ч гүйцэхгүй. Үнэндээ ийм шинж чанар адгуус амьтан дээр хүнээс илүүтэй илэрч байдаг шүү дээ. Хэрэглээ хэзээ ч хүнийг урт удаан, төгс аз жаргалтай болгодоггүй. Жаргана гэж хэрэглээгээ нэмэхийн хэрээр зовлон л хураагаад байдаг. Үнэтэй сайхан машинтай болчихоор жаргана л гэдэг. Машинаа авлаа, мөргүүлчихвий, шүргүүлчихвий, хулгайд алдчихвий гэсэн илүү олон айдас-зовлонг асар их үнээр худалдаад л авч байгаа хэрэг шүү дээ.

Би бусдын хувьд зовлон байхыг хүсдэггүй

Хүн хүнээрээ байж, бусдын хувьд зовлонгийн биш жаргалын шалтгаан нь болж амьдарч чадвал тэр чинь л жаргал. Жаахан зовлонг хүмүүс өөрсдөө л бий болгодог. Яг үнэндээ дайраад өнгөрөх зүйлд, магадгүй маргааш инээдтэй санагдах тохиолд зовоод, бухимдаад байх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Хүн жаргалтай байгаадаа л тиймэрхүү жижиг зовлонг “үйлдвэрлэдэг” байх. Хайрыг өөртөө бий болгож, түгээж, авч амьдарч чадвал тэр л жаргал. Миний хувьд өнөөдөр би өөрөө байна, аав, ээж маань байна, хань маань байна. Энэ л аз жаргал. Би энэ амьдралдаа сэтгэл хангалуун. Хүн өөртөө ханаж чадвал жаргал, ханаж чадахгүй бол зовлон.

Би өглөө бүр амьд сэрж байгаадаа баярладаг, жаргадаг.

Би өглөө бүр амьд сэрж байгаадаа баярладаг, жаргадаг. Энэ хором бүр амьдралыг мэдэрч, амьсгалж байгаадаа баярладаг, бас л жаргадаг. Амьд явах, эрүүл байх чинь хүний хамгийн том аз жаргал юм шүү дээ. Үүнийг л хүмүүс ойлгож амьдраасай...Тэр ийн хүүрнээд нулимстай нүдэндээ инээмсэглэл тодрууллаа. Жаргал, зовлон хоёр нэгэн дор багтсан...нулимстай инээмсэглэл.

Амьдралд тэмүүлсэн, амьд явахыг хүссэн амьдралын үнэ цэнийг ухаарсан шаливхан бүсгүйн зовлонд нугараагүйн баталгаа-хаттай инээмсэглэл...Ээжийнхээ ачийг хариулах бас эх болох л түүний дээдийн мөрөөдөл. Харин эрүүл энх бид юу мөрөөдөж, юунд тэмүүлж амьдардагсан билээ...Тэрбээр амьдралаас буцахгүй байх хамгийн сүүлчийн боломж хагалгаанд орох саналыг солонгос эмч нараас авчээ. Гэвч жирийн Монгол иргэнд ахадсан өндөр...200 сая. Гэлээ ч амьдрахын төлөө, жаргахын төлөө, бусдад жаргал бэлэглэхийн тулд булиглан цохилох энэ өөдрөг зүрх бүхнийг давж, ухаарч танисан бүхнээрээ олон хүний сэтгэлийг гийгүүлнэ гэдэгт би бат итгэнэм...

А.НАРАНБОЛД
Нийтлэлч А.Наранболд
Нийтлэлч А.Наранболд
/ 2015-01-28
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц