© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-08-27-НД НИЙТЛЭГДСЭН
Г.ГАНБАЯР: Өөрөө сурсан зүйл үлдэцтэй, өгөөжтэй
Г.ГАНБАЯР: Өөрөө сурсан зүйл үлдэцтэй, өгөөжтэй

Саяхан  Эрчим хүчний салбарын 93 жилийн ой тохиож, манай үйлдвэрийн 19 хүн Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн. Тэдний нэг Цахилгаан цехийн Эрчим хүч- Автомат удирдлагын хэсгийн инженер Г.Ганбаярыг энэ буландаа урьсан юм. 

-Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсанд  баяр хүргэе
-Баярлалаа. Би аливаа шагналыг нэг хүнээр төлөөлүүлэн хамт олны, байгууллагын ажил үйлсийг үнэлж байгаа хэрэг гэж боддог. Нөгөө талаар  намайг ажилд анх ороход  сэтгэл харамгүй зааж сургасан  ахмадууд, удирдлагуудынхаа   ач буянаар ийм шагнал хүртлээ.  
 
-“Эрдэнэт” үйлдвэрт анх ажилд орсон үеэ дурсвал?
-Техникийн их сургуулийг  Эрчим хүчний инженер мэргэжлээр   2000 онд төгсөөд шууд “Эрдэнэт”  үйлдвэртээ, энэ цех хэсэгтээ цахилгаанчаар  орж байлаа.  Манай хэсэг урьд нь Телемеханикийн хэсэг гэсэн нэртэй  байсан. Тэр үед хэсгийн дарга маань одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат байсан. Инженер Лхагважав, Энхтөгс, Алтангэрэл, Нэргүй,  гадаадын 2 мэргэжилтэн ажиллана. Энэ үед цехэд ажиллаж байсан хүн бүрийг би миний багш гэж үздэг. Нэг жил цахилгаанчин хийж байгаад инженерээр ажилласан.  Одоо  цехдээ 15 дахь жилдээ ажиллаж байна.  
 
-Ойрд ажил ихтэй байна уу? Ус өргөх станцуудаар яваад байгаа  бололтой?
-Манай хамт олон  намар өвлийн бэлтгэл ажилдаа ороод байна. Ус өргөх 1,2,3,4-р станц дээр урсгал засвар хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай хэсгийнхэн хэмжих хэрэгслүүд авч, шалгалтанд өгч байна. Ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. 
 
-Цахилгаанчны мэргэжлийн онцлогийг  нэг өгүүлбэрт багтаан хэлбэл?
-Цахилгаанчид бол асар их хариуцлагатай, алдах эрхгүй хүмүүс.  
 
-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Манай хэсгийн хувьд эрчим хүч хэрэглэгчид болон диспетчерийн удирдлагад  үнэн зөв бодит  мэдээлэл хүргэж, ажлаа аюулгүй гүйцэтгэх боломжийг олгож байдаг. Тухайлбал эрчим хүчний  ямар нэгэн тасралт, салгалт аваарын үед манай мэдээллийг үйлдвэр даяар харж ажлаа аюулгүй гүйцэтгэж байгааг харахад бахархалтай. 
 
-Таныг ажилд орсноос хойш техникийн шинэчлэл хэр хийгдсэн бэ? Энэ нь та бүхний ажиллах нөхцөлийг өөрчилсөн үү?
-Манай хэсэгт  хуучин  ЗХУ-ын телемеханикийн  Гранит  системийг 1990 оноос  ашиглаж байсан.  Нүсэр том овортой, олон жил ажилласан төхөөрөмж. Түүнийг 2008 онд Scada-GE-9030  серийн контроллёрын системээр сольсон. Систем шинэчлэгдсэнээс хойш тоног төхөөрөмжийн тасралт, дуудлагын тоо эрс багассан. Хуучин системийн  үед бороо ус ихтэй  зуны улиралд  өдөр шөнөгүй дуудагдаж ажилладаг байсан. Шинэ систем тавигдсанаас хойш харьцангуй багассан. 
 
