/ Инженер, техникийн чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал доктор ( Ph.D) Д.Зоригтхүүтэй 2020-2021 оны хичээлийн жилийн онцлог, шинэ хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. /
-Танай сургуулийн энэ хичээлийн жилийн онцлог юу вэ?
-Энэ жил их онцлогтой жил болж байна. Цар тахал гарснаас үүдэн манай сургалт хоёрдугаар сараас цахим онлайн хэлбэрт шилжсэн. Хаврын улирлыг цахимаар дуусгаж, намрын хичээл 8-р сарын 24-нөөс цахимаар эхэллээ. Одоо танхимын сургалтандаа эргээд орж байна. Манай багш, оюутнуудын хувьд огцом шилжилтэд дасан зохицож, сорилтыг амжилттай даван туулаад гарлаа.
-Энэ жилээс шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэж сонссон. Энэ талаар?
-Инженерийн бэлтгэлтэйгээ нийлээд долоон хөтөлбөрт 85 хүүхэд шинээр элслээ. Эдгээр хөтөлбөрүүд дээр “Барилгын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер” гэсэн хоёр шинэ хөтөлбөрөө эхлүүлж байна. Мөн “1+3” хөтөлбөр гэж байгаа. Энэ ямар хөтөлбөр вэ гэхээр оюутнууд нэг жил инженерийн суурь хичээлийг “Барилга архитектурын сургууль-“д суралцах юм. Харин дараагийн жилүүдэд нь Улаанбаатар хотод суралцана гэсэн үг. Хотод хүүхдүүдээ сургахад эцэг, эхчүүдэд санхүүгийн хувьд хүндрэл гардаг. Манай сургуулийн нэг кредитийн төлбөр 70 мянган төгрөг байхад, хотын сургуулийнх 92 мянган төгрөг гээд 20 гаруй хувийн зөрүү гарч байгаа юм. “1+3” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд нэг жил гэртээ ойр, байр унааны зардалд мөнгө зарахгүй, түгжрэлд цаг алдахгүйгээс гадна илүү суралцах таатай орчин бүрдэх болов уу гэж бодсон. Ерөнхийдөө оюутан болсон эхний жилдээ Эрдэнэт хотдоо байхаар тооцож гаргасан хөтөлбөр л дөө.Багш, ажилчдаа урамшуулж, тун саяхан 2020-2021 хичээлийн шинэ жилд шилдэг элсэгч, амжилт гаргасан багш, оюутнуудад 31 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Төгсөгчдийн холбоо, Капитрон банк, Монгол 21 сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгүүдээр дэмжлэг хөнгөлөлт үзүүллээ.
-Үйлдвэрийн нэг цехийн хувьд Эрдэнэт үйлдвэртэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна?
-Бид сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээг уялдуулахад нэлээдгүй анхаарч байна. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2020 оныг шинжлэх ухаанд суурилсан, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил болгох зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, шинжлэх ухааны академитай хамтран үйлдвэрт нэвтрүүлэх хөтөлбөр боловсрууллаа. Үйлдвэрийн нэг цех гэдэг утгаараа үйлдвэр дээр дадлага хийж, онол практикийг хослуулдаг нь оюутнуудад маань давуу тал болж байгаа юм. Үйлдвэрлэлийн арвин туршлагатай багш нар гэрээтээр хичээл заах боломжтой байдаг. Сургуулийн гадаад харилцааны хүрээг тэлж, Аляскийн их сургуулийн салбарт яг тэндэхийн төлбөрийг төлж суралцах эрхтэй болсон. АНУ-д дотоод гадаадын оюутны төлөх төлбөр өөр, 3-4 дахин их байдаг. Харин манай сургуулиар дамжин суралцвал, үндсэн төлбөрийг нь л төлөх юм.
-Сургалтын хөтөлбөрөө нэмэхийн хэрээр сургалтын чанартаа анхаарч байна уу?
-Яг тийм. Бид цаашид сургалтын чанартаа илүү анхаарахаар төлөвлөж байна. Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001 гэсэн стандарт байдаг.Энэ стандартыг монгол улсад хоёр сургууль л хэрэгжүүлдэг. Манайх орон нутагтаа ISO 21001 стандартыг нэвтрүүлсэн анхдагч болохоор зорилт тавьсан. Нөгөө талаар ахлах сургуулийн хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт шилжүүлэх бэлтгэл ажлыг жил гаруй хугацаанд хийлээ. “Эрдэнэт цогцолбор” гэж нэрлэж байгаа нь ахлах сургууль, МСҮТ, дээд боловсролыг бүгдийг нь багтаахыг хэлж байгаа юм. Энэ дунд техникийн боловсрол алдагдсан.Тэгэхээр алдагдсан техникийн боловсрол, политехник коллежийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгыг тавьж байна.
Ярилцсанд баярлалаа.