© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-01-07-НД НИЙТЛЭГДСЭН
Э.Сувданчимэг: Эсээгээ хоёр шөнө үүрийн 06 цаг хүртэл сууж бичсэн
Э.Сувданчимэг: Эсээгээ хоёр шөнө үүрийн 06 цаг хүртэл сууж бичсэн

/“Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна” эсээ бичлэгийн уралдаан орон даяар болсон. Энэ уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч “Тэргүүн” байрын шагнал авлаа. Тэрээр 700 гаруй хүүхэдтэй өрсөлдөж манлайлж, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж чадсан юм. Ингээд шилдэг эсээ бичсэн Э.Сувданчимэгтэй хийсэн ярилцлагыг хүргэе./

-Яамнаас зохион байгуулсан уралдаанд 700 гаруй хүүхдээс манлайлсанд баяр хүргэе, шалгарна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Баярлалаа, анх түрүүлнэ гэдэгт өөртөө итгэлгүй байсан. 700 гаруй хүүхдээс 209-ийг нь шалгаруулна гэхэд л... жаахан итгэлгүй байсан.

Шалгаруулалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэснийг өмнө нь харсан. Түүнээс хойш бүр мартчихсан байсан л даа. Дараа нь эхний 10-таа шалгараад өөрийнхөө эсээг илтгэлээр цахим видео хэлбэрээр хүргүүлсэн.


-Баярын мэдээгээ хэзээ сонссон бэ?

-Нэг орой “zoom”-ээр хичээлдээ суугаад байж байлаа. Ээж утсаар хүнтэй яриад л байсан, 7-9 минут гээд... Тэгтэл чиний эсээ шилдэг 10-т шалгарсан байна гэдгийг сонссон. Маш их баярлаад, илтгэл болгохоор бэлтгэсэн. Өрсөлдөж байгаа хүүхдүүд маань Улаанбаатар хотын “Шинэ Монгол Харумофужи” зэрэг маш сайн сургуулийн 12-р ангийн хүүхдүүд оролцсныг мэдсэн. ... Дүн 17 цагт гарна гэсэн. Дүн гарлаа гэсэн постыг зохион байгуулагчдын пэйжээс харахад би түрүүлчихсэн байсан. Бид хэд бөөнөөрөө орилоод, баярлаад ээж, дүү, бас би уйлсан...


-Эсээгээ хэдий хугацаанд бичив, хэлэх гэсэн гол санаа чинь юу байсан бэ?

-Эсээгээ хоёр шөнө үүрийн 06 цаг хүртэл сууж бичсэн. Өдрийн цагаар анхаарал төвлөрүүлж чадахгүй байсан учраас дүү нараа унтсаны дараа ганцаараа сууж байгаад бүх судалгаануудаа хайж, жагсаалт гаргасан.

Эсээнд өөрийнхөө хэлэх гэсэн санааг дурьдаж бичдэг. Агаарын бохирдол их байгааг хүн бүр мэднэ. Энэ бохирдлоос үүдээд ямар их хор хөнөөл дагуулж байгааг ч сайн мэднэ. 2011 оноос хойш 93,4 тэрбум төгрөгийг зөвхөн агаарын бохирдлыг бууруулахад ашигласан байсан. Огт үр дүнгүй мөнгө гэж хэлэхгүй. Гэхдээ яг энэ мөнгөний 10 хувиар нь л ногоон байгууламж бий болгоход гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод таривал, агаарын бохирдлыг 56-72 хувь хүртэл бууруулах бүрэн боломжтой юм гэдгийг олж мэдсэн. Ногоон байгууламж бий болгох гэдгийг голчлон эсээгээ бичсэн л дээ.

- Эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд өмнө нь оролцож байв уу?

-Миний хувьд багаасаа шүлэг уншдаг, илтгэл, мэтгэлцээний тэмцээнд идэвхтэй оролцдог байсан. Бичгээр санаагаа илэрхийлэх, ярих хоёр өөр...