-Таны багын  мөрөөдөл юу байв?
-Би багадаа Архангайд амьдарч байсан. Аав ээж маань энд ажилладаг болохоор зундаа Эрдэнэтэд ирж амарна.  Найзуудтайгаа  үйлдвэрийн ажилчдын автобусны цувааг харахаар хэрэг болгон ирдэгсэн.   Энэ автобусанд сууж үзэх юмсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин бол сайхан аа гэж боддог байв. Мөрөөдөл биелж, “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээгээр сурч, энд ажиллах боломж олдсон юм. Би  “Эрдэнэт”  үйлдвэрийн ажилтан болсноо их азтайд тооцдог. Дэлхийд үйлдвэрлэлт олборлолтоор эхний 10-т багтдаг энэ том үйлдвэрт ажилладгаараа бахархдаг. 
 
-Цахилгааны мэргэжлийг өөрөө сонгосон уу?
-Аав, ээжийнхээ  зөвлөснөөр л мэргэжлээ сонгосон. Хаана  ч ажилтай, хэзээ ч хоцрогддоггүй гээд л энэ мэргэжлийг  надад санал болгосон.  Хэдийгээр өөрөө сонирхож, сонгоогүй ч би мэргэжилдээ дуртай. 
 
-Нарийн мэргэжил болохоор тоног төхөөрөмж байнга  шинэчлэгдэж, тэр хэрээр ажилтнаас шинэ мэдлэг  шаарддаг байх. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Онолын үндэс нь хэвээрээ байвч тоног төхөөрөмж  илүү боловсронгуй болж, нарийсч ирэхээр биднээс илүү их мэдлэг шаарддаг. Тэр бүр гадаад, дотоодод сургалтанд хамрагдаад байх боломжгүй болохоор өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог.   Ер нь  өөрөө оролдож  сурсан зүйл, үлдэцтэй, өгөөжтэй байдаг. 
 
-Өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
-Ажилд орсны дараахан АБК дээр диспетчерийн зааланд зэрэгцээ разетка нэмж суурилуул  гэсэн үүрэг авлаа. Очиж утсанд хүрээд л тогонд цохиулчихав.  Надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн л дөө. Гэвч залуу, бас хэнэггүй байж төмөр оосортой  цагтайгаа ажилласнаас цагны оосор утсанд хүрч  тогонд цохиулсан нь тэр. Тэрхэн зуураа шооконд орж,   ахиж хүрч чадахгүй  тун эвгүй байж билээ. Энэ нь  миний амьдралд ихээхэн сургамж болсон. Түүнээс хойш  ажилд гарахдаа цаг, бөгжөө заавал тайлдаг. 
 
-Танай хэсэг хэдэн ажилтантай вэ?
-Бид 11-үүлээ. Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, өндөр мэдлэгтэй  залуус олонтой. 
 
-Та хэдий залуу хүн ч олон жил ажилласан болохоор залууст зааж сургана биз. Шинэ үеийн залуусын ололттой болоод дутагдалтай тал нь юу байдаг вэ?
-Чаддаг, мэддэг болгоноо дүү нартаа зааж сургахыг хичээдэг. Би хэсэгтээ хамгийн ахмад нь. Гэхдээ л одоо ч би өөрийгөө боловсорсон гэж боддоггүй.  Одоогийн  залуус мэдээлэл маш сайтай. Туршлага л дутна уу гэхээс  мэдлэг, мэдээлэл  дутахгүй дээ. 
 
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэрийг  маань Б.Уянга гэдэг. Номин телевизэд зураглаач, эвлүүлэгчээр ажилладаг. Одоогоор хүүхдээ хараад  гэртээ суугаа. Бид оюутан байхдаа ханилсан. Манайх 2 охин, нэг хүүтэй. Том охин одоо 12-р ангид, бага нь ой гарантай. Хүү маань  нэгдүгээр анги.  
 
Өөрийнхөө тухай ярианаас зайлсхийх  эгэл даруухан энэ залуу аливаад тууштай ханддаг юм билээ. Тэр 2010 онд Спорт ордноос хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн төсөлд хамрагдаж фитнесээр хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч дулааны улиралд ажилдаа явган, эсвэл дугуйгаар  явж, сэрүүний улиралд   фитнесээр хичээллэдэг гэсэн.  Тэрээр өөрийгөө ялж, 4 жилийн дотор илүүдэл 20 кг жингээ  хаясан. Өөрийгөө ялж чадсан хүнд өрсөлдөгч үгүй гэдэг үг бий. Зорилгынхоо төлөө  тэмцэгч энэ залуу ажиллах, суралцах үйлсдээ ч  тууштай байдаг  нь  дамжиггүй. 
 
Я.ЭНХТУЯА


erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-08-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц