Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбаттай хотын ногоон байгууламжийн асуудлаар ярилцлаа.
-Манай аймаг ногоон байгууламж, байгаль орчны салбарт энэ жил хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
Нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Баян-Өндөр ууланд мод тарих, арчлах, хамгаалахад 200 сая төгрөг төсөвлөсөн. Сонсоход их мөнгө ч ажилд зарцуулаад ирэхэд чамлалттай байдаг. Гэтэл иргэд 200 сая төгрөгөөр мод тарьчихлаа гээд шуугиад байдаг. Герман улс ногоон байгууламж, байгаль орчиндоо их мөнгө төсөвлөдөг юм билээ. Иймд манай улс юуны өмнө энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ сайн бэлтгэж тэднийг олон улс руу явуулж мэргэшүүлэх хэрэгтэй юм.
-Аймгийн удирдлагууд энэ жил ХБНГУ-руу айлчилж олон асуудлыг шийдвэрлэсний дунд ногоон байгууламжийн асуудал багтсан гэсэн?Тус улстай ямар тохиролцоонд хүрсэн бэ?
Аймгийн ногоон байгууламж болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр ХБНГУ-ын “Геотек” компанитай хамтран ажиллахаар болсон. Үүний хүрээнд 300 мянган еврогийн гэрээ байгуулсан. Энэ мөнгөний 200 мянгыг Герман, 100 мянгыг “Эрдэнэт үйлдвэр”, үлдсэн 50 мянган еврог аймгийн ЗДТГ гаргана. Үүнээс гадна Герман улсын Хөгжлийн банк манай улсад 11 сая еврогийн тусламж үзүүлэх тухай яригдаж байгаа. Үүнийг аймагтаа татах боломж бий эсэхийг судалж байна.
- Энэ онд манай аймаг “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨҮГ-ыг байгуулсан. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах хамгаалах ажлыг хийх энэ байгууллагын санхүүжилт хангалтгүй байгаа талаар удирдлагууд нь мэдээлсэн. Ирэх онд тус байгууллагын үйл ажиллагааны зардлыг нэмэх үү?
Нэгдүгээр сард “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨҮГ-ыг 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үйл ажиллагааны зардалд нь 140 сая төгрөгийн төсөв батлагдсаны 111 сая төгрөг нь цалин хөлсөнд зарцуулагдсан. Нэгдүгээр сард байгуулсан гэдэг нь төсөв батлагдчихсан байсан үе л дээ. Харин ирэх онд дээрх төсөв нэмэгдэнэ.
-“Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨҮГ байгуулагдсанаар манай хотын ногоон байгууламжид ямар ахиц гарсан бэ?
Манай хотын төвийн 10.2 га талбай зүлэгжсэн. Үүнээс тогтмол арчилгаа хийж байгаа нь 3.2 га. Энэ 3.2 га-ийн 60 хувь нь шаардлага хангасан гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ онд зүлэгжсэн талбайн хэмжээг нэмэх зорилгоор “Цэцэрлэгжүүлэлт-Ногоон байгууламж” ОНӨҮГ-аас Канад улсын “Максим-2” болон Чех улсын зүлэгжүүлэлтийн технологийг нутагшуулах эхний алхмыг хийлээ. Мөн төв зам дагуу 8000 орчим цэцгийн мандал бий болгох зорилгоор зураг төсөв боловсруулсан. Түүнээс гадна одоо байгаа ногоон байгууламжийн арчлалт, хамгаалал урьд жилүүдээс хэд дахин сайжирсан шүү дээ.
-Ногоон байгууламжийг хот төлөвлөлттэй уялдуулж хийх ёстой байх. Манай аймаг “Хот төлөвлөлт”-тэйгээ уялдсан ногоон байгууламжийн зураглал гаргаж чадсан уу?
Энэ бол мэдээжийн асуудал л даа. Жишээ нь, 2016 онд багтаж Орхон аймаг нисэх онгоцны буудал барих гэж байна. Хотоос зайдуу ч гэлээ тухайн буудлыг барихдаа “Хот төлөвлөлт”-тэй уялдуулна. Тэр буудлын хэдэн хувьд нь ногоон байгууламж байх вэ? Буудлаас хотын төв хүртэлх зам дагуу хэдий хэмжээний ногоон байгууламж байх вэ? гээд нэг бүрчлэн төлөвлөнө. Яг энэнтэй ижил хотод шинээр нэг барилга барих болгонд дээрх төлөвлөлтийг нарийн хийдэг.
Ярилцсан Ч.ЭНХЧУЛУУН