Ярьж байхад дууны өнгө темп, нүдний харц хэлж байгаа санааг илэрхийлэхэд нөлөөлдөг. Эсээ бол судалгаан дээр үндэслэгдсэн, бүх зүйл нь баримт нотолгоо нь үнэн байх ёстой. Өмнө нь хичээл дээр 200-300 үгтэй эсээ бичдэг байсан бол, одоо 1000-1500 үгтэйг бичдэг болсон.

-  Бичиж эхэлж байгаа найзууддаа зөвлөгөө өгөөч?

- Эхлээд өөрийн хэлэх санаагаа маш товчхон дурьдана. Дөнгөж эхний хэдэн мөрийг уншаад ийм зүйлийг дурьдах гээд байгааг мэдэх, гэхдээ тэр зүйл нь маш сонирхолтой, хүнийг татах хэмжээнд байх ёстой.

Дараа нь санаагаа дэлгэрүүлнэ, ингэхдээ үнэн бодит судалгаа баримтад тулгуурлаж үзэл санаагаа илэрхийлээд, хамгийн сүүлд нь дүгнэлт хийж, гарц гаргалгаа гаргах талаас нь бичдэг.


-Эсээ бичихийн давуу тал нь юу юм бэ?


-Эсээ бичихийн тулд маш их судалгаа хийх, ном унших хэрэгтэй. Би ном, сонин сэтгүүлээс содон, уншихад тааламжтай зүйлийг дэвтэртээ тэмдэглэдэг. Эсээ бичих үедээ тэр гоё үгнүүдээсээ авах, эсвэл толгойд орсон үгнүүдээ холбоод бичдэг. Хүүхэд бүр өөрийн дуу хоолойг нийгэмд хүргэх эрхтэй байдаг. Би найзууд, дүү нар, ах эгч нарынхаа өмнөөс хүүхдүүд бидэнд ийм асуудал байна, агаарын бохирдол бидэнд ингэж нөлөөлөөд байна, ингэж хамгаалвал, ийм боломж байна шүү гэдгийг харуулж чадсан гэж бодож байна. Эсээгээрээ дамжуулан бусдад өөрийнхөө дуу хоолойг чөлөөтэй хүргэж байгаа илрэл юм.


-Удахгүй сургуулиа төгсөнө, мэргэжил сонголтын талаар бодож байна уу?

-Би сэтгүүлч болох сонирхолтой, нөгөө талаар математик талдаа нягтлан бодох санхүү чиглэлээр суралцана гэж бодож байгаа... Хосолсон мэргэжилтэй болно гэж төлөвлөж байна.

- Хичээл, сургууль орохгүй үед өдрийг яаж өнгөрүүлж байна?

Утас хэт их ашиглаж байгаа гэж өөрийгөө дүгнэсэн. Утас ашиглах хугацаанд өөр зүйлийг хийхээр шийдсэн. Англи хэлний тэтгэлгийн сургалт, бие дааж бас нэг сургалтанд өдрийн ихэнх цагийг өнгөрөөж байна.


- Улсдаа тэргүүлж, хоёр сая төгрөгийн шагнал авлаа.


Тэмцээнд оролцох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ? 

- Тэтгэлэгтэй, шагналын сан өндөртэй маш олон тэмцээнийг хүүхэд залуучуудын дунд зохион байгуулдаг. Тэр тэмцээн болгонд өөрийгөө сорьж үзээрэй. Заавал түрүүлэх нь чухал биш, өөрийгөө ямар хэмжээнд явж байгаа гэдгээ, яаж бичихийг олно. Алдаанаасаа суралцаж болно, бас түрүүлж болно. Тэр бүхэн өөрийн чинь хичээл зүтгэл юм шүү. Хүүхэд насандаа өөрийгөө сориосой гэж хүсч байна.

Ярилцсанд баярлалаа. Улам их амжилтыг хүсье






Г.Хашбаатар
Г.Хашбаатар
/ 2021-01-07
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц